“Нэг л өдөр би дахиж архи уухгүй” гэж гэргийдээ хэлээд, тэр үгэндээ өдий хүртэл хоёр жилийн турш үнэнч байж чадсан нэгэн бол Аюушийн Батсайхан. 1957 онд төрсөн тэрээр цэрэг армид насаараа зүтгэж, тэтгэвэрт гарснаасаа хойш амсдаг байсан бол аажимдаа нэлээд хэтрүүлэн хэрэглэдэг болжээ. Үүнийгээ өөрөө мэддэг хэдий ч архичин гэж бодолгүй явсан байна. Эхнэр Б.Сарангэрэл нь түүнийг архинаас гарахыг сануулж, олон аавын хүүг сархад хэмээх хорноос татгалзахад тусалж яваа Ж.Цогтсугар багшийн сургалтад суу гэж зөвлөсөн гэнэ. Гэлээ ч “Би архичин биш” гэж өөрийгөө өмөөрч, архинд хамааралтай байх вий гэх айдас тээж явжээ.
А.Батсайхан зориг гарган, зорьж очин Ж.Цогтсугар багштай уулзсан тэр өдрөө гашуун ундааг хаяхаар эрс шийдсэн. Багшийнхаа сургалтад 10 хоног сууж. Нэг сарын турш дагалдан илтгэл тавьж явсаар мэргэшиж чадсан байна. Одоо тэрээр өөрийн амжилтын замаар өрөөл бусдыг хөтөлж явахыг хичээдэг. Ажилдаа тэр дуртай бас бахархан ярьдаг. Энэ хүний эр зориг, амжилт, намтар хийгээд идээний дээж хэмээн эндүүрдэг архины тухай бодол сэтгэгдлийг хуваалцаж, түүний гэргий Б.Сарангэрэлтэй хамтдаа суун ярилцсан юм.
Өнөөдрийн нийтлэлийн маань гол дүрүүд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. Сумандаа наймдугаар анги дүүргээд, аймгийн сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн эгэл түмний л адил замналтай энгүүн гэр бүл. А.Батсайхан ЗХУ-д маршал К.Е.Варшиловын нэрэмжит Улс төрийн дээд сургуулийг амжилттай дүүргэсэн. Сургуулиа төгсч ирээд тухайн үеийн Намын дээд сургуулийн диплом өвөртөлсөн сэхээтэн хүн. Харин түүний гэргий Багшийн их сургуулийг хөдөлмөрийн багш мэргэжлээр төгсч, одоо хүртэл сурган хүмүүжүүлэх үйлст зүтгэж яваа ардын боловсролын тэргүүний ажилтан багш.
Б.Сарангэрэл огт архи амсдаггүй байсан хүн Орос руу оюутан болж яваад эргэж ирэхдээ л уудаг болчихсон байсныг хэллээ. Гэхдээ бусдын л адил тааруулж хэрэглэдэг гэсэн ташаа ойлголттой явж. Сургуулиа төгссөн цэргийн офицер А.Батсайхан Халх голын отрядад анх хуваарилагдаж, тэндээ есөн жил ажиллаж амьдрав. Тухайн үед цэргийн дүрмээр офицер хүн байлдааны бэлэн байдалтай буюу дайсан түрэмгийлэн орж ирсэн үед сөрөг дайралтад ороход зоригоо чангалах архи цүнхэндээ байнга байлгах ёстой байж. Түүнийг авахад зориулж 50 төгрөг өгдөг байсныг ч хэлэх хүн олон. Мэдээж байнга цүхэндээ яваа архийг хадгалсаар байна гэж үгүй. Найз нөхөдтэйгөө уулзах, нутгийн хүнтэй тааралдах, хамаатан садны баярт явдлаар задлахад хэзээд бэлхэн. Ийм л явдал архийг энгийн хэрэглээ болж занштал ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Хожим манай улсад нийгэм солигдож, офицерийн цүнхэнд бэлэн явдаг архины тухай дүрэм нийгмийн тогтолцоотойгоо хамт халагджээ.
2001 он. Бэлтгэл хурандаа болж А.Батсайхан тэтгэвэрт гарахдаа орон сууцтай болж чадсангүй. Баянзүрх дүүрэгт байх хашаандаа өөрсдийн чадлаар барьж босгосон хоёр өрөө байшинд өдгөө ч аж төрдөг. Хоёр идэхгүй хоосон хонохгүй, бусдаас дор орсон зүйлгүй амьдарч байна. Тэтгэвэрт гарснаасаа хойш хадаас зарж, шоколадны наймаачин ч болж үзжээ. Цэргийн хатуу дүрэм, тушаалаар томилогдож ажиллаж байсан тэрээр өөрийн төлөвлөгөөгөөр амьдралаа авч явах болсон байна. Орос хэлээ ашиглан сонинд орчуулагч-сэтгүүлчээр ажиллаж, Хилийн цэргийн дээд сургуульд багшилж явсаар 2011 онтой золгов. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “тохируулж хэрэглэдэг” байсан архины асуудал “тохиргоогоо эвдэж” эхэлжээ. Гэрийнхэнээ айлгаж сүйд болохгүй ч гэлээ ганцаараа ярих, зурагттайгаа “хэрэлдэх”, юмаа хаяж гээх, энд тэнд уначих гээд болохгүй болж. Гэргий Б.Сарангэрэл нь ч байнга сэтгэл зовниж, хаана яваа, хэзээ ирэх бол гэж хүлээж суудаг байжээ. Тэр нэгэн өдрөөс хойш ийм явдал дахиж тохиогоогүй юм.
Энэ айлын гэргий, хүүхдүүд Ж.Цогтсугар багшид талархаж явдаг гэнэ. Түүнээс дутуугүй аавдаа ч баярладаг. Хэрэв өөрийгөө өмөөрсөөр өдийг хүрсэн бол А.Батсайханы амьдрал өнөөдөр ийм дайтай байх эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ сэтгэл болон оюун тархиндаа архийг ялж, хаяж чаддаг гэдгийг нотолсон амьд жишээ бол тэр юм.

Нийтлэлийн гол баатар А.Батсайхан, Б.Сарангэрэл нар хоёр хүүтэй. Том хүү Мөнхжаргал нь эхнэр, хоёр хүүхэдтэй. Хувцас дизайнерын мэргэжил эзэмшээд 2004 онд шилдэг дизайнерын шагнал хүртэж байжээ. Аавынхаа загварлаг хүрмийг урлаж өгсөн хэмээн хүүгээрээ бахархаж, бяцхан онгирч суулаа. Бага хүү Мөнхсайхан нь мөн л дизайны чиглэлээр ажилладаг. Канад барилгын дотоод заслын дизайнер. Тэд газартай, газар дээрээ байшинтай, байшингийнхаа дэргэд гарааштай, гарааш дотроо машинтай. Гэр бүлээрээ эрүүл саруул, халуун дотно уур амьсгалтай, сайхан байгаа жаргалтай айл. Архины эсрэг сургалтын лектор А.Батсайхан өөрийн хичээл, лекцийг байнга баяжуулж, ном сэтгүүлээс шинэ зүйл хайж, судалж суудаг. Орос хэлнээс хэрэгтэй номуудаа орчуулдаг. Хамгийн сүүлд Петер Дракерын “XXI зууны менежментийн үүрэг ба сорилт” гэдэг ном хэвлүүлсэн нь борлуулалт сайтай явна. Энэ зуур түүнийг амьдралдаа хэр менежменттэй хандаж байгааг лавлахад цэргийн хүн тушаалаар явдаг болохоор төлөвлөх, менежмент гаргах боломжгүй байсан гэв. Харин 1998 оноос хойш хашаатай болж, хотод суурьшаад өөрийн менежментээр аж төрж байгаа гэсэн юм. Одоо тэрээр гэр бүлийнхээ амьдрал төлөвлөгөөнд санаа зовох биш архинаас гарах гээд хүч хүрэхгүй байгаа хүмүүст туслах, тэдний менежментэд сэтгэл чилээдэг нэгэн болсон.
А.Батсайхан багш нэг хүнийг архинаас гарахад зүйрлэшгүй их баярладаг. Архи уудаг нэг хүний ард аав ээж, ах дүү, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд гээд олон хүнд сөрөг нөлөө, хор хөнөөл очдог аж. Тэр хүмүүс түргэн ууртай, айдастай, түгшүүртэй, бухимдуу, стресстэй болчихдог нь архинаас шууд хамааралтай гэнэ. Тиймээс нэг хүнийг архинаас гаргаж нижгээд хүний сэтгэл санааг тайван байлгаж болдог аж. Хүний сэтгэл амгалан тайван байх нь хичнээн эерэг нөлөөтэй вэ гэдгийг Б.Сарангэрэл гуай биеэрээ харуулсан. Нөхрөө архи уудаг байхад тэрбээр 42 кг жинтэй байсан аж. Харин сүүлийн хоёр жилийн дотор 20 гаруй кг жин нэмсэн гэнэ.
Ийм үр дүнтэй, эерэг нөлөөтэй ажил учраас түүний нөхөр хэлсэн үгнээсээ няцахгүй, хийж байгаа ажлаасаа буцахгүй. “Бурхан болтолоо хийх цор ганц ажил минь монголчуудыг архинаас салгах явдал” гэж итгэл дүүрэн хэллээ. Тэрээр саяхан нэг сэтгүүлээс “Ану хатан” кино зохиолыг бичсэн Б.Шүүдэрцэцэгийн ярилцлагаас гайхалтай үг олсондоо олзуурхаж сууна. “Хүн үхэн үхтэлээ хайр, нинжин сэтгэлд суралцсаар байх хэрэгтэй. Оюуны боловсролын зэрэгцээ сэтгэлийн боловсролыг орхиж болохгүй. Хүн чадах юмаараа бусдад тусалж, өөрийгөө таньж гэгээрэлд хүрэхийн төлөө амьдрах нь буян юм” гэж зохиолч бүсгүй хэлжээ. Энэ нь түүнд зориулж хэлсэн мэт санагдсан аж. Чадах юмаараа бусдад туслах нь буян юм гэх санааг эндээс онцлоод “Шүүдэрцэцэг кино хийх, би хүнийг архинаас гаргах нь хэн хэний маань хийж чадах буян” гэж тайлбарлалаа. Монголчуудыг бүгдийг нь архинаас гаргахад түүний нас хүрэхгүй байж мэдэх ч энэ ажлаа орхих эрх байхгүй гэдгийг тэр чин сэтгэлээсээ ухаарчээ.
Түүхийн сурвалжийг сөхөж үзвэл архи гэдэг этилийн спиртийг анх машин техникийн түлшний зориулалтаар ашиглаж байжээ. Ямар заяа золгүй хүн нь тэрийг анх ууж согтуурхсан юм бүү мэд. Эндээс харахад архи бол хүнс биш гэдэг нь ойлгогдоно. А.Батсайхан гуайг сурагч байхад Хятадаас 60 хувийн спирт агууламжтай “Манапал” гэдэг архи орж ирдэг байж. Тэр үед хүмүүсийн дунд “Манапал уусан хүнийг хөтөлж яваарай, хөдөлгөхгүй бол хөшиж үхнэ шүү” гэх хэллэг гарчээ. Тэр архи хүнийг хордуулж, шууд л хөнөөж байна гэсэн үг. Хөшиж үхнэ гэдэг бол цус харвах, зүрх нь зогсоно гэсэн үг. “Унтаад л өглөө сэрж чадаагүй бурхан болчихлоо гэдэг. Яг үнэндээ архинд хордоод хөшөөд үхчихэж байгаа нь тэр” гэж А.Батсайхан гуай халаглан ярилаа.
Олег Платонов гэдэг хүний “Америк яагаад сөнөх учиртай вэ” гэсэн номоос тэрээр жишээ татаж ярив. “Америк бол үндэстэн биш. Тэр нутагт байсан индианчууд, Африкаас аваачсан хар арьстан олон хүний цус, ясан дээр мандаж сэргэсэн хүмүүсийн нэгдэл. 100 гаруй сая индианыг бизон гэдэг үхэртэй нь хамт устгасан. Юугаар гэвэл архиар. Тэнд хамгийн түрүүнд спиртийн үйлдвэр барьж, архиар индиан эрчүүдийг хордуулсан. Харин эмэгтэйчүүдэд өвчин тарааж, хувцас нөмрөгт нь хор тархаасан” гэж номонд бичжээ. Шведүүд “Архи бол жижиг буурай орнуудыг устгах химийн зэвсэг” юм гэж хэлдэг байна. “Тэгэхээр манай улсад их гүрний бодлогоор архины асуудал бүрэн зогсохгүй байна гэж би хувьдаа харддаг” гэж А.Батсайхан гуай бодлоо хуваалцсан юм.
“Гэр бүлийн хагарал архинаас бүрэн шалтгаалдаг гэж болно. Төрийн үндэс нь гэр бүл. Тэгвэл эхнэр нөхөр архинаас болж муудалцвал төрийн үндэс бүхэн хагарч байна гэсэн үг. Ийм учраас л үүнийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь гээд байна” гэж тэрээр нэмж хэллээ. Түүний хэлснээр цаашид гэр бүлийг тогтворжуулах, уур амьсгалыг сайжруулах, хамгаалах ажлыг идэвхтэй хийхгүй бол архи, улс төрийн нам хоёроос болж улсын үндэс өрх айл салж байгаа гэнэ. Архийг гэр бүлээс, Монголын амьдралаас зайлуулах шаардлагатай. Тэгж чадвал дээр хэлсэн архи уудаг хүний цаана байгаа олон хүний айдас, зовнил үгүй болж харилцаа эрүүлжих аж.

Оросын нийгэм хямарч, иргэдийн сэтгэл тогтворгүй болох үед удирдлагууд нь архийг чөлөөтэй нийлүүлдэг байжээ. Тэр ч үүднээс “Архи бол нийгмийн масло юм” гэх ойлголт тогтсон гэнэ. Мэдээж орос гэсэн бүхнийг дуурайдаг байсан манай улсад дээрх хар бараан сүүдэр шууд тусчээ. Энгийн жишээ гэхэд цэргийн офицер байнга архитай явдаг тэр хачирхмаар дүрэм. Үүнээс болж монголчууд архийг энгийнээр харах үзэл лавширсан аж.
Одоо үед архидалт залуужиж, нас барах шалтгаануудын нэг болж байна. Хүний эрхийг дээдлэх гэдгээр түрий барьж ахмадын үг, зэмлэлийг залуус тоохоо больсон нь архидалт газар авах шалтгаан болсон гэнэ. Архи авч уух боломж хялбархан, үүд хаалга үргэлж нээлттэй байдаг нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн гэлээ. Захын хүнсний дэлгүүрт ороод тоолоход дотоодод үйлдвэрлэсэн 30 гаруй нэр төрлийн архи лангуун дээр өрөөстэй. Импортоор орж ирсэн “шингэн хор”, дотоодын болоод гадаадын чамин нэртэй спиртийн хольцтой “Шар айраг” гэх шингэнийг энд тооцоогүй. Тэр дэлгүүрт хүүхэд орж ирээд архи авах гэвэл худалдагч ашиг орлогоо бодоод шууд л зарчихдаг учраас дунд сургуульд хүртэл архидалт газар авдаг байна.
Мэдээж энэ бүхнийг таслан зогсоохын тулд хуулиа чангатгаж, дагаж мөрдөхийг ч гэсэн хатуу болгох ёстой. Наад зах нь архийг хүнсний дэлгүүрээс тусгаарлаж 2500 хүний дунд нэг байх гэсэн хуулийн заалтыг мөрдөх хэрэгтэйг энэ эрхэм сануулж байна. “Хотын дарга Э.Бат-Үүл автомашиныг дугаараар нь ангилж явуулах, буруу талдаа жолоотой машиныг хориглох ажлыг хичнээн зоригтой, шуурхай хийдэг билээ. Гэтэл олны дургүйг хүргэсэн ийм ажлынхаа оронд энэ хуулийн заалтыг хэрэгжүүлж, хүнсний дэлгүүр дотроос архийг зайлуулж өгөөч” гэж А.Батсайхан гуай үгээ дайлаа. Түүний бодлоор энэ нийгэмд архинаас болдог гэмт хэрэг, архинаас шалтгаалдаг өвчин эмгэг, архинаас үүдэлтэй хэрүүл маргаан маш их гардаг ч хуулийн хүрээнд шийдчихвэл асуудал 60 хувь шийдвэрлэгдэх ажээ.
Тэрээр Орос, Монголын дээд боловсролын хоёр дипломтой. Гэхдээ түүний хэлснээр амьдралаас сурсан, хэзээ ч орхигдохгүй хамгийн том боловсрол нь гашуун ундааны эсрэг энэ ойлголт гэнэ. Түүний хийдэг ажилд цөөхөн хэдэн зарчим үйлчилснээр хүмүүсийг архинаас гаргадаг. “Үнэн үг, үлгэр дуурайлал” бол хүмүүсийг архинаас гаргах гол чиглэл. Харин хүн архигүй байхын тулд яах ёстой вэ гэсэн асуултын хариуг “Архи огт амсахгүй байвал архигүй л байна” гэх энгийн тодорхой хэрнээ хамгийн төгс байдлаар хэлсэн юм. “Эрүүл, идэвхтэй амьдрал клуб”-ийн сургалт оюун ухаанд тулгуурладаг. Тэр ч үүднээсээ зарим зүйлийг томъёолон хэлж, ойлгомжтой болгожээ.
Тухайлбал, архичин хүнд юу үлдэх вэ гэвэл сэглэгдсэн бие, сэмэрсэн сэтгэл, сэгсрүүлсэн халаас гурав гэнэ. Архичин хүний очих гуравхан газар байдаг нь эрүүлжүүлэх байр, эмнэлэг, эрлэг. Тиймээс эрүүл байж өөрийгөө, гэр бүлийнхнээ эрүүл орчинд жаргалтай байлга. Ингэж чадвал түүний дараа идэвхтэй амьдарч, бусдадаа туслахыг тэд уриалдаг. Эрүүл, идэвхтэй амьдралын нэгэн жишээ А.Батсайхан гуайн ажилд амжилт хүсье.