Эцэг, эхчүүд ээ! Таны хүү, охин чинь хаана явна вэ. Та бодож үзсэн үү. Магадгүй таныг утсаар нь ярьж, хаана явааг нь асуухаар, “Өө хүү нь, охин нь Тэмкагийнд хичээлээ хийж байна, Уянгаатай хамт тоогоо бодож байна” гэж хэлдэг байх. Энэ үгэнд нь эцэг, эхчүүд та нар “Миний охин, хүү энэ хавар 11 дүгээр анги төгсөх юм чинь найзуудтайгаа хичээлээ хийж байг” гээд орхидог биз. Тэгвэл таны хүү чинь, охин тань найзындаа хичээлээ хийх бус харин ч найзуудтайгаа PC тоглоомын газар тоглож сууна. Өчигдөр Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг РС тоглоомын төвүүдэд гэнэтийн шалгалт хийлээ. НИТХ-аас баталсан журмын дагуу РС тоглоомын газар нь 23 цаг хүртэл ажиллах ёстой байдаг аж. Өвлийн улиралд 19, зуны улиралд 21 цагаас хойш насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх эрхгүй байдаг байна. Гэтэл сохор зоосны араас улайрсан хүмүүс таны хүүхдийн эрүүл мэндийг үл хайрлан цаг нарыг эс харгалзан 23 цаг хүртэл бус бүр 24 цагийн туршид хонон өнжин тоглуулж байна.
Шалгалтын багийнханд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар, Нийслэлийн цагдаагийн газрын чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Баатархүү, Нийслэлийн соёл урлагийн газрын Интернет тоглоомын газар хариуцсан мэргэжилтэн.... НМХГ-ын Хүнсний аюулгүй байдлын байцаагч Нэргүй болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Шалгалтын багийнхны гол зорилго нь РС тоглоомын төвүүдийг хаах бус, байгаа нөхцөл байдлыг нь хэвлэл мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэх явдал байсанд оршино. Учир нь, РС тоглоомын үйлчилгээ эрхлэгчид маань холбогдох газруудаас ямар нэгэн зөвшөөрөл авдаггүйтэй адил. Тухайлбал, ажлын байрны дүгнэлт, галын аюулгүй байдлын дүгнэлт, энэ төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох газруудаас авддагүй аж. Уг нь ийм зөвшөөрлийг холбогдох чиглэлийн мэргэжлийн байгууллагууд өгдөг байсан ч 2006 онд Засгийн газрын шийдвэрээр жижиг дунд бизнес эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгчдэд төрийн дарамт шахалт ирж, бизнес эрхлэхэд нь тээг болоод байна гэдэг үндэслэлээр бүх зөвшөөрлийг цуцалжээ. Үүнээс хойш, энэ төрлийн бизнес эрхлэгчдийн жолоог зоргонд нь хаясан гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, тэдэнд хууль үйлчилдэггүй болсон гэсэн үг.
Ажлын байрныхаа цонх, хаалганд 23:00 хүртэл ажиллана гэсэн цагийн хуваарь наасан дүр эсгэж залуус, хүүхдүүдийг хонон тоглуулдаг байна.
Шалгалтын багийнхан эхлээд Чингэлтэй дүүргийн эмнэлгийн урд байрлах “Angel” тоглоомын газраар 21:50 цагийн орчим орлоо. Хоёр давхар уг барилга тэр чигтээ тоглоомын газар аж. Залуус ихэвчлэн “Дото” гэх тоглоомыг тоглоно. Тав таваараа баг болж бооцоо, мөрий тавин өрсөлддөг гэнэ. Энэ мэтээр тоглосоор өглөө болтол тоглодог аж. Бидний эхний орсон газарт ихэвчлэн 20-27 насны залуус байлаа. Тэд согтууруулах ундаа болох архи, пиво ууж байгаа нь харагдсан. Харин тамхийг бол ёстой хэвийн үзэгдэл мэтээр хэрэглэнэ. Мөн энд тэдний үг хэллэг гэж авахын байхгүй. Гадаадын янз бүрийн үгийг элдвээр урсган хараах аж.
Шалгалтынхан дараагийн газар руу явлаа. Гэхдээ энэ шалгалт урьдаас төлөвлөж маршрут гаргаагүй, гэнэтийн гэдгээрээ онцлог байлаа. Байршлын хувьд түүвэрлэж орсон юм. Эндээс хөдөлж 3, 4 хорооллыг зорьсон юм.
Нийслэлийн хэмжээнд 500 гаруй РС тоглоомын газар байдаг аж. Нэг тоглоомын газар хамгийн багадаа 30 компьютертэй хамгийн ихдээ 300 компьютертэй байдаг юм байна. Нэг цаг тоглоход 600 төгрөг, хоногоор тоглоход 3000 төгрөг. Компьютерийн тоогоор хүүхдүүд хоногоор тоглолоо гэхэд хоногт 900000 төгрөгийн орлого олно гэсэн үг. Харин түүний хариуд 300 хүүхэд эрүүл мэндээрээ хохирдог гэдгийг энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс огтхон ч мэддэггүй. Дээрээс нь тоглож байгаа хүүхдүүдийн дунд тамхи татдаг нэг байхад татдаггүй нэгэн ч бий. Тэгэхээр нөгөө дам тамхидалт бол ёстой дээд цэгтээ хүрч байгаа юм. Нөгөөтэйгүүр дэлхий даяар зарж борлуулахыг хориглоод буй NONGSHIM бэлэн гоймонг РС тоглоомын газарт хэдэн арваар нь устгана. Мөн газтай ундааг хэдэн авдраар нь хоослоно. Хүүхэд залуус ингэж л хоногийн өнгөрөөж байна. Тэдэнд үнэхээр чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй нь уу гэхээр бас худлаа. Спорт зааланд найзуудтайгаа тоглосон залуус үргэлжлүүлээд л РС тоглоомын газар орж ирнэ. Тэгэхээр энэ нэг талаасаа дон, өвчин болж хувирчээ.
Мэргэжлийн эмч нарын өгч байгаа мэдээллээр РС тоглоом тоглосон хүүхдүүд нуруу бөөр, нүдний хараа, мэдрэл, сэтгэцийн өвчтэй болдогоос гадна өсөлт нь зогсдог аж.
Сэлэнгэ аймгаас ирээд жил болж байгаа ч гэрээсээ гараад сар гаруй РС тоглоомын газруудаар хоног төөрүүлсэн хоёр хүү бидэнд газарчилсан юм. Тэд Улаанбаатар хотын ямар РС хонуулдаг гэдгийг бараг гарын арван хуруу шигээ мэддэг гэнэ. Тэдний газарчилсан, бидний очсон дараагийн газар нь Баянгол дүүргийн нутаг 28 сургуулийн зүүн талын 32 дугаар байранд байрлах “Gameworld” тоглоомын газарт очсон юм. Энд мөн л тамхины утаа хотын агаарын бохирдол шиг болсон танхимд залуус компьютерийн гар нүдэж, хараал хэлнэ. Энэ газрын хувьд мөн л хоногоор тоглуулдаг байна. Хяналтын камерыг нь түүвэрлэж үзвэл мөн л цаг хэтрүүлэн тоглосон байх нь нотлогдов. Гэхдээ бид 23 цагтай уралдаж очсон болохоор тэнд тоглож байсан хүүхдүүдийг гаргаж, хаалгасан юм.
“Gameworld” тоглоомын төвийн хувьд нэлээд зөрчилтэй байсныг мэргэжлийн байгууллагынхан анхааруулж, зөрчлөө арилгахыг шаардлаа. Цахилгааны монтаж, сүлжээний утас нь ил байгаа нь гал гарах нөхцөл шалтгаан бүрдсэн байна гэдгийг НОБГ-ын байцаагч тогтоосон юм. Мөн дараагийн газар нь Бичил хороололд байрлах “Game Areana”. Энэ газрын хувьд 250 компьютертэй. Гурван VIP өрөөтэй. Нийслэлдээ нэлээн томд тооцогдох тоглоомын газар. Энэ газарт харин байдал бүр ч дорджээ.
Архиа ширээн дээр гаргаад тавьчихсан байх нь шалгалтынхны нүдэнд өртсөн юм. Харин үүнийгээ Т гэгч залуу, “Манай эхнэр бөө юм. Намайг архи аваад ирээрэй гэсэн юм. Би архийг нь аваад хийх юм олдохгүй болохоор нь дүүргийн цүнхэнд хийх гэж байсан юм” хэмээн тайлбарласан. Энэ тоглоомын төв нэлээн том учир хотын захын гэр хорооллынхон бөөнөөрөө ирж тоглочихоод буцдаг гэнэ. Тухайлбал, тус газрын 2 дугаартай вип өрөөнд Хайлаастаас ирсэн залуус тоглож байлаа. Энэ мэтчилсэн залуус бөөн бөөнөөрөө ирж тоглож, ДОТО хэмээх компьютерийн тоглоомын амтанд донтож байна. Бидний шалгалт оргил үедээ оржээ. Шөнийн 01:10 цагт Модны хоёрт байрлах тоглоомын төв, Зоос гоёлын арын байрны подвальд байрлах тоглоомын төвүүдээр орж, цаг хэтрүүлсэн учир хаалгасан юм. Залуусын үеийн сонсож байхад эхнэртээ ажил дээрээ оройтно гэж хэлээд тоглоом тоглож байж. Тиймдээ ч зурагтаар битгий гаргаарай нөгөө хүн харчихна, бөөн асуудал үүснэ шүү гэж гуйх. Тэрчлэн зарим нь та нар хүний эрхэнд халдлаа. Бид нэртэй айлын зүстэй хүүхэд байна хэмээн агсамнаж ч байсан юм. Мөн бидний нэг шөнийн шалгалт цаг хэтрүүлсэн тоглоомын төвүүдийг хааж лацдахдаа бус, цаг хэтрүүлэн ажиллаж, хонуутаар тоглуулж байгааг шийдвэр гаргагчдын чихэнд хүргэх байв. Тэрчлэн Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хаяг тогтоох төвөөс оргосон хэд хэдэн хүүхдийг ч энэ шалгалтын явцад илрүүллээ.
Монгол Улсын ирээдүй болсон, эх орны хувь заяаг авч явах залуус компьютерийн тоглоомд донтох нь. Тиймээс энэ төрлийн бизнес эрхлэгчдэд стандарт тогтоож, цагийн хуваарийг нь тодорхойлсон журам дүрэм баталж өгөх эрхийг нийслэлийн эрх баригчдад үлдээж, хариу хүсье.