Өнгөрсөн долоо хоногт Шинэчлэлийн Засгийн газар нээлттэй хуралдав. Эл хуралдааны үеэр татвар төлөгчдийн 18.2 тэрбум төгрөгийг үйлдвэрлэлд нэвтрээгүй технологи “ДЦС-II” дээр тавих гээд бүтэлгүйтэн, буруутныг хайж байгаа тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдээллээ. Уг нь, татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулж байна хэмээн өмнөх Засгийн газрынхан мэдээлж байсан ч, тооцоогүй хөдөлснөөс ийнхүү хохирогч нь “ДЦС II” цаашлаад нийслэлийн иргэд болж буй хэрэг.
Учир нь, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд дулааны хоёрдугаар цахилгаан станцын дэргэд боловсруулсан түлшний үйлдвэр барихаар болсон.
Шаардлага ч хангаж байна хэмээн “Аморе интэрнэшнл” компанийг 2010 онд хуучин ЭБЭХЯ гүйцэтгэгчээр сонгосноор гэрээ ёсоор өнгөрсөн оны есдүгээр сард улсын комисст үйлдвэрээ хүлээлгэн өгөх ёстой байв. Гэсэн ч шинэ технологи учир арга барил нь таарахгүй байна гээд л бөөн зовлон тоочиж түлш нийлүүлэх хугацааг хоёр ч удаа хойшлуулсан удаатай. Тухайн үед холбогдох албаныхан “Энэ үйлдвэр ашиглалтад орвол жилд 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Нийслэлийн жилийн хэрэглээ 400 мянган тонн боловсруулсан түлш учраас үлдсэн 200-г нь жижиг, дунд үйлдвэрлэгчдээс авах тооцоо хийсэн” гэдгээ танилцуулж байв. Гэвч эрдсэн үү эсвэл яарав уу өнөөдөр татвар төлөгчдийн 18.2 тэрбум төгрөг салхинд хийсч, хэний буруу вэ гэдгийг өнөөгийн эрх баригчид хайх шаардлагатай болох нь. Иймэрхүү хэмжээний том төсөлд гадаадын зөвлөх компани байх ёстой. Өнөөдөр манайд зээл тусламжаар хэрэгжиж буй төслүүд гадаадын зөвлөх компани, олон улсын хяналттай байдаг. Гэтэл төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа гээд гадаадын зөвлөх компани аваагүй аж. Хэрвээ зөвлөх компани авсан бол зөвлөөд, хяналтаа тавиад явах байсан биз. Тэгсэн бол өнөөдөр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болохгүй байсан нь лав. Энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны байгаль орчин эрүүл ахуйн мэргэжилтэн Г.Баттүвшингээс тодруулахад ”Компанийн талаархи мэдээллийг сайн мэдэхгүй. ЭБЭХЯ-ны тухайн үеийн дэд сайд Ц.Гарамжавын гарын үсэгтэй албан бичиг манайд ирсэн. Уг албан бичигт 2012 ондоо багтаагаад 19 мянган тонн түлш нийлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч ажил нь удааширч буйг Үндэсний хорооноос Засгийн газар, хуучин ЭБЭХЯ-ныханд сануулан түргэвчлүүлэхийг удаа дараа шаардаж байсан” хэмээн ярьсан юм. Харин яагаад тооцоо судалгаагүй яаран хөдөлж, татвар төлөгчдийн мөнгөөр тоглочихов гэдгийг тус компанийн удирдлагаас тодруулах гэсэн боловч мухардав. Компанийн зүгээс улсаас авсан мөнгөөрөө хийх юм аа хийчихсэн, технологийн процесст л хүндрэл гарч байгаа гэсэн тайлбар өгч байна. Компанийн төлөөлөлтэй уулзах гэсэн боловч ажлаа түргэсгэх ямар арга зам байгаа, технологийн аргачлалыг хэрхэн зохицуулах талаар холбогдох албаны хүмүүсийн хамт ОХУ-ыг зорьсон гэсэн мэдээллийг өгөв. Өөрөөр хэлбэл, мухардсан эл арга замаасаа гарах гарц хайхаар ийнхүү эрэлд гарч.
Угтаа эл үйлдвэр байгуулагдана гэсэн тухайн үеийн ЭБЭХЯ-ны мэдээллийн дагуу хотын захиргаанаас түүхий нүүрс түлэхийг хориглосон бүсүүдийг тогтоосон гэдэг. Гэтэл нэг компанийн хариуцлагагүйгээс болж хязгаарлалтад “өртсөн” айл өрхүүд энэ өвөл зутруухан өвөлжиж байна. Нийслэлийн хэмжээнд хэрэглэх боловсруулсан түлшний 50 хувийг хангах гэрээтэй “Аморе интэрнэшнл” ХХК өнөөдрийг хүртэл нэг ширхэг ч түлш иргэдийн гар дээр хүргээгүйгээс... Энэ талаар нэгэнтээ тодруулахад тус компанийн захирал Н.Баатарсүрэн тухайн үед “Түлш барьцалдуулах шингэн шилний үйлдвэр байгуулахад нэлээд хугацаа, хөрөнгө орсон. Мөн одоогийн байдлаар шинэ технологийг хэрэгжүүлэхэд нүүрсний чийглэг болон хэмжээ таарахгүй байгаагаас гадна үйлдвэрт туршилт тохируулгын ажил хийж байна” хэмээн тайлбарлаж байсан удаатай. Гэвч дулааныхаа хүчин чадлаа яая гэж байгаа станцыг түшиглэн байгуулна гэсэн нь дарин дээр давс гэгч л болж, хэл ам дагуулж дүн өвлийг 65 хувийн тоноглолтой давуулж байсан.
Ёстой л муу хүнийг зар, зарсан хойноо өр гэгчээр агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд барих гэсэн үйлдвэр өнөөдөр хэрэгтэй, хэрэггүй төмрийн хог болж хувирах нь. Өдгөө нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрс түлэхийг хориглосон хязгаарлалтын бүсийн хэмжээг нэмж буй. Гэвч хязгаарлалтын бүсийн хэмжээг нэмлээ гээд түлш нь байхгүй болохоор яах ч билээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Агаарын бохирдлыг бууруулах нэрээр нүглийн нүдийг гурилаар хуурдаг нөхдүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр тоглуулсаар байх уу.