Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хагас зууныг элээсэн төрөхийн барилгыг 10 тэрбумаар шинэчиллээ


Н.Түвшин

Нийслэл хотод нэгэн шинэ бүтээн байгуулалт дуусч өнөөдөр үүдээ нээлээ. 150 ортой орчин үеийн стандартад нийцсэн амаржих газрын барилга барих гэрээнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, “Бороо гоулд” компанийн гүйцэтгэх захирал Жон Казакофф нар гарын үсэг зурж байсан цаг тун саяхан. Хөрөнгө оруулалт нь сааталгүй, гүйцэтгэгч компани нь шаргуу ажилласаар орчин үеийн шийдэл бүхий нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авчээ.
1963 онд ашиглалтад орсон нийслэлийн ууган төрөх эмнэлэг нэгдүгээр амаржих газрын хуучин барилгын хэсэгт эхчүүд амаржих нь бүү хэл хүний аминд халтай болсон тухай дүгнэлт МХЕГ-ынхан гаргаж байсан юм. Шинээр эмнэлэг барих нь байтугай нураах ч төсөвгүйгээс 20 гаруй хувийн эмнэлэг түрээслэж байсан энэ эмнэлэг өнөөдөр дээлээ сольсон мэт болжээ.


Санхүүгийн бэрхшээлээс болж Монгол Улс төрөх эмнэлэг шинээр барьж чадахгүй удсан ч холбогдох албаныхан “Бороо гоулд” компанийн удирдлагад хандсанаар хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн юм. Өнөөдрийг хүртэл 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Сентерра гоулд” компани эл төсөлд зарцуулжээ. Орчин цагийн шаардлагад нийцсэн жишиг эмнэлгийг барихын тулд гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүд БНСУ-д очиж эмнэлгийн барилгатай танилцаж судалсан байдаг. Тиймээс орчин цагийн эмнэлгийн бүхий л стандарт шаардлагыг хангасан тухай яриа нээлтийн үеэр олонтой дурдагдсан. Тухайлбал, салхивчны болон хүчилтөрөгчийн систем, цахилгаан тасалдахад автоматаар гуравхан секундэд ажиллах дизель цахилгаан үүсгүүр гээд олон давуу тал энд бий. Өргөтгөл эмэгтэйчүүд, нярайн, эх барихын гэсэн гурван хэсгээс бүрдэх ажээ. Гурван хэсэг нь тус тусдаа хүлээн авах, хагалгааны болон эрчимт эмчилгээний тасагтай. Дөрвөн вакуумжсэн хагалгааны өрөө, орчин үеийн эмчилгээний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гээд эмч мэргэжилтнүүдээсээ бусдыг нь бүрдүүлж чаджээ. Одоо ажиллах хүчин л хэрэгтэй байна.

Салбарын яамнаас нь 200 хүний ажлын байр гаргахаар төсөв батлагдаад ирсэн аж. Тиймээс ерөнхий мэргэжлийн эмч, нярайн эмч, эмгэг судлагч эмч, эрүүл ахуйч эмч, лабораторын эмч, эмзүйч, нярайн сувилагч гээд хэрэгтэй боловсон хүчин нь бүрдчихвэл эхчүүд хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн байгаа юм. Мөн сантехникийн инженер, слесарь гээд туслах ажилчдын орон тоо ч энд байгаа гэнэ. Цалингийн хувьд улирал тутамд ажлаа дүгнээд байх механизм гарсан гэдгээ эмнэлгийн удирдлага тайлбарласан. Ийнхүү өнөөдөр ачааллаа дийлэхгүй байгаа төрөх эмнэлгүүдэд амьсгаа авах боломж олдлоо. 

Төрөхийн өргөтгөлийн нээлтийн ёслолд төслийг санхүүжүүлэгч “Сентерра гоулд”, “Бороо гоулд” компанийнхан болон барилгын ажлын гүйцэтгэгч “Цаст констракшн” ХХК-ийн удирдлага, УИХ-ын гишүүн, салбарын сайд С.Удвал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхаук, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар хүрэлцэн ирсэн юм. Ингээд тэдний сэтгэгдлийг сонсъё.


“Сентерра гоулд” компанийн Ерөнхий захирал Горден Гийд: Шинэ хүн эрүүл саруул төрөх нь хамгаас үнэтэй

“Сентерра гоулд” болон “Бороо гоулд” компани маань нийгмийн хариуцлагаараа тэргүүлж Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газрын өрөгтгөлийн барилгыг санхүүжүүлж, нийслэлийн дэд бүтцэд томоохон хөрөнгө оруулж байгаадаа баяртай байна. Энэхүү эмнэлгийн өргөтгөл нь Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын захиргаа, “Цаст констракшн” ХХК, “Сентерра гоулд” компанийн хамтын ажиллагааны илрэл болсон юм.  Аливаа улс оронд шинэ хүн нь эрүүл саруул төрөх нь хамгаас үнэт зүйл байдаг. Энэ шинэ эмнэлэг маань ирээдүйд олон монгол хүүхдийг аюулгүй эрүүл орчинд төрөх боломжийг бүрдүүлэхээс гадна анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд цөөнгүй ажлын байрыг бий болгож байгаа юм. Энд мэндэлсэн Монгол Улсын шинэ иргэд уул уурхай, түүнийг дагалдсан хөгжиж буй бусад салбарт ажиллана гэж би итгэж байна.
“Сентерра гоулд” болон “Бороо гоулд” компани өнгөрсөн 10 жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн. Бид цаашид аюулгүй ажиллагаа, байгаль орчин, ил тод байдал, тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлага зэрэг үзүүлэлтээрээ хариуцлагатай уул уурхайн тэргүүлэгч байр сууриа хадгалж, ажлын байр нэмэгдүүлж, Монгол Улсын амжиргааны төвшин дээшлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар байх болно.


Эрүүл мэндийн сайд Н.Удвал: “Эх үрсийн өргөө” гэж бас нэрлэмээр байна


Өнөөдөр бид түүхэн чухал үйл явдлын гэрч болж байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт болж байгаа маш том үйл явдал юм. Монгол Улсын ууган төрөх клиникийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөл 150 ортой шинэ барилгыг хүлээн авах ёслолын арга хэмжээнд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна. Монголын олон үрсийг төрүүлсэн энэ гавьяатай эрүүл мэндийн байгууллагад шинэ бүтээн байгуулалт хийсэн нь нүдээ олсон ажил юм. Шинэхэн эмнэлгээ “Эх үрсийн өргөө” гэж бас нэрлэмээр байна. Бүтээн байгуулалтыг хийхэд хөрөнгө оруулсан нийгмийн хариуцлагатай уул уурхайн компанийн хамт олондоо Эрүүл мэндийн сайдын болон яамны, цаашилбал Монголын мянга мянган эх үрсийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ нээлтийн урилгыг хүлээн авахдаа би Монголын эх үрс халуун гар, хайр халамжинд орж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Нийслэлийн эх, үрс маань баталгаатай, найдвартай, аюулгүй орчинд тусламж авах таатай боломж нээгдэж байна.


Э.Бат-Үүл: Монголд шинэ цагийн шинэ төрөхийн үүд хаалгыг нээж өгсөн та нарт баярлалаа

Нээлтийн ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд С.Удвал дурсгалын алтан түлхүүр гардаж авснаа хотын даргад шилжүүлэн өгсөн юм. Үүний дараа ноён Э.Бат-Үүл сэтгэгдлээ ийн хуваалцлаа.
Удвал сайд надад маш хариуцлагатай үүрэг ногдууллаа. Би одоо нийслэлийн эхчүүдийн төрөх аюулгүй байдлыг хариуцах боллоо. Удвал сайдын хэлдгээр өнөөдөр үнэхээр түүхэн үйл явдал болж байна. Би энэ ёслолд оролцох гэж наашаа яарч ирлээ. Уг нь нийслэлийн ИТХ гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг яг одоо ярьж байгаа. Харин би тэдэндээ түүхэн үйл явдал болох гэж байна гээд хэлээд түргэхэн гарсан.  Удвал сайд түүхэн үйл явдал гэдэг үгийг санамсаргүй сонгоогүй гэж бодож байна. Юу гэхээр, миний л мэдэж байгаагаар намайг төрснөөс хойш манай төрөх эмнэлгүүд ерөөсөө шинэчлэгдээгүй.  Миний төрсөн хоёрдугаар төрөх одоо хүртэл хуучнаараа байгаа. Гэтэл би 56 жилийн өмнө мэндэлжээ. Тэгэхээр энэ олон жил болсон амаржих газар одоо ямар байдалтай болсон бэ гэдэг нь ойлгомжтой. Анх “Сентарра гоулд” төрөх эмнэлэг барих гэж байна гэдгийг дуулаад “ёстой түүхэн бүтээн байгуулалт хийх гэж байна даа” гэж тэр үед бодож билээ. Яагаад гэвэл би тэр үед төрсөн төрөх эмнэлгийнхээ хажуугаар явах болгондоо л ердөө өөрчлөгдөхгүй юм аа гэж боддог байсан юм. Түүнээс гадна манай нийслэлийн ажилд онцгой хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Тиймээс “Сентерра гоулд” компанийн хамт олонд талархлаа илэрхийлье.
Намайг УИХ-ын гишүүн байхад манай тойрог дээр энэ компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг байсан. Би ноён Казакоффтой олон удаа уулзаж байсан. “Сентерра гоулд”-ын Монголд хөрөнгө оруулсан үйл ажиллагааг нь харахаар “Сентерра гоулд зовлон туулсан нь” гэдэг ном бичмээр санагддаг юм. Энэ компани амаргүй зам туулсныг би өөрийн нүдээр харж байсан хүн. Гэхдээ энэ компанийнхан Монголд, ялангуяа алт олборлох салбарт шинэ технологи нэвтрүүлсэн гэж боддог. Дээр нь манай уул уурхайн салбарын хөгжлийг дээшлүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан гэдгийг хэлмээр байна. Энэ компани манай хуулийг ягштал баримталж ажилладаг байсан. Хууль муу байгааг компанийн үйл ажиллагаа руу чихдэг байхад тэд их тэсвэр тэвчээртэй хүлээцтэй ханддаг байсан. Ингэж тэсвэр тэвчээртэй ажиллаж ирсэн энэ хамт олон ямар ч байсан өнөөдөр нийслэлийн эхчүүдэд орчин цагийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ийм эрүүл орчинг бэлэглэсэнд баярлаж байна. Та нарт нийслэлийн Засаг даргын болон нийт нийслэлийнхнийхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Монголд шинэ цагийн шинэ төрөхийн үүд хаалгыг нээж өгсөн та нарт баярлалаа. Энэ буянтай ажлыг манай нийслэлчүүд маш сайн санана аа. Монголчууд бид буян санахдаа харамгүй байдаг улс.


“Цаст констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Баярсайхан:  Шинэ эмнэлэг маань олон улсын стандартад нийцсэн

Өнөөдөр Монголын төрөх эмнэлэг олон улсын стандартад нийцсэн шинэ байртай болж байгаад баяртай байна. Энэ чухал ажлыг гүйцэтгэхэд хамтран ажилласан бүх хүмүүст талархлаа. Манай компани улсын онцгой объект нэгдүгээр амаржих газрын барилгыг барихаар тендерт шалгарахдаа өөрсдөө маш өндөр хариуцлага ирж байгааг ухамсарласан. Энэ барилгыг олон улсын стандартад нийцсэн эмнэлэг болгох, тэр дундаа ирээдүйд Монголыг авч явах үр хүүхдүүдийнхээ төлөө бүтээж байгаа болохоор маш их хариуцлагатай ажилласан. Хичээл зүтгэл маань биеллээ олж өнөөдөр хүлээлгэж өгч байгаа нь маш сайхан байна. Захиалагч, хөрөнгө оруулагч талууд ялангуяа үйлчлүүлэгч олон түмний сэтгэлд хүрсэн бүтээн байгуулалт болсон гэдэг л бидний хувьд маш чухал юм. Энэ шинэ эмнэлэг маань олон улсын стандартад нийцсэн салхивч, хүчилтөрөгчийн систем, вакум систем, мэс заслын тусгай тасаг, цахилгаан тасарсан үед гурван секундын дотор автоматаар залгагдан ажиллах автомат дизель цахилгаан үүсгүүр гээд олон давуу талуудтай. Мөн энэ хугацаанд манай хамт олон хөдөлмөр хамгааллын аливаа нэгэн осол зөрчилгүй ажилласан.
“Бороо гоулд” компанийн захирал Жон Казакофф: Гурван жилийн өмнө манай хүү энэ төрөхөд төрсөн
-Бид энэ төсөлд арав гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө зарцууллаа. Гэхдээ энэ нь барилгаас гадна эмнэлэг болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжүүдэд хөрөнгө оруулсан. Бид нийслэлийн захиргаа, архитекторууд, байцаагчид, дээр нь гүйцэтгэгч компани, тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудтайгаа нягт хамтарч ажилласны үр дүнд энэ төсөл амжилттай хэрэгжлээ.  “Бороо гоулд” компани маань нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байхыг эрмэлзэн ажилладаг. Эмнэлэгт хөрөнгө оруулдгийн учир гэвэл “шинэ хүн төрнө гэдэг бол хамгийн үнэтэй зүйл байдаг” гэдэг үгийг л санах хэрэгтэй. Тиймээс эрүүл аюулгүй цэвэр орчинд төрнө гэдэг маш чухал ач холбогдолтой хэмээн бид энэ ажлыг дэмжсэн. Яагаад гэвэл өнөөдөр төрж байгаа шинэ хүнээс бид бүгдийн ирээдүй хамаардаг шүү дээ. Гурван жилийн өмнө манай хүү энэ төрөхөд төрсөн юм. Шинэ төрөх баригдаж дууссан тухай сонсоод эхнэр маань ч ирж үзье гэж ярих болсон.

0 Сэтгэгдэл
Одоо зарим амч нарыг жоохон засчвал Монгол хөгжих юу байхав
Tseejee deldsen uls torchdoos Mongoliig gesen setgeltei gadaad ni deer baina daa.
энэ удвал новш ямар нүүрээрээ тууз хайчлаад байнаа. энд тэнд хүүхэд, эмэгтэйчүүд эмнэлгийн буруугаас болон хохирч байхад хаана байдаг билээ.
bayartai medee bna. ireedui onoodroos ehellee! boroo gold-n hamt olond bayarlalaa!
Хамгийн их уншсан