Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ПҮРЭВСҮРЭН: ЗАХИРЛУУД НАД ШИГ МӨНГӨТЭЙ АРХИЧИН ХААНА ХАРАВ ГЭЖ ЗАГНАДАГ

Энэ хүнийг Биндэръяагийн Пүрэвсүрэн гэдэг. Нэг хэсэг архи гэдэг гашуун устай амьдралаа холбосон ч гэлээ өөрийн хүсэл, тэмүүлэл, зориг, оюун бодол бүхнээ дайчилсаар салж чадсан нэгэн. Архинаас гарах хувийн зорилгодоо хүрч чадсан тэрээр бусдад туслах дараачийнхаа зорилго руу ойртож яваа. Алс хэтдээ монголчуудын оюун ухаанд архины эсрэг дархлаа үүсгэхийг эрмэлздэг хүн юм. Одоо тэрээр “Эрүүл, идэвхтэй амьдрал клуб”-ын тэргүүнээр ажилладаг.

-Та өөрийнхөө тухай, ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Би архи нь хүний хэрэглээ, уух ёстой зүйл юм шиг л боддог байлаа. Залуугийн зангаар сонирхож, амсч, ууж явсаар нэг мэдэхэд архины архаг хэлбэрт шилжчихсэнээ өөрөө ч мэдээгүй. Тэгээд л архичин гэх нэр зүүчихсэнээ 2000 онд ойлгож, шийдвэрлэх гэж хичээж эхэлсэн. Наркологийн төвд хэвтэх, спираль тавиулах, өөр байгууллагад хандаж үзсэн ч бүтээгүй. Ингэж явсаар 2006 онд ухамсар зөнгөөрөө ч юм уу “Энэ архинаас яаж ийгээд салах ёстой” гэж бодогдсон. Архичин амьдрал мөнхөд урууддаг болохоор одоо больё, өөдөлье гэсэн бодол орж ирсэн хэрэг. Тэгээд сэтгэл зүй, оюун ухаан, уураг тархиа эмчлэх хэрэгтэй гэж үзээд сүүлийн зургаан жил тэмцлээ. Энэ хугацаанд “Эрүүл, идэвхтэй амьдрал клуб”-ыг бусадтайгаа байгуулж архинаас гарах гэсэн хүнд тусалъя гэж шийдсэн. Цөөхөн монголчууд оюун санаа, уураг тархи нь цэвэр, эрүүл байвал улсаа хөгжүүлж, дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний хүчирхэг болно гэж харсан учраас бид дэвшлийн хөтөлбөрөөр хүнийг архинаас гарахад тусалдаг юм.
-“Эрүүл, идэвхтэй амьдрал клуб” байгуулагдаад хэр удаж байна?
-Бид клубээ 2008 онд байгуулсан. Энэ хугацаанд 3000 гаруй залуучууд манайд харьяалагдаж, эрүүл болсон. Анхдагчид нь тав зургаан жил архи уугаагүй бол сүүлчийнх нь тав хонож байх жишээтэй. Бидний хийж байгаа ажил Монголд хэрэгтэй гэдгийг жил ирэх тусам ойлгодог. Тэр ч үүднээсээ манай хамт олон энэ ажилдаа сэтгэл хангалуун байдаг даа.
-Тэгэлгүй яахав. Архинаас гарч буй хүнтэй уулзана гэхээр гудамжинд ухаанаа алдчихаад хэвтэж байгаа хүмүүс нүдэнд буугаад байдаг. Гэтэл бодит байдал дээр дандаа эсрэгээрээ харагдлаа?
-Манай нийгмийн сэтгэлзүйгээр бол траншейны, гудамжны гэгдэх тэр хүн л архичин гэж ойлгодог. Энэ чинь маш өрөөсгөл ойлголт. Ер нь хэн ч траншейнд төрөөгүй болохоор траншейны хүн гэж байхгүй. Яахав нийгмийн бухимдал, хямралаас болж архинд орсон. Зарим нь ардчиллын эрх чөлөөг хязгааргүй гэж ойлгоод алдаа хийсэн. Үлдсэн хэсэг нь амьдралаа авч явж чадахгүй болоод нийгмээс шахагдахаараа траншейнд толгой хоргодсон хэрэг. Энэ бүхний цаад шалтгаан нь юу гэвэл архи гэдэг даруухан нэртэй этилийн спирт шүү дээ.
