Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо автобус 600 төгрөг, троллейбус 400 төгрөгөөр ард иргэдэд үйлчилж эхэлнэ гэсэн мэдэгдэл хийснээс хойш хоёр долоо хоног өнгөрлөө. Холбогдох байгууллагуудад хоёр заалт бүхий шаардлага тавьж, хэрвээ арга хэмжээ авахгүй бол өнөөдрөөс эхлэн тасалбарын үнээ нэмэхээр байсан. Ингээд энэ талаар Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнгээс тодрууллаа.
-Нийтийн тээврийн газарт хоёр заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бол?
-Бид гуравдугаар сарын 1 хүртэл автобусны үнэ нэмэхгүй. Нэгдүгээрт, удахгүй Сар шинийн баяр болох гэж байгаа учраас ард иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар шийдсэн. Нөгөө талаар, нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга солигдсон. Тийм учраас шинэ удирдлагууд холбогдох асуудалтайгаа танилцаад тооцоо судалгаа хийх бололцоо олгож байгаа юм.
-Та нарын зүгээс ч хийсэн тооцоо судалгаагаа хүргүүлсэн байх?
-Тэгэлгүй яахав. 2011 оны наймдугаар сарын 1-ний өдөр тасалбарын үнээ 400 төгрөг болгосон. Үүнээс хойш нэмэгдэхгүй гээд явж байтал Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ хөнгөлөлт үзүүлэх зорилгоор бөөний үнээ чөлөөлчихсөн. Үүнээс болоод дизель түлшний бөөний үнэ 280-300 төгрөгөөр нэмэгдсэн. Статистикийн газрын мэдээллээр аравдугаар сарын 1-нээс хойш 20 хувиар нэмэгдсэн гэж байгаа. Үүнээс гадна үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөлт орсноос жолооч, кондукторуудад илүү цагийн мөнгө өгөх хэрэгтэй болсон. Одоо нийтийн тээврийнхэн өглөөний 06.15-22.30 хүртэл цагийг нь уртасгасан.
-Том оврын автобуснуудын хэдэн хувь нь бөөний эсвэл жижиглэнгийн үнээр түлшээ авдаг гэсэн тоо баримт бий юү?
-Байгаа. 70 хувь нь бөөний үнээр, 30 хувь нь жижиглэнгийн үнээр түлшээ авдаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд хоногт 76.5 тн дизель түлш хэрэглэдэг. Үүний 61.2 тн-ыг нь бөөний үнэ, 15.3 тн-ыг нь жижиглэнгийн үнээр авдаг. Ингээд 61.2 тн түлшээ нэмэгдсэн 280-300 төгрөгөөр тооцоолоод үзэхээр 17.2 сая төгрөгийн алдагдал гарч байгаа юм. Харин жижиглэнгийнх нь 1.5 сая төгрөг байх жишээтэй. Бидний зүгээс аль болох ард иргэдэд хүндрэл учруулахгүй гэсэн үүднээс өдий хүртэл явсан. Холбогдох хүмүүс сэтгэл гаргасан бол аль эрт асуудлыг хүндрүүлэхгүй шийдэх боломж байсан.
-Холбогдох хүмүүс нь хэн гэж. Яаж шийдэж болох байсан юм?
-Бат-Үүл даргад энэ асуудлыг тавихад аравдугаар сарын 1-нд орлогч дарга Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ингээд нийслэлийн төсөв батлагдахаас өмнө аравдугаар сарын 25 гэхэд танилцуул гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажлын хэсэг үнийн талаар судалгаа тооцоогоо хийж, дүгнэлтээ гаргаагүй. Ингээд нийслэлийн төсөв хэлэлцэхэд хамаг хөрөнгөө Цахилгаан тээвэрт хуваарилчихсан. Дуобус үйлдвэрлэл, 100 машины гарааш, 100 автобус шинээр оруулж ирэх гээд л. Асуудлыг зөв танилцуулж оруулаагүй юм чинь үүнийг баталсан ИТХ-ын төлөөлөгчдийн буруу биш. Бид аргаа бараад Бат-Үүл даргад ажлын хэсгийн даргыг сольж өгөөч гэсэн албан бичиг өгчихөөд сууж байна. Төсөв батлагдчихсан учраас одоо үнэ нэмэхгүй байх тал дээр ямар ч арга хэмжээ авч чадахгүй нь зөв шүү дээ.
-Түлшний үнэ 280-300 төгрөгөөр нэмэгдсэн гэдэг үндэслэлээр та нарын хувьд үнэ нэмэх үндэслэлээ гаргасан. Гэтэл цахилгааны үнэ 5-35 төгрөгөөр нэмэгдэх төдий ч Цахилгаан тээврийнхэн тасалбарын үнээ 400 төгрөг болгох нь хэр зөв тооцоо вэ?
-Бидний хувьд зөвхөн том оврын автобус эрхлэгчидээ л хариуцна. Цахилгаан тээвэр компанийн хувьд нэг зүйлийг би гайхдаг. Мөнгө авах болохоороо л хамгийн алдагдалтай гэдэг. 200 төгрөгөөр явдаг атлаа 400 төгрөгөөр тооцоолж нөхөн олговор авдаг. Үүнийг нь шалгуулахаар нийслэлийн Нийтийн тээврийн газарт саналаа өгсөн. Аудитын газарт ч гэсэн өөр асуудлаар шалгуулахаар манай холбооныхон өргөдөл өгсөн байгаа.
-Яасан гэж...?
-Хятадаас троллейбус оруулж ирээд хувийн компанитай хамтарч ажилладаг талаар. “Аз сервис” компанитай 2009 оноос хойш “Цахилгаан тээвэр”компанитай гэрээтэй явсан юм билээ. Ингээд өнгөрсөн тавдугаар сараас эхлээд “Аз сервис” компани нийтийн тээврийн үйлчилгээний шугамд яваад эхэлсэн. Тэгээд ямар компани ингээд ороод ирэв гээд судлахад “Цахилгаан тээвэр” компанитай гэрээтэй, нөхөн олговрын мөнгийг нь тус компани авдаг болж таарсан. Дуобус, троллейбус үйлдвэрлэж эхэлснээс хойш жил бүр хэчнээн тэрбумаар авч байгаа билээ. Тэгээд ч үйлдвэрлэгч, ашиглагч хоёр нэг эзэнтэй байж болохгүй биз дээ. Үйлдвэрлэгч нь өөрөө ашиглагч байхаар тухайн дуобусын сайн, муу, алдаа дутагдлыг хэн ч мэдэхгүй шүү дээ. “МИАТ” ХК-ийн өмнөх удирдлагуудыг хэрхэн мөнгө угаасныг хар л даа.