Баяр дөхөөд ирэхээр зах худалдааны төв орчмын замын ачаалал хэрээс хэтэрч олны бухимдлыг төрүүлдэг. Энэ байдлыг үүсгэхгүйн тулд замын хөдөлгөөнд хэд хэдэн зохицуулалт хийсэн талаар өчигдөр Замын цагдаагийн газар, нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал нар “Нарантуул” захад очиж мэдээлэл хийлээ. “Нарантуул” ОУХТ рүү нэг хаалгаар ордог. Энэ нь хөдөлгөөний ачааллыг улам нэмэгдүүлдэг учраас гарах хаалгын тоог нэмэхээр болжээ. Ингэснээр орж гарах урсгал жигдэрч хөдөлгөөний ачаалал буурна гэж үзсэн байна. Үүнээс гадна Нисэх, Яармаг, Баянхошуу, Толгойт, Их наран зэрэг нийслэлийн алслагдсан хорооллоо “Нарантуул” зах руу нийтдээ 52 буухиа автобус явуулж эхэлж байна. Ингэснээр иргэд автомашинаараа заавал түгжирч зах руу очилгүй нийтийн тээврээр чирэгдэлгүй үйлчлүүлэх гэнэ. Түүнчлэн нэгдүгээр сарын 26, 27 болон хоёрдугаар сарын 2, 3-ны амралтын өдөр 39-дүгээр сургуулийн уулзвар, “Нарантуул-2” худалдааны төв хоорондын замын хөдөлгөөнийг нэг чиглэлтэй болгосон байна. Ингэснээр М:28 буюу “Зам гүүрийн авто бааз-Бөмбөгөр-Вокзал”, М:33 буюу “Зам гүүрийн авто бааз-Ард-Зайсан”, М:36 буюу “Зам гүүрийн авто бааз-3,4 хороолол-Өнөр хороолол”, М:42 буюу “Улиастай-Сансар-зам гүүрийн авто бааз” гэсэн дөрвөн чиглэлийн автобус 39 дүгээр сургуулийн уулзвар, “Нарантуул-2” худалдааны төвын уулзвар хооронд урдаас хойшоо чиглэлээр явах аж. Харин буцахдаа буюу хойноос урагшаа чиглэлдээ “Нарантуул-2” худалдааны төвийн уулзвараас далангийн замаар 32-ын тойргийн зам хүрч тус, тусын үндсэн чиглэлээр явах зохицуулалт хийжээ. Энэ автобусууд захын хорооллын эцсийн буудлаас тэгш цагуудад хөдөлж, сондгой цагуудад “Нарантуул” захаас хөдлөх нь. Тасалбарын тухайд том хүн 400, хүүхэд 200 төгрөгөөр зорчино. Харин нэмэлт хаалгыг “Нарантуул” захын хашааны араас ХӨСҮТ рүү гардаг хэсэгт хийх юм байна. Иймээс өнөөдрөөс эхлэн “Нарантуул” зах руу 32 буухиа автобус үйлчилж, иргэд урд болон хойд талаасаа зах руу ордог болох нь.
Мэдээллийн үеэр ЗЦГ-ын дэд дарга хурандаа Ч.Жаргалсайханаас замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.
-Дээрх зохицуулалтыг хийх нь замын хөдөлгөөний ачааллыг хэр бууруулах юм бэ?
-Баяр болохтой холбогдуулан зах худалдааны төвүүдийн ойролцоохь замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг тул тодорхой өөрчлөлт хийх хэрэгтэй болсон. “Нарантуул” ОУХТ рүү нэг хаалгаар орж гурван хаалгаар гардаг байсан. Нөгөөтэйгүүр, машины түгжрэл үүсдэг. Иймээс зохион байгуулалтын арга хэмжээг авч байна.
-Бусад захын ойр орчимд ч гэсэн ийм зохицуулалт хийх үү. Тухайлбал, “Хүчит шонхор”, “Барс” худалдааны төв рүү ордог замуудын ачаалал эрс нэмэгддэг шүү дээ?
-Мэдээж, замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах өөрчлөлт хийнэ. “Барс” худалдааны төвийн хувьд Нарны гүүрийн баруун талд 100 гаруй автомашины зогсоол байгаа. Үүнд нэмээд ийм хэмжээний машины зогсоолыг гүүрний зүүн талд гаргана. Харин “Хүчит шонхор” захад амралтын өдөр үйлчлүүлэгч олон очдог үед нь нэг чигийн хөдөлгөөнд оруулах зохион байгуулалтын арга хэмжээг авсан.
-Баярт зориулсан үзэсгэлэн худалдаа зохиож байгаа газруудад ч авто замын ачаалал их байгаа. Энэ тухайд?
-“Мишээл экспо” “Хар хорин” гэх мэт бусад захад цагдаагийн бүрэлдэхүүн гаргаж талбайн ашиглалт үйлчлүүлэгч нарын орж, гарах бололцоог гаргаж өгнө. Замын цагдаагийн албан хаагчид бүх хүчээ дайчлан ажиллана. Мөн захууд өөрсдийн хүн хүчээ гаргаж, хөдөлгөөн зохицуулахаар болсон.
-Баяртай холбоотойгоор замын хөдөлгөөнд өөр өөрчлөлт орох уу. Тухайлбал, нэг уулзварын хөдөлгөөний ачааллыг нэмж нөгөөхийг нь багасгах гэх мэтээр?
-Цаашдаа өөрчлөлт оруулах замын талаар олон нийтийн хэрэгслээр мэдээлнэ.
-Эгнээ нэмж хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар ярьж байсан. Энэ талаар?
-Түгжрээд байгаа гурван уулзварт өргөтгөл хийнэ. Энд 32-ын зам бол цаанаас Долоон буудлаас ирэхэд түгжирдэг. Тэрний жижиг хэсэгт өргөтгөл хийж эгнээг нь нэмнэ.