Бид уулзалт хийгээд явахаар зарим захирал, дарга нар эсэргүүцдэг. “Над шиг мөнгөтэй, компанитай, байр машинтай архичин хаана харав аа?” гэдэг. Мэргэжлийн дүгнэлтээр бол тэр хүн архины өндөр хамааралтай болчихсон байдаг. Гэрийнхэндээ дарангуйллын уур амьсгал үүсгэчихсэн, гадагшаа гарахдаа тэрийгээ нуучина. Тэр хүн мөнгөтэй байж болох ч гэр бүлээ хайрлах, сайхан уур амьсгалыг мөнгөөр авч чадахгүй шүү дээ. Гэхдээ энд бүх гэр бүлийг хэлж байгаа юм биш.
-Архинаас гарсан 3000 хүн танай клубтэй холбоотой гэлээ. Тэдний дунд траншейн эсвэл гудамжинд амьдарч байсан хүн хэр олон бол?
-Зөндөө зөндөө. 100 шахам хүн бий. Тэд “Би чинь ер нь амьдралынхаа доод түвшинд ирчихсэн явна. Өөдөлье, сайхан амьдаръя” гээд ухаараад зориглосон хүмүүс. Бид тэднийхээ зовлонг нэмэх гэсэн юм шиг траншейны, гудамжны гэж ярихыг боддоггүй. Яахав хүн алдаж болно, хамгийн чухал нь алдаагаа эргэж ойлгоод, дахин шинээр эхлэх зориг чухал. Одоо тэд маань сайхан энгийн амьдралдаа орчихсон яваа.
-Архинд орсон хүмүүсийг энгийн амьдралтай болгох ажлыг хийгээд та бүхэн таван жил болжээ. Ер нь, тэдний дунд нийтлэг эсвэл онцгой зүйл байх уу?
-Ямар нэг авьяастай, чадварлаг хүн байдаг шүү. Өмнөх нийгмийн үед гарын уртай, чадвартай хүмүүсээр юмаа хийлгэчихээд оронд нь архи авчирч өгдөг байлаа. 10 мянган төгрөгний ажил хийлгэсний хөлсөнд 4000 төгрөгний архи авчраад өгчих жишээтэй. Ийм байдлаар архинд орсон хүн цөөнгүй. Тэгэхээр ямар нэг онцгой авьяас, чадвартай хэрнээ цагаан цайлган сэтгэлтэй тийм л хүн байх нь элбэг. Архичин гэхээр л муу хүн гэж ойлгодог нь буруу. Дотоод мөн чанар, сэтгэл зүйг нь харахаар тэс өөр байдаг.
-Архитай тэмцье, архичинтай тэмцье гээд л ярих юм. Таны бодлоор архидалтын асуудлыг яаж шийдэх ёстой вэ?
-Архитай тэмцээд, архичинтай тэмцээд амжилт олохгүй. Харин тархинд байгаа архины тухай элдэв ойлголтыг л арилгах хэрэгтэй. Төр олон аргаар тэмцсэн, архины үйлдвэрийн лицензийг хааж үзлээ. Архиар үйлчлэх цагийг хязгаарлаж, худалдаалах нас тогтоож өгсөн ч архидалт буураагүй. Өөр улсад ч ийм арга хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл хүн гэдэг амьтны уураг тархийг анхааралдаа авахгүйгээр архидалт зогсохгүй. Архи гэдэг этилийн спирт хүнийг мансууруулж, хяналт алдуулж, тархины эд эсийг үхүүлээд байхаар тэнэгрэл гэдэг зүйл рүү ордог. Донтоод ирэхээр архийг байнга нэхдэг эд эсүүд тархинд бий болдог. Тэгэхээр бид тархи оюуныг нь эмчилвэл дэлгүүрт зардаг, үйлдвэрлээд байдаг архины хэрэглээ хязгаарлагдана. Хэрэглэхээ больчихвол аяндаа зах зээл нь хумигдан, үйлдвэрүүд нь ч хазаарлагдана шүү дээ.
