Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цасанд туулах чадвартай машин шаардлагатай байгааг орон нутгийнхан хэлж байна

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарласан газартаа  60-130 см-т  хүрч 18 аймгийн 91 суманд зудын аюул нүүрлэжээ. Өвөлжилттэй танилцахаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн,  Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ҮХАА-н дэд сайд Н.Туваан, ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн зарим сумын нөхцөл байдалтай танилцаж, малчидтай уулзсан байна. Өнөөдрийн байдлаар дээрх таван аймгийн зарим сумдад цас орсны улмаас нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, хүйтний эрч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 36-41хэм хүрч бэлчээр нягтарч хатуурсанаас мал бэлчих боломжгүй болж тэжээх шаардлагатай болжээ. Түүнчлэн зарим суманд намар эрт цас орж хайлан эргэж хөлдсөнөөс мөс болсноос малын хөл, туурай нь мултарч  гэмтэх, хэт хүйтний улмаас мал осгох, турж эцэх, хэвтэр бууц нь хөлдөх, цасанд дарагдах, зам даваа хаагдах ихээхэн хүндрэл гарсаар байгааг Шадар сайдад малчид хэлжээ.
Засгийн газрын хуралдаанаар улсын нөөцөд бүрдүүлсэн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр малчдад олгохоор 5.6 мянган тонн өвс, 11.9 мянган тонн тэжээлийг 50 хувиар  хямдруулан олгохоор шийдвэрлэсэн. Мөн орон нутгийн  малчид, иргэдэд эмнэлэгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг  хүргэх зорилгоор найман аймгийн сум дундын эмнэлэг, Онцгой байдлын газар хэлтэс, цагдаагийн газарт УАЗ-31-512 маркийн туулах чадвар сайтай 16 автомашиныг олгож, мөн хүн малын биобэлдмэл, тээврийн болон бусад арга хэмжээний зардалд шаардагдах аймаг тус бүрт 100-300 сая төгрөгийн нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс  гаргахаар шийдвэрлэж олгож байгаа хэдий ч  цаашид малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг шуурхай хүргэхэд шаардлагатай туулах чадвар сайтай авто машины хэрэгцээ их байгаа талаарх хүсэлтийг  очсон газар бүр тавьж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан