Эдийн засгийн байнгын хороо хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг багагүй маргаан дагууллаа. Энэ үеэр МИАТ-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар гишүүд нэлээд маргалдсан юм. Уг асуудлаар гишүүдийн сонирхсон асуултад мэдээлэл өгөх зорилгоор Зам тээврийн сайд А.Гансүх болон бусад холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Уг тогтоолын төсөлд ямар үйлчилгээг нь концессын гэрээгээр шийдэхээ тодорхой болгох хэрэгтэй байна. Зарим төрлийн гэж оруулсан нь бүгд гэж харагдахаар байна” гэхэд А.Гансүх “Уг нь, Засгийн газрын бус үйлчилгээний салбарыг хэлж байгаа юм. Гэхдээ үүнийг тодруулахад татгалзах зүйлгүй” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Сүүлийн үед МИАТ-тай холбоотой асуудал их яригдаж байна. Санхүүгийн нөхцөл байдал нь ч хүнд байгаа. “Чингис” бондоос орж ирэх мөнгөөр дөрвөн онгоц авах хүсэлт гаргасан байна билээ. Иймд МИАТ-ийн хувьчлалын асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэлгүй түр хугацаагаар хойшлуулах саналтай байна. Мөн манай бүлгийн гишүүд энэ асуудлаар бүлгийн хурлаараа хэлэлцэж байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байгаа” гэхэд гишүүдийн ихэнх нь дэмжсэнгүй. Засгийн газрын зүгээс МИАТ-ийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүднээс хувийн хэвшлийнхнийг оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Тус компанийг хувьчлах асуудал дээр гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.
Д.Ганбат: МИАТ энэ байдлаараа удаан явбал хэцүүдэх нь. Энэ компани нисгэгч, инженер гээд боловсон хүчин сайтай ч санхүүгийн хувьд нэлээд хүнд байгаа. Нислэгийн аюулгүй үйл ажиллагаа талаасаа Азидаа дээгүүрт ордог МИАТ-ийг хувьчлах ёстой үед нь хувьчлаагүйгээс өнөөдөр ийм нөхцөл байдал үүсчихлээ. Одоо л хувьчлахгүй бол оройтно.
С.Бямбацогт: МИАТ-ийг хувьчлах санал оруулж ирсэн гишүүдийн нэг нь би. Энэ асуудал олон жил яригдсан ч өнөө хэр нь дорвитой арга хэмжээ аваагүй. Тиймээс олон улсын авиа компаниудад өгөх байдлаар хувьчлах саналтай байгаа. Учир нь, МИАТ монголд алдагдалтай ажиллаж байна. Монголчууд АНУ, Европын орон руу явахын тулд Бээжин, Сөүлийн онгоцны буудлын сандал дээр унтаж хонодог. Бид эх орноосоо шууд тэр улсууд руу нисэхийн тулд ийм хувьчлал хийх хэрэгтэй. Ингэвэл МИАТ ч ашигтай ажиллаж эхэлнэ. Тиймээс МИАТ-ийн 51-ээс доошгүй хувийг төрд үлдээгээд бусдыг нь гадны менежмэнт оруулж ирмээр байгаа юм.
Ц.Даваасүрэн: Манайх далайд гарцгүй орон учраас муу, сайн ч иргэний агаарын тээврийн өөрсдийн компанитай байх хэрэгтэй. Хүний юм бол хүнийх л байдаг. Тиймээс МИАТ-ийн хувьчлалын асуудал дээр сайтар ярилцах ёстой. Дөрвөн онгоц нэмж авахаар болж байгааг дэмжиж байна. Яваандаа ачаа тээврийн онгоцоо нэмэх хэрэгтэй. Гадныханд хэрхэвч хувьчилж болохгүй. Харин дотоодынхоо менежмэнтээ сайжруулаад явах ёстой байх.
Г.Баярсайхан: МИАТ маш их хэмжээний мөнгө авдаг хэр нь ашигтай ажиллаж чаддаггүй. Үндэсний агаарын тээврийн статустай нь үлдээгээд хувьчлах нь дээр. Дөрвөн онгоцны асуудал яригдаж байна. Энэ онгоцнуудыг бондоос орж ирэх мөнгөнөөс худалдаж авах нь хэр оновчтой юм бол доо. МИАТ-т төрийн оролцоо байвал идэж уудаг байдал арилахгүй. Өнгөрсөн 10 жилд найман удаа захирал нь солигдсон. Тиймээс хувийн хэвшлийн оролцоог оруулж, цусыг нь сэлбэх шаардлагатай.
Ц.Оюунгэрэл: Манай улсын аюулгүй байдал, тээврийн манааны тэргүүн эгнээнд МИАТ явж байдаг. Тэдэнд төрөөс ямар ч дэмжлэг үзүүлж байгаагүй. МИАТ биеэ даагаад явах бүрэн бололцоотой байгууллага. Онгоц авах гээд ганц удаа төрөөс дэмжлэг хүссэнийг нь битгий сааруулаач. МИАТ-ийг хувьчилмааргүй байна.
Д.Ганхуяг: Төр МИАТ-ийн 51-ээс доошгүй хувийг авахыг дэмжиж байна. Зайлшгүй хувийн хэвшлийн оролцоо орох ёстой. Харин гадаадын компаниудад хувьчлахгүй байх хэрэгтэй.
А.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн салбараа манай улс дэмжих хэрэгтэй. Манайх шиг хүн ам цөөтэй хөгжиж буй орон агаарын тээврээ маш хурдтай бодлогоор дэмжих нь чухал. Тиймээс 51 хувь нь төрийн мэдэлд үлдээгээд бусдыг нь үндэсний компаниудад хувьчлах нь зөв байх.
Ингээд МИАТ-ийн хувьчлалын асуудлаар санал хураахад гишүүдийн олонхи нь хувьчлах нь зүйтэй гэж үзсэнээр УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.