-Бас архитай холбоотой хуулийг чанд биелүүлэх чухал байх?
-Тийм ээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 21 нас хүрээгүй хүнд архи худалдах, үйлчлэхгүй гээд 12 жилийн өмнө заачихсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд архийг голлон хэрэглэдэг хүн нь нөгөө 21 хүртэлх насны залуучууд болчихсон байгаа биз. Хоёрдугаарт, 2500 хүний дунд нэг согтууруулах ундаа борлуулдаг цэг байх ёстой гэж хуульд бас заажээ. Гэвч саяхан судлаад үзэхэд 170-180 хүний дунд нэг цэг байгааг тогтоосон. Өнөө 2500 хүний дунд 20 шахам архи зардаг газар байна гэсэн үг.
Хуулийг иргэд нь мэддэггүй юм гэхэд аймаг, сумын Засаг дарга, удирдлагууд хуулиа мэдэж, дагамаар байна. Хуулиар бол бараг нэг суманд архи зардаг ганцхан газар баймаар. Гэтэл захын сум 10 гаруй дэлгүүр, баартай. Энэ бүхэн нөгөө л авлигал, танил тал гэдэг зүйлээр бий болсон гэж боддог юм.
-Таны ажил хэргийг дэмжих хүн олон байх. Эсэргүүцэгч хэр олон таардаг бол?
-Төр архидалтын эсрэг маш их ачаа үүрч байна. Бид хэдий ТББ боловч төрийн ачаанаас чадах, ядахаараа хамжихыг хичээдэг. Ядаж энэ асуудлыг өөрөө туулаад ирсэн, зовлонг нь мэддэг болохоор чадах зүйлээ хийхийг хүсдэг юм. Яахав зарим дарга, захирлууд үгүйсгэж “Бүтэхгүй дэмий зүйл” гэж хэлдэг ч түүнийг нь бид тоодоггүй. Тэр хүн өөрөө архинд дуртай, тодорхой хамааралтай болохоороо биеэ өмөөрч ийнхүү хэлдэг байх. Архины дэлгүүр, үйлдвэрүүдээс ч эсэргүүцэл ирдэг. Гэхдээ бид үйлдвэртэй тэмцээгүй, дэлгүүрийг ч хаах гээгүй. Харин Монгол хүний оюун ухаантай л ажилладаг. Мэдээж бидэнд урам өгч, дэмжих хүн олон таардаг. Монголд архины 187 үйлдвэр байсан бол хасагдсаар өнөөдөр 100 үлдсэн. Цаашид энэ тоо улам цөөрөх байх. Тэгэхээр хор багатай, сайн шүүдэг ч гэх юм уу технологи, чанарын хувьд харьцангуй сайн үйлдвэр үлдэх байх. Энэ бол ахиц. Бидний зорилго бол монголын ирээдүй битгий архитай хамт байгаасай гэсэн чин хүсэл юм.
-Монголын ирээдүйг авч явах хүүхдүүд өнөөдөр архидалттай орчинд амьдарч, архидахыг сурч хүмүүжиж байгаад олон хүн сэтгэл зовнидог?
