Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баасандорж: 12 хүний амь аварсан гэж бодохоор сайхан л байдаг юм

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт нэгэн алтны уурхайн гүнд хууль бусаар алт олборлогч хүмүүс нэвтэрчээ.
Тус уурхайн эзэд болох хятадууд түр хугацаагаар уурхайг хааж явахдаа агааржуулалтын хоолойг нь хаагаад явчихаж. “Нинжа” нар үүнийг нь мэдэхгүй газрын гүнд мотор ажиллуулснаас угаартаж амь насаа алдах дөхсөн байна.
Азаар уурхайн хамгаалалтын ажилтан Д.Баасандорж гэдэг залуу тэдний амь насыг аварчээ. Ингээд бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс түүнтэй ярилцсан юм.


-Хууль бусаар алт олбор­лож байсан хүмүүсийн амь насыг аварсан талаараа ма­най уншигчдад ярьж өгөх­гүй юү. Заамарын ямар алт­ны уурхайд болсон хэрэг вэ?
-Би “Хангарьд” хамгаа­лал­тын албанд байх­даа өнгөр­сөн тавдугаар сард Заа­­­­­марын “Баржин” алтны уурхайд гэрээгээр ажилласан юм. “Цагаан шонхор” компа­нийн эзэмшилд байж байгаад хя­тадуудад зарагдсан алтны чулуун  үндсэн ордны уурхай юм билээ. Хятадууд түр хуга­цаагаар хаагаад явахдаа агаар­­жуулалтын хоолойг нь хаа­гаад хаалгыг нь хоёр дав­хар гөлмөн төмрөөр хаачихсан бай­­сан. Ерөнхийдөө нинжа нар нэвтрэх боломжгүй объект.

-Тэгвэл алт олборлогчид яаж орсон юм бэ. Уурхайн гүнд мотор ажиллуулж бай­гаад хордсон гэсэн шүү дээ?
-Хаалганы доод талд нь нүхэн гарц ухаад бэлдчихсэн юм билээ. Би тус алтны уурхайн хамгаалалтын албаны ээлжийн ахлагч байсан. Тэгээд долдугаар сарын 24-ний үүрээр дөрвөн цагийн үед уурхайгаа эргэсэн юм. Гэтэл уурхайн амны эргэн тойрон хөлийн мөр байгааг харсан. Гайхаад нүхэн гарц руу нь очоод чагнатал дотор нь мотор ажиллаж байгаа чимээ сонсогдсон.

-Эргүүлээр явахдаа ганцаараа байсан уу?
-Тийм ээ. Тэгээд орсон нүхээр нь шагайн хартал уурхайн гүн тэр чигээрээ утаа болсон байсан. Нийтдээ 400 метр гүн газрын 220 орчим  метр газарт нэг мотор, дахиад гүнд нь мөн мотор ажиллуулаад чичирхийлэлтэй өрмөөр шууд ухаж байсан юм билээ. Агааржуулалтын хоолойг хаасныг мэдэхгүйгээс мотор ажиллуулаад шууд угаартахгүй юу. Цагдаа, ОБЕГ дуудъя гэж бодсон ч хүн дуугарахгүй байхаар нь шууд л дотогшоо орохоос өөр арга байгаагүй. Аз болоход есөн хүн нь нэлээд наана ам руугаа дөхчихсөн байдалтай байсан. Дөрөв нь өөрийн гэсэн жаахан ухаантай бусад нь ухаангүй шахуу. Тэгээд чирэхийг нь чирээд, үүрч татсаар нүхэн гарцны аманд дөхүүлсэн. Шууд агаарт гаргаж болохгүй учраас ухаантай байгааг нь жаахан хэвтүүлээд. Ухаан алдчихсан байгаад нь хиймэл амьсгал хийх зэргээр туслахыг оролдсон.

-Уурхайн гүнд 13-уулаа байсан гэсэн. Үлдсэн дөр­вийг нь яаж гаргасан юм?
-Тэр дөрөв нь бүр гүнд байсан болохоор ганцаараа аврах боломж байгаагүй. Олон удаа уурхайн гүн рүү орчихсон болохоор би ч бас хэцүүхэн байдалтай байсан. Манай ажилчдын байрладаг байр уурхайгаас 1,5 км зайтай. Машинаа унаж очоод гурван ажилтнаа дуудаж сэрээгээд авчирсан. Тэгээд хамтдаа уурхайн гүнд байгаа дөрвөн залууг аварч, сумын төвөөс эмнэлгийн түргэн тусламж дуудсан даа.

-Өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайхран олон хүний амь аварсан боло­хоор танаар бахархаж  бай­на аа. “Шударга журам” ме­далиар шагнуулсан байх?
-Заамар сумын цагдаагийн газраас тодорхойлоод ИТХ-аар хэлэлцэн “Шударга журам” медалиар шагнахаар болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл аваагүй л байна.

-Яагаад?
-Оршин суугаа газар минь БЗД болохоор тэндээс авах ёстой юм шиг байна лээ. БЗД-ийн ИТХ-аар хэлэлцээд баталсан гэсэн. Тэгж байгаад авах байлгүй дээ.
Гэхдээ энэ шагналыг зөвхөн надад өгнө гэсэн. Надтай хамт хүний амь аварсан Энхзориг, Зоригтбаатар, Мөнхтүвшин гээд гурван залуу маань хоосон л хоцрох нь. Ядаж тэр гурвыг маань объектоо хамгаалсны төлөө хятадууд, хамгаалалтын албанаас ч ямар нэгэн урамшуулал өгөөгүйд харамсдаг. Уул нь, надтай адилхан хүний л амь нас аварсан хүмүүс шүү дээ.

-Амь насыг нь аварсан “нинжа” нартайгаа эргээд уулзсан уу. Та нарт насан туршдаа л өртэй болж буй учраас баярлаж явах байлгүй дээ?
-Эмнэлэгт хэвтээд хордлого нь тайлагдсаны дараа бид хэд дээр ирсэн. Нэг хонь, 60 литр айрагтай ирээд баярлалаа гэсэн. Даанч тэр үед цагдаа нар ирээд тэднийг баривчлаад явчихсан. Гэхдээ долоо хоног саатуулаад гаргасан юм билээ.  Харамсалтай зүйл нь, уурхайн гүнээс сүүлд аварсан дөрвөн хүний нэг нь бурхан болчихсон.

-Эмнэлгийн тусламж авч чадаагүй хэрэг үү?
-Биднийг аварснаас долоо хоногийн дараа хордлого нь тайлагдахгүй ухаан орохгүй байсаар өнгөрсөн гэсэн. Дөнгөж 17 настай хүүхэд байсан болохоор харамсалтай л санагдсан даа. Ер нь, тэд 13-30 насны залуус байсан. Өнөөдөр төр засаг олигтойхон шиг байсан бол энэ залуус ингэж амь насаараа дэнчин тавьж яваа ч уу. Үнэнийг хэлэхэд, хятадын компани бай­­сан болохоор миний л лав дургүй хүрч байлаа. Ард түмний баялаг гэчихээд өнөө­дөр ард иргэд нь ядуу учраас тэр гүнд амь насаа золиослон орж байна. Гэтэл хятадууд дуртай үедээ алтаа аваад, дургүйгээ хүрэхээр хаачихаад л явчихаж байгаа байхгүй юу.
Агааржуулалтын хоолойг нь хаасан байсныг бодохоор ту­хайн үед дургүй хүрсэн. 13 за­луу амь насаа алд­сан бол хэн хариуцлага хү­лээх бай­сан юм. Тийм бо­лохоор би тэрнээс хойш “нин­жа” нарыг буруушаадаггүй.  “Нинжа“ гэхээрээ хүн биш юм уу. Адилхан аав ээж, эхнэр үр хүүх­­­дийнхээ төлөө л яваа улс.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан