Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цогц арга хэмжээг хэрэгжүүлж, шат дараатай хэд хэдэн ажлыг зохион байгуулсан. Тухайлбал автомашиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор парк шинэчилэх ажлыг эхлүүлж, зөвхөн нийтийн тээврийг таван шараас офицеруудын ордон хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээр явуулах болсон нь замын хөдөлгөөний ачааллыг 20 хүртлэх хувиар бууруулж чадсан юм.
Гэхдээ сүүлийн үед Хотын даргын замын хөдөлгөөний талаар авч байгаа шийдвэр иргэдийг бухимдуулах болов. Учир нь, буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гаригийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийхээр тэр шийдсэн байлаа. Энэ талаар олон нийтээс санал асуулга явуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан санал асуулга явуулахаар болсон. Санал асуулгын дүн ч гарч иргэдийн 75 хувь нь буруу шийдвэр хэмээсэн юм. Гэтэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-ний 15 цагаас эхлээд дахин санал асуулга явуулна гэж байсан.
Хотын даргын энэ болчимгүй шийдвэр иргэдийн дургуйг их хүргэсэн ч тэрээр өчигдөр энэ шийдвэрээ өөрчилжээ. Учир нь Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, буруу талдаа хүрдтэй машиныг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч нэг удаагийн санал асуулгаар иргэдийн олонхи татгалзаад байхад дахин санал хураах шаардлага байхгүй гэдгийг сануулсан нь гөжүүдлээд байсан Хотын даргыг шийдвэрээ өөрчлөхөд хүргэсэн бололтой.