Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ЦЭВЭЭНРАВДАН: ХОВДЧУУД ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙН АДИЛ ЗУТРУУХАН Л ӨВӨЛЖИЖ БАЙНА

Аймгуудын Засаг дарга нар Шинэчлэлийн Засгийн газраас албан ёсоор даалгавраа авахаар нийслэлд иржээ. Засгийн газрын салбар бүрийн сайд нар аймгуудын Засаг дарга нар хариуцсан чиглэл, бодлого, төлөвлөлтөөр номын дуу сонсголоо. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай уулзаж орон нутгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Аймгийн хэмжээнд өвөлжилт хэр байна вэ?
-Энэ жилийн хувьд сайхан өнтэй өвөл болж байна. Алтайн хэсгээрээ жаахан цастай. Бусад сумаар цас нь гайгүй, хүйтний эрч бусад аймагтай харьцуулахад сул байгаа учраас ард иргэд, малчдад амар байгаа.  
-Танай аймгийн хувьд ду­лааны цахилгаан  станц хувьчлагдсанаас хойш жил бүрийн өвөл түргэн ава­хуулдаг болчихсон. Энэ өв­лийн хувьд байдал ямар бай­на вэ. Дулааны шинэ эх үүсвэр барихаар төлөвлөсөн зүйл бий юү?
-Ховдчууд өмнөх жилүү­дийн адил зутруухан л өвөл­жиж байна. Дулааны цахил­гаан станцынх нь хүчин ча­дал хүрдэггүй, газар доор­хи дамжуулах шугам хоо­лойнууд нь муудсанаас ачааллаа даахаа больчихсон. