Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2-11 ЖИЛ ТОГЛООМЫН ГАЗРААР ХОНОГЛОСОН ХҮҮХДҮҮД ХЭНИЙ ЗОЛИОС ВЭ

Интернэт тоглоомд донтсон хүүхдүүд гэрээсээ дайжих хэмжээнд хүрчээ. Бүр гэрээсээ гараад интернэт тоглоомын газраар 2-11 жилийн хугацааг өнгөрүүлчихсэн 131 хүүхэд бий гэсэн тоо байна. Эдгээр хүүхдийн 90 гаруй хувь нь бохь, үлгэрийн ном зэрэг янз бүрийн зүйл зардаг аж. Ийм хүүхдүүдтэй та, бид зөндөө л таардаг. Өрөвдсөндөө зарж яваа зүйлийн аль нэгийг нь авч байсан тохиолдол ч цөөнгүй байх.

Гэтэл хүүхдүүд олсон мөнгөө интернэт тоглоомын газарт хонож өнжин тоглоход зарцуулдаг байх юм. Сүүлийн үед хөдөө орон нутгийн хүүхдүүд гэрээсээ зугтан хотод ирж, “РС” тоглоомын газарт хоноглодог болсон талаар албаныхан хэлэв. Ерөнхий боловсролын сургуулийн анги бүрт интернэт тоглоомд донтсон 2-3 хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Бага насны хүүхдийг нас харгалзахгүй 24 цагийн турш тоглуулдаг, архи, согтууруулах ундаа уух бололцоог нь олгодог, тэр битгий хэл садар самуун цахим хуудсаар зочлох орчинг нь бүрдүүлж байгаа “РС” тоглоомын газрыг хаах эрх хууль хяналтын байгууллагад байдаггүй.

Зөвхөн цаг хэтрүүлэн ажилласных нь төлөө 20 мянган төгрөгөөр л торгох эрхтэй. Хаах ганцхан эрх мэдэлтэй байгууллага нь ОБЕГ. Гамшигтай холбоотой заалт, галын аюулгүй байдал зэргийг зөрчсөн байвал л хаадаг.

Хэдэн жилийн турш яригдсан интернэт тоглоомын газар одоо л нэг цэгцрэх нь. Жилийн өмнө шахуу хуучнаар ХЗДХЯ-ийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан ч сонгуулиар амьсгалсаар мартагдаж. Энэ удаад ХЗЯ-нд төрийн болон төрийн бус байгууллага, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн шаардлага шахалтаар интернэт тоглоомын газрын дүрэм журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг дахин байгуулагджээ. Ажлын хэсэг эхний хэлэлцүүлгээ өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд хууль хяналтын байгууллага, төрийн бус байгууллага, ЕБС, эцэг эхийн төлөөлөл, интернэт тоглоом ажиллуулдаг хүмүүсийн төлөөллийг хамруулан хийлээ. Үнэхээр харамсмаар бодит жишээ тоонууд дурдагдаж байсныг дээр цухас дурдлаа.
 

Багш нь сурагчдаа тоглоомын газраас “баривчилдаг”

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан, багш нь  энэхүү хэлэлцүүлэгт иржээ. Ё.Лхагвацэрэн багшийн хэлснээр тус сургуулийн эргэн тойронд гэхэд 10 гаруй интернэт тоглоомын газар байдаг гэнэ. Бүр сургуулиас нь 20 метрийн зайтай байрладаг аж. Сургуулийн 2900 сурагчийн 1600 нь 1-5 дугаар анги, үлдсэн нь дунд болон ахлах ангийнх юм байна. Интернэт тоглоомд донтсон 200 хүүхэд байгаа учраас сургуулийн зүгээс тодорхой арга хэмжээ авч эхэлжээ. Өглөө, өдрийн ээлжийн хичээлийн хоёрдугаар цаг бүрт сурагчдынхаа ирцийг нэгдсэн журмаар авдаг уламжлал тогтож. Ингээд тасалсан хүүхдүүдээ олж ирэхээр нийгмийн ажилтан, ангийн багш нь хамтдаа интернэт тоглоомын газраар явж “баривчилдаг” . Хүчээр авчирч байгаа хүүхэд хичээлдээ анхаарал нь төвлөрч юм сурах нь юу л бол. Сүүлдээ багш нар нь аргаа нарийсгаад ангийнхаа хөвгүүдийг тоглоом тоглох мөнгөө гаргаад ир гээд хурааж үзжээ. Мэдээж, овоо л хэмжээний мөнгө гарч таарна. “Бид хүүхдүүдийнхээ сурч боловсрох тал дээр анхаарах ёстой. Гэтэл интернэт тоглоомын газраар сурагчдаа хайгаад явах нь бидний хийх ёстой ажил биш шүү дээ. Ингээд ч дийлэхгүй байна. Ямар нэгэн шийд гарах болов уу гэж бодоод зорьж ирлээ. Манай сургуулийн эргэн тойрон интернэт тоглоомын газраас гадна хүнсний таван дэлгүүр байдаг. Манай сурагчдад архи битгий зараач, тамхи ширхгээр өгөхөө зогсоогооч гэсэн шаардлага, албан бичиг зөндөө явуулж үзсэн. Архи хэрэглэдэг, тамхи татдаг, тоглоомонд донтсон 200 хүүхэд байна. 2900 хүүхэд гэхээр хэдэн хувь бэ” хэмээн Ё.Лхагвацэрэн багш халаглангуй ярьсан юм. Хэрвээ 84 дүгээр сургуульд сурдаг хүүхэдтэй эцэг, эх байвал багш нарт нь баярлаж явахаас өөр яахав. Өнөөдөр сурагчдын төлөө ингэж анхаарал тавьж хөөцөлдөн яваа сургууль, багш хэд билээ дээ гэсэн бодол төрж байлаа.


Хүүхдийн төлөө газар шууд хаах санал гаргав

ХЗЯ-ны Бодлого хэрэгжилт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар “Интер­нэт тоглоомын газруудын дүрэм журамд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдсан даруйдаа шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнгээс хараад эрх зүйн зохицуулалт хийж өгье. Насанд хүрээгүй хүүхдүүд хонож өнжин тоглон садар самуун үзэхээр цахим хуудсанд зочлох бүх зүйл нь нээлттэй байна. Иймд эхлээд журмаа боловсруулъя. Гэхдээ хамгийн гол нь, шууд хаана, хязгаарлана гэхгүй. Хаана, хаанаа нь эрх ашиг нь хөндөгдөх учраас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулж санал бодлыг нь тусгая гэж зорьсон” гэв. Нийслэлийн цагдаагийн газраас интернэт тоглоомын газруудыг аттестатчлая, серверт нь хориг тавья гэсэн санал орууллаа. Ялангуяа, садар самуунтай холбоотой зүйл үзэх нь нээлттэй байгаа учраас серверт нь хязгаарлалт хийе гэдэг саналыг журамд оруулах хэрэгтэй гэж байлаа. Мөн 18-аас дээш насны хүүхдүүдийг интернэт тоглоомын газарт тоглох эрхтэй байх санал гаргав. Хүүхдийн төлөө газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг төлөөлж ирсэн мэргэжилтнүүд интернэт тоглоомын газар гамшгийн хэмжээнд хүрсэн учраас шууд хаах хэрэгтэй гэв. Мэдээлэл технологийн газрын дэд дарга З.Энхболд “Манай газрын зүгээс баримталж байгаа бодлого гэвэл интернэтийн хэрэглээг нэмэгдүүлэх. Дэлхийн ертөнцтэй холбож буй интернэтэд сайн, муу үр дагавар байгаа. Хамгийн гол нь, сайн, мууг нь ярилцаад зохицуулалт хийх шаардлагатай. Интернэт тоглоомын газар гэж байх нь зөв. Гэхдээ зөвхөн тоглоомд зориулсан биш хүн бүрт нээлттэй скайнер, принтер гээд шаардлагатай бүх зүйл байх ёстой. Зөвхөн мөнгө олох хэрэгсэл маягаар ажиллаж байгаа нь буруу” хэмээн ярив.
 

Тоглоомын газрын эзэд хүүхдүүдийг буруутгав

Интернэт тоглоомын газар ажиллуулдаг хүмүүсийн хувьд хүүхдүүд болон эцэг эхчүүдийг буруутгав. “Тоглоомын газар ажиллууллаа гэхэд компьютер, техник хэрэгсэл, байрны түрээс, цахилгаан, зөвшөөрөл энэ тэр гээд зарлага ихтэй. Гэтэл бид цагийн 400 төгрөгөөр хүүхдүүдийг тоглуулдаг. Үнэ хямдхан учраас тэгтлээ мөнгө олоод байдаггүй” хэмээн нэгэн эмэгтэй зовлон тоочиж гарлаа. “Төр бүх зүйлийг хүчээр шууд ингэж хааж, хянаж болохгүй. Захиргааны шүүх дээр давж заалдахад л бидний талд шийдвэр гарах боломжтой. Ингэж заргаа авдаг уламжлал зөндөө бий” хэмээн интернэт  тоглоомын газар ажиллуулдаг нэг залуу ихэд дургүйцэв. Сарын өмнөөс тоглоомын газар түрээслэж буй залуугийн хэлснээр хүүхдүүд гэр бүлийн асуудал таарамжгүй байна, хонуулчих гээд гуйгаад байдаг гэсэн юм. Ихэнх хүүхдийн хувьд эцэг эх нь салсан эсвэл өнчин өрөөсөн харж хандах хүнгүйгээс тоглоомын газарт хоноглодог. Харих газаргүй гээд гуйгаад байхад бид яахав дээ хэмээн өөрсдийгөө өмгөөллөө. Юутай ч хэлэлцүүлэг иймэрхүү дүр зураглалын дор өрнөв. Хамгийн гол нь, журмаа хурдан боловсруулж яаралтай арга хэмжээ авахгүй бол интернэт тоглоомд донтож буй хүүхдийн тоог хязгаарлах шаардлага тулгарчихсан гэдэг нь шууд харагдаж байлаа. Хэн, хэнийхээ эрх ашгийг хөндөхгүйн тулд журам батлагдтал санал хүсэлт нээлттэй гэснээр хэлэлцүүлэг өндөрлөв.2-11 жил тоглоомын газраар хоноглосон хүүхдүүд хэний золиос вэ гэдэг асуултанд хариулт олдсонгүй дээ.

0 Сэтгэгдэл
HONUULDAG GAZRUUDAA HAAGAACHEE GEMGUI BID MUU NERIIG NI UURCH BNA TSAGDAA NAR AVILGA AVAAD YU CH HIIHGUI BNA TSAGIIN HUVIARAA BARIMTALDAG GAZRUUD ZUNDUU BAIGAA YALGAJ SALGAH HEREGTEI HUUHDUUD UURSDUU HONUULDAG GAZRUUDAA ZAAGAAD UGNU DUU
oo yun haah we. Ednuus odoo hiih yum ni olddoggui yumuu haishaa yum. Ochnoon hiih yum tsaaguur chini bna. Ter baar saw, arhi tamhia l tsegtsel l dee. End tendgui sogtuu batsaanuud tamhi zuusan ohiduudaar duurchihsen bna sh dee. Haayaa nzuudtaigaa garch dota togloh saihan l baidiin. Yamar ch baisan har shono boltol arhi huuhen shuuhan erguulsen oliggui zaluuchuud bolsonoos oroi 7 8 hurtel tsuglaj toglood ehner huuhed deeree ochchihdog baisan ni deer sh dee
yu soliorood bgan be. haana barina ch gex shig ajil turultei 30 duhsun mani met hurtel arhi erguulj ywsnaas haya ochiod naizuudaaraa tsuglaj buudaltsxad saixan baidag ym. tegj l ix zoxitsuulmaar bgan bol zugeer Standart toxtoox heregtei ym bishuu. tegexgui bol Mongol kino uzeh PC togloxoos uur zoxistio gazar barag alga. nuguu Park deer ni naad huuhduud chini toglox gej uniig ni diilexgui gazar yaxawde. bux talaal bodoltsoj hiihgui neg hulduu malnuud
Хамгийн их уншсан