-Гадаадын жишгийг харвал архидалттай тэмцэх ажлын 80 хувийг урьдчилан сэргийлэх буюу хүүхдүүдэд хор хөнөөлийг таниулдаг. Үлдсэн 20 хувьд нь архинд донтсон хүнд зориулдаг юм билээ. Гэтэл манайд 80 хувь нь архинаас гаргах, 20 хувь нь урьдчилан сэргийлэх ажил болчихож. Энэ ч аргагүй юм. Монголд хүүхэд нь аавыгаа харж, даган дуурайж хүмүүждэг уламжлал аль эртнээс тогтчихсон. Харин одоо тэр уламжлалаар явбал чиний хэлсэн шиг аавыгаа харж архи ууж сурах нь байна. Тийм учраас бид эхний ээлжинд гэрээсээ архийг гаргаач ээ гэж үйл ажиллагааны 80 хувийг насанд хүрэгчдэд зориулж байгаа. Гэрээсээ архийг хөөгөөд гаргахын эхний алхам нь сүү өргөдөг явдал. Дараачийн ажил нь баяр ёслол гэдэг ойлголтыг архинаас салгаж ойлгодог болох. Баяр дөхөхөөр л дураараа “сайхан” ууна даа гэж ярьдаг. Зарим нь согтуу хүн харахаараа өнөөдөр чинь ямар баяр билээ, төрсөн өдөр тэмдэглэсэн юм болов уу гэж бодох жишээтэй. Энэ буруу ойлголтыг өөрчилчихвөл их том алхам болно.
-Ядаж гэртээ архи уудаггүй болчихвол их том дэвшил шүү?
-Аав, ээжүүд архи уумаар байвал ядаж ресторан, бааранд очих хэрэгтэй. Гэртээ, хүүхдүүдийнхээ дэргэд битгий алиа салбадай шиг аашлаач. Ямар ч баярыг гэртээ архигүй тэмдэглээд сурчих. Тэгвэл таны хүү, охин чинь баяр гэдэг зүйлийг архигүй байх ёстой гэж л ойлгож, төлөвшинө. Одоо байгаа 700-800 мянган өрх бүр баяраа архигүй тэмдэглэдэг болчихвол Монголын ирээдүйд баяр болгон архигүй байж чадна шүү. Баярлах, цэнгэх, хөгжилдөх, хамтдаа сайхан байхыг л баяр гэж хэлнэ. Түүнээс согтож хөлчүүрхээд, муудалцаж зодолдоод, фактлахыг баяр гэдэггүй.
-Тийм ээ. Танай клубын 3000 хүн архинаас амьдралаа салгаж авсан нь нийгэмд их эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна?
-Тэгэлгүй яахав. Нэг хүн архинаас гарахад л бид баярладаг. Тэр хүний ард аав ээж, ах дүү, эхнэр хүүхэд гээд олон хүн сэтгэл амгалан болно. Архинаас гарсан нэг хүн 100 хүнд нөлөө үзүүлдгийг судалж тогтоосон. Тэр хүнийг нэг өдөр харна, нэг сар, нэг жил хараад огт архи уухгүй байвал яаж ийм болов гээд л боддог байх жишээтэй. Архийг хаясан нэг хүн дор хаяж 10 хүнд нөлөөлдөг гэж үзвэл манай залуус нийт 30 мянган хүнд үлгэр жишээ болжээ. Тэгэхээр хэдий 3000 гэдэг тоо бага юм шиг боловч бид үүнийгээ том амжилт, маш сайн үр дүн гэж хардаг. Мэдээж цаашид энэ тоо нэмэгдэнэ. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 52 залуу манай клубын гишүүн. Тэд сумынхаа шинэ жилийг архигүй тэмдэглэх уриалга гаргахад өнгөрсөн баярын үеэр сумын хэмжээнд ердөө гуравхан шил архи зарагдсан гэсэн. Энэ чинь л сайн үр дүн, том өөрчлөлт шүү дээ. Ийм амжилтыг олж хараад, хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй.
-Урьд нь улс даяар архидалтын эсрэг олон ажил хэрэгжүүлсэн. Гэхдээ танайх шиг амжилтаа бататгаж яваа нь санаанд буухгүй юм?
-Тийм ээ, олон ажил хийсэн. Ерөнхийлөгчийн нэрэмжит туг аялж, архитай тэмцэх үеэр тугийг нь хүлээж авсныг тэмдэглэж архи тулгаж байсан жишээ бий. Иймэрхүү “хуурай” хөтөлбөрүүд олон л доо. Гэхдээ зориуд нэг зүйлийг хэлэхэд архины эсрэг ажилд одоогийн Ерөнхийлөгч маш их хувь нэмэр оруулсан. Яагаад гэвэл бид оюунаараа архийг хая гэж анх ярьж явахад ойлгох хүн цөөн байлаа. Гэтэл Ерөнхийлөгч нэг шинэ жилээр сүү өргөж амьдаръя гэж хэлсэн нь нийгэмд маш хүчтэй цочроо өгсөн. Хэрэв бид зурагтаар “Бүгдээрээ сүү өргөе” гэж хэлсэн бол магадгүй нийгмээрээ шоолоод өнгөрөх байсан биз. “Дэлхий даяар шампанск өргөж байхад хэдэн солиотой юм сүү өргө гэнэ ээ” гээд л. Харин Ерөнхийлөгчийн үгийг олон янзаар хүлээж авсан. Дэмжиж, үгүйсгэж, шоолж, шүүмжилсэн. Гэхдээ л дараа жил нь монголчуудын 20 хувь нь сүү өргөсөн юм даа. Харин энэ шинэ жилээр иргэдийн 50 хувь нь сүү өргөсөн гэдэгт итгэлтэй байна.
-Энийг улс төржүүлж, Ерөнхийлөгч сурталчилгаагаа хийлээ гэж харах хүн олон байсан шүү?
-Тэгж харах хүн бий. Гэхдээ улс төрчийн сурталчилгаа гэхээс илүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид аль нэг намын хараан дор ажилладаггүй. Манай ТББ-ын ажиллах гол зарчим бол Монгол хүн бүрийн эрх ашгийг эрхэмлэх. Бидний хувьд намын архичин гэж огт байхгүй. Ер нь, сэтгүүлчид хүртэл хэний сурталчилгаа вэ гэх өнцгөөс асуудаг. Тэр хүмүүст дураараа улс төржиж болно оо, гэхдээ Монгол Улсын язгуур эрх ашиг, Монгол хүний эрүүл ухааны асуудлаас улс төрөө хол байлга гэж хэлэхийг хүсч байна. Нийт хүн амын 51.2 хувь нь архи уудаг, 27 хувь нь донтох төвшний болчихсон. Дэлхийд байхгүй энэ тоог бууруулах ажил улс төрөөс хол байх ёстой ч төртэй хамтарч хэрэгжүүлэх нь зүйтэй байх. Гадныхан биднийг оюуны хоосролтой, архины мансууралтай, сэтгэцийн өвчтэй хэдхэн хүн ямар их баялагтай газар дээр байна вэ гэж харж байгаа. Одоо үүнийг ухаарах цаг болчихсон шүү.
Манай залуучууд саналаа нэгтгээд нэг архи үйлдвэрлэдэг газрыг арьс боловсруулдаг газар болгоё гэж бодож, хэрэгжүүлэхээр болсон гэдгийг энэ дашрамд дуулгая. Энэ ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн байгаа. Биднийг зорьж ирсэн залуус архинаас гарсан хэдий ч эргээд ажилд ороход хүндрэлтэй байдаг. Тэгвэл энэ үйлдвэртээ тэднийг ажиллуулах, цаашид амьдралын бололцоог нь тогтмол хангах юмсан гэж бид шийдсэн.
Төслөө боловсруулаад төрөөс зээл авах саналаа хүргүүлчихсэн. Архи үйлдвэрлэж олон хүний эрүүл мэнд, оюун санаа, нийгмийн харилцаа, гэр бүлийг хохироодог газрын чигийг өөрчилнө. Тэгээд зөв төлөвших, ашгийн тодорхой хувийг архидалтын эсрэг ажилд зориулах зэргээр нийгэмд сайхан зүйл бүтээдэг газар болгох нь бидний гол зорилго.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Сайхан ажилд тань амжилт хусье! Би ч гэсэн нэгдмээр байна. Яаж холбогдох уу.
Хамгийн их уншсан