Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуулийн зөвлөгөө

-Ээлжийн амралтыг, амралтын нэмэгдэл өдрийг хэд хоногоор бодох вэ. Би нэг  байгууллагад ажиллаад жил болох гэж байна. Одоо ээлжийн амралтыг өгөхдөө урьд нь өөр байгууллагад ажил¬ласан гурван жилийг тооцож, нэмэгдэл амралт олгох уу?

-Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлд ээлжийн амралт, түүний хугацааг заасан. Үүнд: Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Харин 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа  ажлын 20 өдөр байхаар заасан байгаа. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дараахь байдлаар нэмэгдэл амралт олгоно.  Үүнд 6-аас 10 жилд ажлын гурван өдөр, 11-15 жилд ажлын таван өдөр, 16-20 жилд ажлын долоон өдөр, 21-25 жилд ажлын есөн өдөр, 26-31 жилд    ажлын 11 өдөр, 32 жил түүнээс дээш жилд ажлын 14 өдөр тус тус нэмэгдэл амралт олгоно. Мөн ээлжийн амралтын нэмэгдлийг тооцохдоо ажилтныг нэг байгуул¬лагад дагнан ажилласан хугацааг биш нийт ажилласан жилээр бодно. Гэхдээ таны хувьд дөрвөн жил ажилласан учир нэмэгдэл амралтын өдөр нэмэгдэхгүй юм байна.

-Татвараа хугацаанд нь төлөөгүй байгууллага хувь хүнд ямар хариуцлага ногдуулах вэ?

-Хэрвээ та бусдаас орлого авч байгаа иргэн бол Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлнө. Ингэхдээ аж ахуйн нэгж, байгууллага нь танд орлогоо шилжүүлэх бүртээ албан татварыг тооцон суутган авч энэ тухай орлого, татвар тодорхойлох хуудсанд тэмдэглэл хийж баталгаажуулна. Харин дээрх суутгалыг хийгээгүй болон төлөх ёстой бусад төрлийн татвараа төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол “Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай” хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад татвар төлөгч этгээдэд татварын байцаагч захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй. Ингэхдээ иргэнийг 10000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 5000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулна.

-Гэрлэлт цуцлахад ямар материал бүрдүүлэх вэ, хаанахын шүүхэд  хандах вэ?

-Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа буюу оршин байгаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргана.  Өөрөөр хэлбэл нөхрийнхөө, /эхнэрийнхээ/ харьяалагдаж байгаа газрын шүүхэд гэсэн үг. Нэхэмжлэлээ хоёр хувь бичих бөгөөд түүнд нэхэмжлэгч, хариуцагч нарын ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа хаяг тодорхой байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг баримттайгаар гаргаж хавсаргана.
Мөн нэхэмжлэлд хавсаргах материал болох гэрлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, бага насны хүүхэдтэй бол эсэн мэнд бойжиж байгаа  тухай өрхийн эмчийн тодорхойлолт, хорооны даргын ам бүл, хаягийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргана.   

-Би найзуудтайгаа хамтарч гадаад худалдааны чиглэлээр компани байгуулах гэсэн юм. Компанийг хаана бүртгүүлэх вэ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай юу?

-Тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Компани байгуулах тухай  та нар үүсгэн байгуулах хурлаа хийж шийдвэрлэснээс хойш ажлын 10 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр баримт бичгээ ҮТЕГ-ын дэргэдэх Улсын бүртгэлийн албанд өгнө. Компанийг бүртгүүлэхэд компанийн оноосон нэр, оршин байх газар зэргийг заасан эрх бүхий этгээдийн гарын үсэгтэй  бүртгүүлэх тухай өргөдөл байна. Өргөдөлд тухайн компанитай харилцах шуудангийн хаягийг заавал бичсэн байна, мөн компани байгуулах тухай үүсгэн байгуулах хурлын шийдвэр, компанийн дүрэм, бүртгэлийн хураамж төлсөн баримт, бүртгүүлэх өдөр байх ёстой. Өөрийн хөрөнгийн доод хэмжээг харуулсан эхлэлтийн баланс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт бичгийг бүрдүүлнэ.

-Хохирогчийн буруугаас болж машинд дайруулан амь насаа алдсан тохиолдолд мөнгө өгөхгүй байж болох уу. Энэ тохиолдолд 3000000 төгрөг төлөх ёстой гэж үнэн үү?

-Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хохирогчийн буруутай эсвэл хууль бус үйлдлээс гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлэн үзэх нөхцөл болдог. Гэхдээ та хохирогчийн оршуулгын болон гэмт хэргийн улмаас учруулсан бусад хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн бол мөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл болно. Харин 3000000 төгрөгийг төлөх ёстой гэх ямар нэг үнэлгээ, тогтсон тариф байхгүй. Хохирогч 3000000 төгрөгийн хохирол учирсан гэдгээ баримтаар тогтоолгосон тохиолдолд буруутай этгээдээс нэхэмжлэн гаргуулж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан