Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар цагаан сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд машины дугаарыг тэгш сондгойгоор нь хязгаарлаж, Нарантуул зах руу том оврын буухиа автобус явуулахаар болжээ. Мөн Нарантуул захын арын нүхийг машины хаалга болгон өөрчилж, тус захаас гарах гарцын тоог нэмсэн байна. Энэ нь Цагаан сарын өмнө замын ачааллыг бууруулж, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ хүргэх зорилготой гэдгийг өнөөдөр албаныхан мэдэгдсэн юм. Тэдний өгч байгаа мэдээллээр Нисэх, Яармаг, Баянхошуу, Толгойт, Их наран, Дэнжийн 1000, Чингэлтэй, 7 буудал, Орбит, Сонсголон зэрэг нийслэлийн алслагдсан хорооллуудаас “Нарантуул” зах руу нийтдээ 32 автобус буухиалж явах аж. Ингэхдээ буухиа автобуснууд эцсийн зогсоолоос хөдлөхдөө тэгш тоотой цагт хөдөлж, Нарантуулаас сондгой тоотой цагт хөдлөх юм байна.
Түүнчлэн нэгдүгээр сарын 26, 27 болон хоёрдугаар сарын 2, 3-ны амралтын өдрүүдэд 39-р сургуулийн уулзвар, Нарантуул-2 худалдааны төв хоорондын замын хөдөлгөөнийг нэг чиглэлтэй болгосон байна. Ингэснээр М:28 буюу “Зам гүүрийн авто бааз-Бөмбөгөр-Вокзал”, М:33 буюу “Зам гүүрийн авто бааз-Ард-Зайсан”, М:36 буюу “Зам гүүрийн авто бааз-3,4 хороолол-Өнөр хороолол”, М:42 буюу “Улиастай-Сансар-зам гүүрийн авто бааз” гэсэн дөрвөн чиглэлийн автобуснууд 39-р сургуулийн уулзвар, Нарантуул-2 худалдааны төвын уулзвар хооронд урдаас хойшоо чиглэлээр, буцахдаа буюу хойноос урагшаа чиглэлдээ “Нарантуул-2” худалдааны төвийн уулзвараас далангийн замаар 32-ын тойргийн зам хүрч тус, тусын үндсэн чиглэлээр явах зохицуулалт хийжээ.
Ч.Жаргалсайхан: Гурван уулзварыг өргөтгөнө
ЗЦГ-ын дэд дарга хурандаа Ч.Жаргалсайханаас замын хөдөлгөөний зохицуулалттай дараахь тодруулгыг авлаа.
-Дээрх зохицуулалтыг хийх нь замын хөдөлгөөний ачааллыг хэдэн хувиар бууруулах вэ?
-Нийслэлийн иргэд Цагаан сарын баяртаа бэлтгээд ирэхээр худалдааны төвүүдэд ачаалал үүсдэг. Тиймээс тодорхой хэмжээний арга хэмжээ авч байгаа юм. Нарантуул захад л гэхэд нэг хаалгаар орж, гурван хаалгаар гардаг байсан бол дөрөв дэх хаалгаар гаргадаг болгож байгаа юм. Тухайлбал, хойшоо гардаг хаалгыг гарах хөдөлгөөнд оруулна гэсэн үг. Бусад захуудад ч энэ арга хэмжээ авч байна. Барс захад Нарны гүүрийн зүүн баруун талд нийлээд 200 гаруй машин зогсох зогсоол бий болгож байна. Хүчит шонхор захын хувьд нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
Мишээл экспо, Хархорин захад мөн зохицуулалт хийж байна. Замын цагдаагийнхан бүрэн хүчээрээ ажиллана. Ингэснээр замын ачаалал тодорхой хэмжээгээр буурна.
-Баяртай холбоотойгоор замын хөдөлгөөнд өөр өөрчлөлт орох уу. Тухайлбал, нэг уулзварын хөдөлгөөний ачааллыг нэмж нөгөөхийг нь багасгах гэх мэтээр?
-Цаашдаа өөрчлөлт оруулах замын талаар олон нийтийн хэрэгслээр мэдээлнэ.
-Эгнээ нэмж хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар ярьж байсан. Энэ талаар тодруулаач. Байгаа зам дээрээ эгнээ нэмж зурах гээд байна уу, эсвэл нэмж өргөтгөл хийх үү?
-Байнга түгжрээд байдаг гурван замд багахан хэмжээний өргөтгөл хийгдэх юм. 32-ын уулзвал гэхэд 7 буудлаасаа ирээд 32-ын уулзварт түгжирдэг. Мөн Гэсэр сүмйн уулзвар, Баруун 4 замын хойд уулзварыг өргөтгөж гурван эгнээгээр зорчдог болгоно.