Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорих ангиуд руу нарийн мэргэжлийн эмч нарын багийг маргааш томилно

-Эрүүл мэндийн салбарыг муу гэж  хэтэрхий  дайрч давшлахаа болимоор байна-

Эрүүл мэндийн салбарыг уналтад орсон хэмээн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж байгаа талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Амаржаргал мэдээлэл хийлээ. Тэрээр эмнэлгүүдийг хэвийн, дарамтгүй ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Учир нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд н.Нямдаваа нарын 2002 оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан 313/316 дугаар тушаалын “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ын 6.1 дэхь хэсэгт заасан “Хүнд, онц гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно” гэсэн заалтыг энэ сарын 15-нд А/05.10 дугаар бүхий Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЭМ-ийн сайд Н.Удвал нарын хамтарсан тушаалаар хүчингүй болгосон. Үүнээс болон эрүүл мэндийн салбарыг шүүмжлэх тохиолдол нэмэгдэж байгаа юм. Мөн ажилдаа хайнга хандсан цөөн эмч нарын буруугаас эрүүл мэндийн салбарын нэр хүнд уначихаад байгаа нь үнэн.
Харин ЭМЯ-ны зүгээс дээрх заалтыг өөрчилснөөр ялтнуудын эрүүл байх эрхийг хүндэтгэсэн зөв шийдвэр болсон гэж үзэж байгаа аж. Мөн бүх клиникийн эмнэлгүүдийг хорих ангийн хэлбэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, ялтнаар дүүргэнэ гэсэн үг биш гэдгийг хэллээ.
Хорих ангиудад ял эдэлж байгаа 260 гаруй хүнд өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Шийдвэр гарах хүртэлх хугацаанд эхний ээлжинд зайлшгүй эмчлэх хүнд ялтай хоригдлуудад зориулсан өрөө тасалгааг бэлтгэсэн байгаа аж. Гэхдээ үүнийг улс төржүүлмээргүй байна гэдгийг захиж байв.
Мөн эрүүл мэндийн салбарыг муу хэлж, буруутгаж байгаа нь үнэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч ажилчдад хүндээр тусч байгааг тэрбээр дурьдсан юм. Эрүүл мэндийн салбар руу өдөр шөнөгүй дайраад байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэхэд нөлөөлж байна. Эрүүл мэндийн салбарыг муу байна гэж дайрч давшилмааргүй байна гэдгийг ч хэлсэн юм.
Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-Эрүүл мэндийн салбарт үүссэн хариуцлагагүй байдлыг сэтгүүлчид мэдээлсэн. Харин та улстөржөөд гэж хэллээ. Гэтэл хариуцлага алдсан эмч нараа өмгөөлж маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байдаг. Тухайлбал, кесерово хагалгаанд орсон эмэгтэйн гэдсэнд самбайгаа мартаад оёсон эмч “Байдаг л зүйл” гэж хэлсэн. Энэ тухай та юу ярих вэ?  
-Бид хариуцлага алдсан эмч эмнэлгийн ажилчдад хариуцлага тооцох үүргийг эмнэлгийн даргад  өгсөн. Ажлаас нь халах эсвэл Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар эмчлэх эрхийг нь 3-6 сар хүртэл түтгэлзүүлдэг.
-Өвчтэй 260 гаруй хоригдлын хэн нь эхний ээлжинд эмчлүүлэх юм бэ?

-ШШГЕГ-аас бидэнд нэрсийн жагсаалт гаргаж өгөх ёстой.  Хүнд хөнгөн байдлаар эрэмблэж нэр гаргана. Гэхдээ энэ шийдвэр МАХН-ын дарга  Н.Энхбаярын асуудалтай холбоогүй гэж бодож байна.
-Ажлын хариуцлага алдсан эмч нарт хариуцлага тооцдог. Гэвч хохирсон хүмүүст ямар тусламж үзүүлдэг юм бэ?  
-Хохирсон хүмүүс хуулийн байгууллагад хандсан тохиолдолд тухайн байгууллагын журмаар шийддэг.
-Гэдсэнд нь самбай мартаж оёсон эмчийн буруугаас бол сэтгэцэд өөрчлөлт орсон эмэгтэйг СЭМҮТ хүлээж авахаас татгалзсан?
-Нарийн мэргэжлийн үзлэг хийх шаардлагатай байгаа. Сэтгэцийн өвчтэй хүн биш учраас авахгүй байх магадлалтай. Тухайн эмэгтэй гэнэт цочрол авсан учраас  сэтгэцэд өөрчлөлт орсон байдаг. Түүнийг эмчлэхэд эрүүл болно. Өнөөдөр эрүүл мэндийн хариуцлагатай ажилтнууд гэрт нь очиж анхаарал тавьсан байгаа.
-Увс аймагт эмчийн хайнга байдлаас болж хоёр хүүхэд амь насаа алдсан. Энэ асуудалд ЭМЯ-наас ямар дүгнэлт гаргасан бэ?
-Яамны шугамаар үүрэг өгсөн байгаа. Харин иргэн шүүхэд хандсан учраас хуулийн байгууллагын дүрмээр явна.
-Хорих ангиуд руу нарийн мэргэжлийн хэчнээн эмчийг томилох вэ. Эмч нар хоригдлуудтай ажиллах сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа юу?
-Ер нь эмчийг дайсан ч нь хөнөөдөггүй. Тодорхой хэмжээгээр ялтнуудад эмнэлгийн туслалцаа үзүүлдэг. Нийт дотор, мэдрэл, арьс, сэтгэц, хоолой зэрэг 10 гаруй мэргэжлээр эмч нарын багийг томилно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан