Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.УРАНЧИМЭГ: ХАРААНЫ ГАЖГИЙН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ЭМЧЛЭГДДЭГ

Хүн амын дунд нүдний хараа муудах өвчин газар авч залуужсаар байна. Гэвч нөлөөлдөг шалтгааны талаархи судалгаа ховор. Тэгвэл ЭМШУИС-ийнхан юунаас болж иргэдийн хараа муудаж сохроход хүрч  буйг  орон заяар түүвэрчлэн судлах болжээ. Дашрамд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1990-ээд оны сүүлээр дэлхий нийтэд нүд сохрох өвчлөлийг бууруулахгүй бол 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдэх магадлалтай гэж сануулсан байдаг. Иймээс “VISION 2020” гэсэн уриалга гаргаж үүнд манай улсын Засгийн газар 2003 оноос нэгдсэн. Дэлхийд ойролцоогоор 284 сая хүний хараа алдагдалтай байдгаас 30 сая нь сохор, 246 нь сул хараатай гэнэ. Эдгээр хүний ойролцоогоор 90 хувь нь хөгжил буурай орнуудад амьдардаг бөгөөд болор цайх өвчин буюу катаракт үүний 48 хувийг эзэлдэг байна. Энэ талаар ЭМШУИС-ийн Нүд судлалын тэнхмийн эрхлэгч Д.Уранчимэгтэй ярилцлаа.
 
-Манай улсад өмнө нь харааны согогын талаар судалгаа хийж байсан уу?
-1991-1992 онд “Сохролын тархалтын судалгаа” нэртэй шинжлэх ухааны үндэслэлтэй, статистикийн ач холбогдолтой судалгаа анх удаа хийсэн байдаг. Харин энэ удаагийн судалгааг эхлэхийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Голландын эрдэмтэн арваннэгдүгээр сард ирж, сургалт зохион байгуулсан. Энэ дагуу бид судалгааны ажлаа стандартчилсан.

-Судалгаа хийлээ гэдэг. Гэвч үр дүн нь ажил болох нь дутмаг юм шиг санагддаг?
-Хамгийн анхны судалгаагаар манай улсын хүн амын дотор сохролын хэмжээ 0.5 хувь, 40-өөс дээш насныхны хувьд 1.4 хувьтай гарсан. Энэ хэмжээнээсээ буурсан уу гэдгийг одоо явуулах судалгаагаа тодорхой болгоно. Сохролын судалгаа ямар ач холбогдолтой вэ гэхээр цаашид хийх үйл ажиллагааны чиг баримжаагаа тодорхойлно. Өөрөөр хэлбэл, тухайн орны нийгэм, эдийн засгийн байдалтай их холбоотой. Энэ удаагийн судалгаа 50-иас дээш насны сонгогдсон хүмүүсийн дунд л хийгдэнэ. 21 аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт хийнэ гэсэн үг.

-Зайлсхийж болох сохрол гэж юуг хэлээд байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Зайлсхийж болно гэдэг нь эмчилж, урьдчилан сэргийлж болно гэсэн үг. Тухайлбал, 80 настай эмээ хагалгаа хийлгээгүйгээс сохроод гэртээ байдаг гэж бодъё. Гэтэл тэр эмээг гуравдугаар шатлалын эмнэлгийн хагалгаанд оруулахад хараа орж болно. Энэ бол эмчлэгдэж болох сохрол. Нүдний даралт ихсэх өвчинтэй хүн  лазер эмчилгээ хийлгэ мөн урьдчилан сэргийлж болно. Үүнийг л бид зайлсхийж болох сохрол гэж хэлээд байгаа юм.

-Энэ өвчний  шалтгаан нь юу юм вэ. Манай орны хувьд нүдний ямар өвчин зонхилж байгаа вэ?
-Манайд нүдний болор цайх, нүдний даралт ихсэх элбэг. Энэ бол нүдний харааны мэдрэлийн өвчин юм. Өвчний гол үүсэх шалтгаан насжилт. Дэлхийн улс орнуудад хийсэн судалгаагаар 50-иас дээш насны хүн амын дунд өндөр төвшинд байх жишээтэй. Тиймээс энэ насныхныг судалгаанд хамруулж байгаа. Тэрнээс халдварт өвчнөөс үүссэн хараа алдалттай хүмүүсийн тоо сүүлийн 20 жилд буурсан. Гэвч чихрийн шижингээс хамааралтай шар толбоны дегенерац өвчнүүдийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ өвчний 80 гаруй хувь нь зайлсхийж болох сохрол бөгөөд эмчилж, урьдчилан сэргийлж болдог.

-Сүүлийн үед хөгшид гэлтгүй хүүхэд залуусын хараа их муудаж байгаа нь санаа зовоож байна л даа. Энэ талаар танайхаас судалгаа хийсэн үү?
-1999-2000 онд манай Хулан багш судалгаа хийсэн. Энэ судалгаагаар харааны хугарлын гажиг буюу нүдний шил зүүх шаардлагатай эмгэг ихэссэн гэсэн дүнтэй гарсан. Энэ нь, компютер, зурагт их үзсэн зэргээс шалтгаалж байна гэдгийг тогтоосон.

-Ер нь, нүдний хараа муудах гол шалтгаан юу вэ?
-Нүдний доод хэсэгт шаргал тусгалд эс байдаг юм. Түүн дээр олон эсийн бөөгнөрөл болдог. Гэрлийн хугарлыг хүлээж авахгүй байвал мохос хараа болдог. Хараа муудах гол шалтгаан нь ойр зайнд хэт ачаалалтай ажилласнаас шалтгаалдаг. Өнөөдөр хүүхэд залуучууд спортоор хичээлэх нь бага болсон нь нөлөөлдөг.

-Сүүлийн үед бүсгүйчүүд хараа тэглэх мэс заслыг хийлгэх болсон. Энэ ямар нэгэн сөрөг талтай юу?
-Хараа тэглэх хагалгааг 2005 оноос хойш “Болор мэлмий” эмнэлэгт хийж байна. Энэ бол орчин үеийн өндөр технологи ашиглан хийж буй хагалгаа. Нүдний эвэрлэг бүрхүүл буюу нүдний хамгийн өнгөн хэсэг дээр лазераар засалт хийдэг юм.

-Та хараагаа хамгаалах хамгийн сайн аргыг хэлээд өгөөч?
-Залуучуудын хувьд спортоор хичээллэх тэр дундаа бөмбөгтэй харьцаж байх хэрэгтэй. Тухайлбал, ширээний, газрын теннис, хөл бөмбөгөөр хичээллэх хэрэгтэй. Эдгээр спорт нүдэнд эм болж өгдөг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан