Соёлын яамны захиалгаар 1974-1980 онд улсын хөрөнгө оруулалтаар барьсан В.И.Лениний музейн байшин 30 гаруй жилийн дараа асуудал үүсгээд байгаа билээ. Монгол Улсад цор ганц байдаг музейн зориулалттай эл барилга ашиглалтад орсноосоо хойш улс төрийн намын мэдэлд байж, худалдаа, үйлчилгээний төв болон ажилласаар өдийг хүрээд байна. Төр өөрийн хөрөнгөөр барьж, байгуулсан өмчөө мэдэлдээ авах гэж нэг удаа үзсэн боловч хүчгүйдэж, аргагүйн эрхэнд намын мэдэлд үлджээ. 1977 онд Бүх холбоотны үйлдвэрлэл, урлагийн комбинатад 666 мянган рублиэр Улаанбаатарт Лениний музейг барьсан тухай баримт байна. Яадаг ч байсан улс хөрөнгө мөнгөө гаргаж барилгаа бариулсан, үүнийхээ дараа ашиглагчид шилжүүлж, түүнээс хойш МАХН /МАН/-ын мэдэлд бүрэн очсон гэхэд болно.
Тухайн цаг үеийн байдал нэг намаас бүрэн хамааралтай байсан ч гэлээ одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн учир төр өмчөө авах нь зүйн хэрэг. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг нь жам. Энэ 30 гаруй жилийн хугацаанд музейн зориулалттай байшинг зохих шаардлагынх нь дагуу ашигласан жил нь цөөхөн. Түүнээс хойш үйлчилгээний зориулалтаар бусдад түрээсэлж, ашиг олсоор байгаа. Намын нөлөөллөөр 30 гаруй жил ашигласан Лениний музейн барилга угтаа улсын өмч. МАН-ынхан жинхэнэ өмчлөгч нь биш мөртлөө луу унжиж, байшинг бидний хөрөнгө гэсээр байгаа нь хамгийн хачирхалтай. Түүх, баримт сөхөж харвал хэрхэн эрх мэдлээ ашиглаж, өөрийн өмч хөрөнгө болгож авсан нь тодорхой харагдах биз ээ.
1980 онд барилгыг ашиглалтад оруулахдаа хэн нэгний өмчид шилжүүлээгүй байж. Барилгыг хүлээн авах Засгийн газрын комисс ашиглах байгууллагаар нь Намын түүхийн институтэд хариуцуулахаар шийдэж. Өмчлөх биш ашиглагч байгууллага хэмээн хүлээлгэн өгсөн гэдгээ бүх баримт сэлтэд тусгаж, тодотгосон байна. Ашиглагчаар тодруулсан МАХН-ын Намын түүхийн институт эзэмшиж байсан бол түүнээс хойш бага багаар өөрсдийн эрх мэдлээ ашиглаж, улсын бүртгэлд бүртгүүлж өмчөө болгох бүхий л аргыг хэрэглэж. Соц нийгмийн үед ямар нэг байдлаар эзэмшигчээ өөрчлөлгүй явсаар 1990 онд БНМАУ-ын дээд шүүх, шүүхийн дарга Ц.Шаравдорж, Дээд шүүхийн гишүүн Л.Баасан, Б.Цогням нар уг барилгыг МАХН-ын нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргажээ.
1992 онд МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн шийдвэрээр В.И.Лениний нэрэмжит улс төр соёлын төвийн /музейн/ нэрийг өөрчилж, хөдөлмөрчдийн соёл үйлчилгээний “Чандмань” төв болгосон аж. Уг шийдвэрийг гаргахад МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Б.Батхишиг, С.Дашдаваа, Д.Лүндээжанцан, Ч.Пүрэвдорж, Л.Түдэв, Б.Түмэн, Ж.Ядамсүрэн нар хуралдан уг тогтоолыг гаргасан байна.
Гэхдээ 1997 онд Лениний музейг төрийн өмчид авах талаар гомдол санал гарч, шүүхэд хандсан байх юм. Төрийн өмчийн хороо шүүхэд хандахад Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдааны бүрэлдэхүүн, дарга Ц.Сайнбаяр, шүүгч Т.Гариймаа, Л.Жаргал нарын шийдвэрээр Лениний музейн барилгыг төрийн өмч болгож авах хүсэлтийг боломжгүй гэж магадлагаа гаргаж, МАХН-ын мэдэлд хэвээр үлдэв. 1980 онд гаргасан комиссын актаар МАХН-ын өмч болсон учир төрийн өмчид шилжүүлэхгүй гэжээ. Ингээд Төрийн өмчийн хороонд Улсын дээд шүүхийн шүүгч Ж.Дашдорж уг барилгыг шилжүүлэх үед үйлчилж байсан хууль тогтоомжид улсын өмчийг олон нийтийн байгууллагад үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг Засгийн газрын зөвшөөрлөөр шийдэж байхыг заасан. Шийдвэр гарч Засгийн газар комисс томилж, Намын түүхийн институтэд шилжүүлсэн болохоор төрийн өмчид авах тогтоол гаргасан нь буруу” гэсэн хариу өгсөн гэнэ. Ингээд нам улсын өмчийг буцааж өгөхөөс шууд татгалзлаа.
Яваандаа асуудал үүсч мэдэхээр байсан учир үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж, үнэлгээ хийлгэж. 1998 онд Хөрөнгийн үнэлгээний төв Лениний музейн барилгын үнэлгээг хийв. 1997 оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар иж бүрэн барилга байгууламжийн шинэчилсэн үнэ нэг тэрбум 801 сая 356 мянга 300 төгрөг байна гэж тогтоож. Үүнээсээ найман сарын дараа барилгыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн аж. Үл хөдлөх хөрөнгө болгож бүртгүүлсэнээс 4-5-хан хоногийн дараа Улаанбаатар хотын МАХН-ын хорооны конторын зориулалттай гурван давхар барилгын хууль ёсны өмчлөгч хэмээн Улаанбаатар хотын Үл хөдлөх эд хөрөнгийн газраас гэрчилгээ олгосон байх юм. Угтаа бол, улсад ганц байх музейн зориулалттай барилга шүү дээ. Гэтэл тэд бүртгүүлэхдээ музейн барилга бус конторын зориулалттай барилга гэсэн гэрчилгээ авсан баримт бий. Ямар ч байсан ингээд нийслэлийн МАХН 2011 оны хоёрдугаар сарын 11 хүртэл намынхаа нэрийг сольтлоо дахиж эзэмшигчээ өөрчлөлгүй явсаар иржээ. Намынх нь нэр өөрчлөгдөн МАН болоход өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгүүдийн бүртгэлээ шинэчлүүлэв.
Саяхан болтол төрийн хөрөнгөөр барьж байгуулсан өмч хөрөнгө гэдгийг нийтэд мэдэгдэхээс өмнө МАН-ынхан өөрсдийнх нь барилга гэж ойлгуулсаар явсан. Улсын хөрөнгөөс зардал мөнгийг нь гаргаж, бариулсан музейн барилгын жинхэнэ эзэн нь төр гэдэг нь энэ баримтуудаар нотлогдож байгаа. Ашиглагч байгууллага МАН-ынхан улсын хөрөнгийг олон жил өөрийнх юм шиг өмчилж ирснийг залруулах цаг нь ийн болжээ.