Гадаа урин орж дулаарч эхэллээ. Харин үүнийг дагаад орчны бохирдол, хог хаягдал бидний “толгойн өвчин” болдог. Жил бүрийн өдийд хот хогноосоо салахад тэдэн төгрөг зарцууллаа гэдэг. Гэтэл бодит байдалд тэс өөр. Урь ороход өвөл асгасан угаадас, үнстэй холилдож орчны бохирдлыг үүсгэнэ. Амралтын өдрүүдэд нийслэлээс бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэлээ. Хүн бүр дор бүрнээ оролцов. Гэвч өнөө л улиг болсон байдлаараа гэр хорооллынхон гудамжиндаа хогоо овоолж, хогны машин ирэхийг хүлээнэ. Энэ жилийн хувьд хороо бүр нэг хогны машинтай болсон тул хурдан ирж авах биз хэмээн оршин суугчид ам сайтай байлаа. Гэтэл өнөө 100 гаруй сая төгрөгөөр авсан гэх хүнд даацын үнэтэй машин нь удаж, удаж ирээд хоёр тонн хүрэхгүй хог ачаад явав. Энэ бол өдөр бүр л харагддаг дүр зураг.
Нийслэлчүүд өдөрт 1100 тонн хог гаргадаг. Харин үүнийг төвийн зургаан дүүргийн “ТҮК”-ийнхан нэг ээлжиндээ 30-50 хүн, 152 хогны машинтайгаар цэвэрлэдэг. Хогны машины хүрэлцээ муу байна гэдэг асуудал байнга сөхөгддөг учраас энэ жилээс төсвийн хөрөнгө оруулалтаар 163 хогны машин авах эрхийг дүүргүүдэд өгсөн. Тэгэхээр дүүргүүд тендерээ зарлаад машинаа авч байгаа. Үүнээс гадна 250 жолооч мөн тооны ачигч, 300 гаруй шар хантаазтан гээд хог тээвэрлэх ажилд 800 гаруй ажилтан ажиллаж байна гэсэн үг.
Тэгвэл ийм тооны ажилчин албан хаагчид ажиллаад ч нийслэлээс гарч буй тонн гаруй хогийг цэвэрлэж чадахгүй байсаар. Хогны межементийг боловсронгуй болгох талаар хэлэлцэж буй өнөө үед хошуу нэммээр санагдлаа. Хэрэв хогийг худалдаж авдаг болбол хот хоггүй болох боломж бий гэдгийг иргэд хэлж байна. Наад захын жишээ нь, хуванцар сав хог болж хаа хамаагүй хөглөрч байсан үе саяхан.
Тэгвэл өнөөдөр хуванцар савыг худалдаж авдаг болсноор нүдний гэм болсон. Тиймээс асуудал дагуулах болсон хогноос ангижрахын тулд хогийн цэг дээр худалдаж авдаг болбол ч... Ингэхдээ нэг машин хог авчирвал тэдэн төгрөг гээд эсвэл килограммлаж, шуудайгаар нь худалдаж авч болно. Одоогоор хог тээврийн компаниуд хогийн цэг дээрээс нэг машин хог аваачихад 115 мянган төгрөг авдаг аж. Хог худалдаж авдаг болбол нүүрс тээвэрлэдэг олон портер зун ажилгүй боллоо гэлгүй эргэн тойрныхоо хогийг ачаад хогийн цэг дээр аваачиж, тушааж амьдралаа залгана. Одоогийн хогны машин дөрвөн тонн хог аваачаад 115 мянган төгрөг авдаг гэхээр нэг портер хогийг 60 мянгаар үнэлж болох юм. Харин энэ талаар портер машинаараа Налайхаас нүүрс авчирж зардаг жолооч н.Цэрэн “Портерын жолооч нар өвөл ажилгүй болчихдог. Нэг портер хог аваачиж өгөөд 60 мянган төгрөг авбал болж л байна.
Нэг ажлын байр бий болно гэсэн үг” хэмээн ярьсан юм. Хогны межементийг сайжруулж хотыг хоггүй болгохоор ярьж буй. Тэгвэл дээрх саналыг тусгаж болмоор санагдана.

-Танай компани хог тээвэрлэлтийн компани гэсэн. Хогоо хэдэн төгрөгөөр тооцож хаана өгдөг юм бэ?
-Би яавал хотоо хоггүй болгох талаар олон жил бодож явсан. Ингээд зарим хүнтэй нийлж хогны тээвэрлэлт хийдэг компани байгуулсан. Иргэдээс хогийг нь аваад Улаанчулуутын хогийн цэг дээр ачаачиж, мөнгөө тооцуулдаг. Нэг рейсийг нь 115 мянган төгрөгөөр бодож өгдөг. Сүхбаатар дүүргийн 9,10,11-ийг жишиг хороо болгож чадсан. Эхний удаад айлуудаас хог авахад асар их хог гарч байсан. Ойрд хогны машин ирээгүй гээд л хог гаргаж ирж өгөөд л. Хогоо цаг тухайд нь ачаад байхаар сүүлдээ бараг гарахаа байсан. Бид гүйцэтгэлээрээ санхүүждэг. Гэтэл дээрх хорооны хогийг тээвэрлэчихээд байхад мөнгөө авч чадахгүй л явна.
-Ер нь, танайх шиг ийм компани нийслэлд хэд байдаг юм бэ?
-Улсын нэртэй ТҮК машин, тоног төхөөрөмжтэй. Харин бид өөрсдийн хүчээрээ яваа. Энэ хоёрын ялгаа асар их. Сая наймдугаар сард 20 тэрбум төгрөгийг дүүрэгт бүрт хуваарилж, машин авсан. Ингэхээр Сүхбаатар дүүрэг 19 хороотой гэхээр 19 машин худалдан авч байгаа гэсэн үг.
Гэтэл тэр машинууд нь өвөл уул өөд гарч чаддаггүй. Улсаас өчнөөн тэрбум төгрөг зарцуулаад үр дүнд хүрээгүй гэдгийг хэлье. Тэгсэн хэрнээ үүргээ гүйцэтгэсэн хувийн хэвшлийн компанийг дэмжихгүй юм. Хогоо зөв зохистой ашиглавал эргээд бидэнд мөнгө болж орж ирнэ. Төр, хувийн хэвшлийг дэмжинэ гээд ярьдаг биз дээ. Түүнийгээ л хэрэгжүүлмээр байна.
-Хотыг хоггүй болгох талаар өөр танд ямар санал байна вэ?
-Хог ачна гэхээр иргэд хогоо энэ тэнд бөөгнүүлээд орхидог. Гэтэл хогны машин нь ирж ачдаггүй. Үүнийгээ дараа нь авна гэж ахин төсөв гаргаад, мөнгө идэж уудаг. Нэг ажлаа ахин дахин хийж, мөнгийг нь өсгөж аваад байна л даа. Хогны менежмент гэж байдаг бол бидний жишгээр явбал хот хоггүй болно.