Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийнхнийг “түргэн” авхуулъя


Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч ажилчид өлсгөлөн зарлана гэнэ. Бодоход эгэл хүн хаалгаар нь орж болдоггүй энэ эмнэлгээр хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэдэн хурандаа эмчлүүлдэг байх. Цэргийн эмнэлэг гэсэн үг л дээ.

Дээрх байгууллагуудын хэдэн дарга мяндагтны хувьд  өөрсдөө тусдаа эмнэлэгтэй байж, ард иргэдтэй дараалалд зогсохгүй, жаахан ядрахаараа энэ эмнэлэгтээ гүйж ирээд хэвтчихдэг байх сонирхол байгаа нь нууц биш. Эмч, эмнэлгийн ажиллагсдад нь ч цөөхөн хүнд үйлчлээд бие амар байх нь сайхан.
Одоо энэ эмнэлэг цэргийн, цэрэгжсэн байгууллагад үйлчилдэг, цэргийн цол бүхий ажиллагсадтай эмнэлэг л юм бол Тэмүүжин сайд аа, түргэн жагсаал авхуулаад бүгдийг нь жагсаачих. Эх орныхоо өмнө /хэдэн хурандаагийн өмнө биш/ тангараг өргөсөн л юм бол жагсана л даа. Цэргийн байгууллага л юм бол цэргийн цолтой, цолгүй асрагч сувилагч, манаач жижүүр гэхгүй бүгд л  жагсах ёстой. Онцгой байдал гарлаа гэхэд цэргийн цолтой нь явна, цолгүй ардууд нь хойш сууж үлдэнэ л гэсэн дүрэм лав байхгүй.

Тэгээд л цагийн байдал өгөөд байлдааны цагийн хуулиар нүүлгэн шилжүүлэх даалгавар өгөөд үз. Өнөөх өргөсөн тангараг энэ тэр яах нь вэ, харъя.
Хаа нэгтэй онцгой байдал бий болоод энэ эмнэлэг газар дээр нь шилжин очиж эмнэлгээ дэлгээд үйлчлэх ёстой бол яг л ийм байдлаар ажил явдаг.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдууд аль ч цэргийн анги байгууллагад очиход тэнд ажилладаг цэргийн цолгүй энгийн тогооч, манаач, галч гээд ардууд нь  ч жагсч хүлээж авдаг шүү дээ. Тэгээд ч тэд цэргийн хүнтэй л адил үүрэг даалгавар биелүүлж чадна, эх орны даалгавар биелүүлнэ гэж гэрээ байгуулан цэргийн байгууллагад ажилд орсон нь ойлгомжтой.
Одоо болохоор бид цэргийн хүмүүс биш ээ, энгийн хүмүүс болохоор жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлаж болно гэж явна гэнэ билээ.
Цагийн байдал хүндрээд энэ эмнэлэг цэргийн зохион байгуулалтаар ажиллаж эхэлбэл бас ингэж “би цэргийн хүн биш ээ, тэр хол газар явж чадахгүй” гэж хэлээд хойш суух юм болов уу.
“Авлигын загалмайлсан эцэг” Намбарын Энхбаярыг хэлмэгдлээ, суллуулъя, эмнэлэгт хэвтүүлье хэмээн ээжүүд өлсгөлөн зарлав. Н.Энхбаяргүйгээр амьдарч чадахаа больсон хүмүүс юм байх. Хэн мэдээжийн энэ өрөвч хүмүүсийн ард МАХН-ынхан, Н.Энхбаярын гэргийг О.Цолмон, үр хүүхэд нь байсан л даа. Гэхдээ тэд ард нь байхаас биш өөрөө ээж О.Цолмон, Энхбаярыг төрүүлсэн ээж Р.Бүдханд гуай нар өөрсдөө хэзээ ч өлсгөлөн зарлахгүй л дээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвал ч бас л ээж.

Ингэсээр угаасаа албан тушаал, тусгай хангамжгүйгээр амь зууж чадахаа больсон Н.Энхбаярт зориулан клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлснээр энэ хэрэг намжих бололтой. Уг нь өнөөдөр жагсах, өлсөх дээрээ тулаад байгаа төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт л Н.Энхбаярыг хэвтүүлсэн бол илүү зохилтой баймаар. Энэ бол энгийн иргэдийн үйлдэл. Гэхдээ ардаа эзэнтэй.
Одоо Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч ажилчид өлсгөлөн зарлахаар зэхэж байгаа бол ард нь хэн байна аа. Мэдээж энэ эмнэлгээр үйлчлүүлдэг төрийн байгууллагынхан, хэдэн хурандаа л  байгаа. Өнөө л Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, цагдаагийнхан.

Цагдаагийнхан бол аливаа хэргийн араас хор найруулж бүр мэргэшсэн улс. 2008 онд энгийн жагсаалыг үймээн болгож, дараа нь таван хүний амь бүрэлгэсэн Ч.Амарболд генерал тэргүүтэй хэдэн хурандааг гэмгүй хүн болгох гэж “Цагдаагийн ар гэрийнхний холбоо” гэгчийг зохион байгуулж хэчнээн юм болов доо. Цагдаа нар хүртэл ажлаа хаяад жагсч байсан. Гэтэл Монгол Улсын шүүх тэднийг нь буруутай гээд ял өгчихлөө. Тэгэхээр цагдаагийнхан буруутай хүмүүсийг буруугүй гэж л дүгнэдэг улс болж байна л даа.
Цэргийн, цэрэгжсэн байгууллага л юм бол өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль дүрмээ сахиж баймаар юм биш үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан