Манай улсын иргэд БНСУ-ын эмч, эмнэлгийг сайн хэмээн шүтэж, тус орныг зорих болсон. Тэгвэл яавал манай эмнэлгийн салбар сайжрах, эмч мэргэжилтнүүд мэргэших талаар тус улсын “Халлим” эмнэлгийн гэмтлийн мэс заслын эмч доктор Санг Со Литэй ярилцлаа.
-Гадны хүний нүдээр харахад манай улс эмнэлгийн салбартаа ямар өөрчлөлт хийвэл сайжрах дүр зураг харагдаж байна вэ?
-Хамгийн түрүүнд, энэ салбарт ажиллах эмч мэргэжилтнүүдийг бэлтгэдэг боловсролын системийг өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл сайн боловсон хүчин бэлтгэгдэнэ. Үүнээс гадна бүх шатны эмнэлэг нь шаардлагатай тоног төхөөрөмж байхгүйгээс эмчилгээ хийж чадахгүй байна гэдэг. Тэр бол нэг номерын асуудал биш. Эмч нарыгаа сайн бэлтгэж, тэдэнд хүнийг эмчлэх, эдгэрүүлэх гэсэн сэтгэлийг суулгаж байж дэвшил гарна.
-Манай эрүүл мэндийн салбарт хэзээнээс ажиллаж байгаа вэ. Монгол эмч мэргэжилтнүүдийг өөрийн орондоо аваачиж дадлагажуулдаг гэсэн?
-2008 оны дөрөвдүгээр сард анх Монголд ирж хагалгаа хийж байсан. Түүнээс хойш танай эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Монгол эмч нарыг сургахаас гадна юу нь болохгүй, болж байна гэдгийг нь шийдэхээр хамтран ажиллаж байна. Одоо ЭМШУС-тай хамтран ажиллана. Монголоос анх үений эмгэгийн чиглэлээр манай улсад Отгонбаяр эмч суралцсан. Одоо Монголд нэг болон гэмтлийн эмнэлэгт энэ төрлийн мэс ажилбар хийж байна.
-Монголчууд гэмтлийн хагалгааг дэлхийн төвшинд хийдэг болохын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Дадлагагч эмч нар хоёр жил ажиллаад эмчлэх эрхээ авдаг. Энэ бол хэтэрхий бага хугацаа. Манайд бол дөрвөөс таван жил байдаг. Бусад оронд таван жил байх жишээтэй. Тиймээс боловсролын системийг нь сайжруулж өгөх хэрэгтэй.
-Солонгост суралцах эмч нарт ямар шалгуур тавьдаг вэ. Монгол эмнэлгээс өгсөн нэрийн дагуу л суралцуулдаг уу?
-Тодорхой шалгуур тавьдаг. Тухайлбал, хэлний мэдлэг, эмчлэх лиценз зэргийг нь харгалздаг. Монгол, Солонгос эмч нар ялгаатай байдаг. Монгол эмч нар эх орондоо эмчилгээ хийх лицензтэй ч боловсролын систем нь өөр учраас Солонгост эмчлэх эрхгүй. Хэрвээ боловсролын системдээ өөрчлөлт хийвэл монгол эмч Солонгост эмчилгээ хийх эрх нь бүрдэж болох юм.
-Монгол хүмүүс БНСУ-д очиж эмчилгээ хийлгэхэд өндөр өртөгтэй гэдэг?
-Манай эмнэлэг Сөүлээс зайтай учраас Сөүлийн эмнэлгүүдийг бодвол 30 хувь хямд байдаг. Онош нь тогтохгүй байгаа хүнд өвчтэй хүмүүс Халлим эмнэлэгт их очдог.