Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.ТӨГСБАЯР: ГАЛ ТҮЙМРЭЭС ТАВАН ХҮНИЙ АМЬ АВАРСАН МИНЬ ЭНЭ НАСНЫ БУЯН

Галын аюулаас таван хүний амь нас аварсан нэгэн ач гавьяатай хүний тухай сонслоо. Эрхэлсэн ажилдаа тууштай зүтгэж явсан энгийн нэгэн вагон үзэгч залуу иргэний зориг гаргаж, улалзах гал дундуур амь өрсөн орсон гэнэ. Түүний гавьяат үйлс төмөр зам дагаж өртөөлөн явсаар бидний чихэнд хүрэв. Энэ сайхан үйлсийн эзэн Г.Төгсбаяртай уулзахаар Дорноговь аймаг руу хүлгийн жолоо заллаа.
 

Мэргэжлийн онцлог нөлөөлсөн нь

Дорноговь аймгийн Өргөн сум. 2013 оны нэгдүгээр сарын 15-ны үүрийн 04:00 цаг. Зам ангийн дөрөвдүгээр хэсгийн вагон шалгагч Г.Төгсбаяр жирийн өдрүүдийн л адил ажлаа дуусгалаа. Өртөөний баруун захад 10 вагоны дугуйг тогшиж, “эрүүл мэндийг” нь шалгачихаад замын зэргэлдээх гэртээ орохоор алхаж явав. Гэтэл өртөөний нөгөө захад эгнэн байрласан олон байшингийн харалдаа дээвэр дээгүүр гал улалзах нь тэр. Өндөрхөн газраас харвал ажилчдын байрны нэг нь шатаж байв. Өртөөний жижүүрт утсаар мэдэгдэж, богино холбооны станцаа шүүрээд шатаж буй байшин руу хар хурдаараа гүйжээ.

Төмөр зам дагасан өртөө болгонд ажилчдын байр нэгэн хэв загвартай байдгийг мэдэх хүн цөөнгүй. Байшин дөрвөн буландаа нэг, нэг айлын зохион байгуулалттай. Галд өртсөн байшин яг л тийм, хуучны байгууламж байсан тул Г.Төгсбаяр дөрвөн хаалгыг нь ээлжлэн нүдээд эхний удаа бүтэн тойрчээ. Яарч, сандран, амьсгаа нь давхацсан тул учрыг ч олох завдалгүй байшин доторхи хүмүүсийг сэрээх нь хамгийн чухал гэж бодсон байлаа. Байшингийн нүүрэн талын хоёр байранд л айл байдаг болохоор арын хоёр нь төмөр замчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, зочин хүлээн авах буудал ажилладаг учраас хүнгүй байсан аж.
Ямар ч байсан эхлээд хоёр айлын хүмүүсийг сэрээхээр замчин Ч.Өлзийбаярын хаалгыг нүджээ. Хаалгаа онгойлгохгүй болохоор нь угаартсан болов уу хэмээн цонхыг нь эвдэж орохоор шийдсэн байна. Аз болж цонх хагалж, утаан дундуур агаар оруулахаас өмнө гэрийн эзэгтэй Ч.Өлзийбаяр сэрсэн гэнэ. “Гал гарч байна, хурдан гараарай” гэж хэлчихээд нөгөө айлынхныг гаргахаар Г.Төгсбаяр гүйжээ. Түймэр энэ айлын үүдний пингээс эхлэлтэй байжээ. Түгжээтэй хаалгыг эвдэж чадахгүй аргаа барж байтал галч эмэгтэй ирж, үүдийг нь нээсэн байна. Энэ айл замчин О.Баасантаяагийнх. Г.Төгсбаяр дотогш ороход гал нэлээд газар авч, тааз, дээврийн банз нь шалан дээр унасан байжээ. О.Баасантаяа гайхаж, балмагдаад учрыг олохгүй хувцасгүй гарч ирэхдээ нүцгэн хөлөөрөө цог гишгэж сэхээ авчээ. Г.Төгсбаярт аймгийн гал сөнөөх албанаас зааварчилгаа өгч “Хүмүүсээ гаргасан бол хаалга, цонхыг онгойлгохгүй битүү байлга” гэсэн аж. Учир нь, галд автсан байшин хүний дээрээс нурах эрсдэлтэй байжээ.
Харанхуй шөнө, эгнэн байрласан олон байшингаар халхлагдсан галыг олж харсан нь Г.Төгсбаярын ажлын онцлогтой холбоотой гэж тайлбарлаж байсан юм. Сайншандын Техник үзлэгийн газрын даргаар ажиллаж байгаад няравын ажил эрхэлж буй Х.Баянмөнх “Г.Төгсбаяр ажлаа чанд гүйцэтгэдэг, хариуцлагатай. Тийм хүн л галыг олж харахаар байсан. Хэрэв шөнө дунд нойрмоглоод эсвэл ядраад толгой гудайгаад явж байсан бол мэдэлгүй өнгөрч болох байлаа” гэж ажилтнаараа бахархаж байв. Харин баатар маань өөрөө “Таван мэдрэхүй шаарддаг вагон үзэгч гэдэг мэргэжлийн минь онцлог түймрийг олж харахад нөлөөлсөн” гэж тайлбарласан юм. Ажигч, анзааргатай байснаар галаас хүний амь аварсан. 55 см урт иштэй, 250 грамм жижиг алхаар вагоны дугуйг тогшихын төдийд “эрүүл мэндийн” онош тогтоох нь вагон үзэгчийн гол ажил. Олон зуун зорчигч, хэдэн зуун тонн ачаа тээшийг аюулгүй тээвэрлэх  нь вагон үзэгч Г.Төгсбаяртай холбоотой. Тэр хэмжээгээрээ өндөр хариуцлага үүрдэг байна.
 
Энэ бүхэн хувь тавилан, аз байлаа

Шатаж буй байшинг харж, хүний амь аварсан Г.Төгсбаяр хэн хүн бүрийн чадахгүй хүний амь аварсан гавьяагаа “Энэ насны минь буян” хэмээн даруухан тодорхойлж сууна. Түүний хувьд энэ нь хувь тавилан байсан ч гэж болох юм. Ер нь, төмөр замтай амьдралаа холбосон нь хүртэл аз, хувь тавилан байсан гэхэд хилсдэхгүй. Дизайны мэргэжилтэй тэрээр 2005 онд анх Дорноговь аймгийн төв Сайншанд хотод төмөр замд ажилд орохоор ирэхэд олон хүний дундаас шалгаж авч байжээ. Урьд нь, хүмүүсийг шалгаруулах бус бичиг баримтыг нь үндэслэн ажилд авдаг байсан бол Г.Төгсбаяр олон шалгуур давж энэ ажилд тэнцсэн. Удалгүй Төмөр замын дээд сургуулиас ажиллаж байгаа хүмүүст мэргэшил олгох гурван сарын курс ганцхан удаа зохиож буйг дуулгажээ. Г.Төгсбаяр энэ курст суралцаж вагон үзэгчийн мэдлэг, ур чадвар эзэмшив. Түүнээс хойш 1.5 жилийн сургалтаар мэдлэгээ улам бататгаж, албан ёсоор мэргэжлийн үнэмлэхтэй ажилтан болжээ.
Энэ үед Г.Төгсбаяр зэрэгцээд дээд сургууль төгссөн шинэхэн инженер ажиллах хүсэлтээ барьсаар очсон байна. Хэрэв инженер ажилд орвол Г.Төгсбаяр хүлээх шаардлагатай. Гэсэн ч дарга нь түүний өсч дэвжиж байгааг хараад инженерийг ажилд авалгүй хүлээлгэж, Г.Төгсбаярт ажлын байр гаргаж өгсөн нь мөн л аз юм болов уу. Ингээд тэрээр эхнэр, хоёр хүүхэдтэй болж, Өргөн сумын өртөөнд ажиллаж байхдаа идэвх зүтгэлээ үнэлүүлж хоёр өрөө шинэхэн орон сууцаар шагнуулжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шинэ байрандаа нүүж орсон бол хуучин байранд нь гал түймэрт байшингаа алдсан Ч.Өлзийбаярынх амьдрах болжээ. Хувь тавилангаар энэ гэр бүлд Г.Төгсбаяр дахин, дахин буян болсон хэрэг. Галыг анзааран харж, зохион байгуулалт, хариуцлагатай хандаж хүний амь аварсан нь ч түүнд л зориулагдсан амьдралын зурлага гэлтэй. Энэ зуур олон төрлийн “Хэрэв тэгээгүй бол...” гэх асуулт тодорч болох ч тэр бүхнийг хувь тавилан гэх ганцхан үг бүрэн үгүйсгэж, өнөөдрийн гавьяаг нь улам тодотгоно.
Нийтлэлийн гол дүр, хүний амь аварсан баатар маань өглөө болтол галыг унтраахаар ажилласан байна. Мэргэжлийн хүн байшинг нээж болохгүй гэж хэлсэн ч хэт их гал хавь ойрдоо халдчих гээд байжээ. Төмөр замчдын барьж байсан гараашны хана уугиж эхэлсэн тул ус цацаад арга ядахдаа нурааж орхисон байна. Шатаж байсан байншингаас холгүйхэн орхисон машиныг хүмүүстэй хүч хавсран холдуулах гэж бараг л өргөсөн гэнэ. Учир нь, гар тоормоз татаад хөдөлгөөнгүй орхисон машин өнхөрч өгөхгүй байжээ. Үүнээс гадна байшингаас 6-7 метр зайд байсан О.Баасантаяагийн зуны амбаар бараг л шатжээ. Тэнд байсан 30 тонн даацтай усны цистернээс хувингаар зөөж хана руу нь цацаагүйсэн бол тэр амбаар ч гэсэн үнс болох байв. Одоо амбаарын нэг хана нь битүү цогшсон ул мөртэй, шатаж дууссан шүдэнз шиг л хөөтэй хар юм болжээ.
Энэ хооронд 60 км-ийн зайтай газраас аймгийн гал унтраах албаны машин ирж явжээ. Төмөр зам доогуур гардаг нүхэн гармаар галын сөнөөгч машин багтахгүй учраас урдуур тойрсон нь багагүй хугацаа шаардсан байна. Гэсэн ч Г.Төгсбаяр тэргүүтэй хүмүүс гал унтраагчдыг ирэхэд дөрвөн том хүн, нэг хүүхдийн амь насыг аварсан байсан нь бахархууштай зүйл яахын аргагүй мөн.

НАСАН ТУРШДАА АЧИЙГ НЬ САНАЖ ЯВАХ ХҮН Г.ТӨГСБАЯР

-Сайн байна уу. Та бүгдийн бие зүгээр биз дээ? Тэр үед гэртээ хэн хэнтэйгээ байсан бэ?
Ч.Өлзийбаяр: -Би таван настай хүүхэд, нөхөртэйгөө амьдардаг. Бид гурвын бие сайн байгаа.
О.Баасантаяа: -Би эхнэртэйгээ амьдардаг. Миний бие зүгээр, хэд хоног эхнэрийн маань дотор муухайрч, толгой нь өвдсөн. Одоо гайгүй болчихсон.
-Тэр шөнө юу болсон юм бэ?
Ч.Ө: -Шөнө хүн хаалга, цонх нүдээд байхаар нь сэрсэн. Гэтэл “Гал гарч байна, хурдан гараарай” гэж хэллээ. Нөхрөө сэрээтэл намайг машинаа холдуул, би хүүхдээ аваад гаръя гэсэн юм. Тэгээд би машинаа холдуулчихаад эргээд хартал байшингийн дээвэр шатаж байсан. Хурдхан орж бичиг баримтаа авсан, манайхан ч бүгд орж ирээд нэг, нэг юм аваад гарсан. Тэрхэн зуур юу болоод байгааг ч ойлгох сөхөөгүй ямар ч байсан юмаа авах ёстой л гэж бодогдож байлаа.
О.Б: -Намайг сэрэхэд утаа үнэртээд байсан. Гэрэл асаах гэтэл цахилгаан тасарчихсан. Гаднаас хүн орж ирээд гал гараад байна гэхээр нь эхнэрээ сэрээгээд гаргасан. Тэгээд хөргөгч, зурагтаа авчихаад эргээд орох гэтэл хүмүүс хориод оруулаагүй.
-Гал юунаас болж гарсан юм бол?

О.Б: -Манай байшинд хоёр айл байдаг. Ард нь байдаг чөлөөт цаг өнгөрүүлэх төв, зочид буудлыг дулаан байлгахын тулд нам даралтын зуух тавьж, манай хоёрынхыг ч бас халаадаг байсан юм. Тэр зуухны янданг дээврээс 50 см дээш гаргах ёстой юм билээ. Гэтэл 15-20 см гаргачихсан байж. Тэрнээс оч хаяж гал гарсан гэсэн. Уг нь, нэлээд дээр л тавьсан зуух, өмнө нь ийм юм болж байгаагүй л дээ.
Та бүхэн даатгалтай байсан уу. Хохирлыг хэн хариуцаж байгаа бол?
О.Б: -Бидэнд даатгал байхгүй. Ийм юм болно гэж яаж мэдэх вэ дээ. Аймгаас мэргэжлийн хүмүүс ирж үзэж, шалгана л гэсэн. Хохирлыг ямар ч байсан бид хариуцахгүй байх. Ямар зориуд шүдэнз зураад гал гаргасан биш.
-Вагон үзэгч Г.Төгсбаяр энэ аюулаас та бүхний амийг аварсан. Мэдээж талархаж байгаа байх?
Ч.Ө: -Тэгэлгүй яах вэ. Туйлын их баярлаж байгаа. Манайх энд өнгөрсөн наймдугаар сард нүүж ирсэн. Эндхийн айл, нутгийн хүмүүсийг танихгүй. Нөхөр, хүүхдийн минь бас миний амийг аварсан Төгсбаяртаа маш их баярлаж байна. Одоо тусалж дэмжиж буй ажлын хамт олондоо бас баярлаж байгаагаа хэлье.
О.Б: -Би төмөр замд 28 дахь жилдээ ажиллаж байна. Амийг минь аварсан дүү Төгсбаяртаа маш их баярлаж байгаа шүү. Насан туршдаа ачийг нь мартахгүй, баярлаж явах болно.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Tugsbayrta ajliin amjilt eruul enh sn shan buhniig husen yrooe
Хамгийн их уншсан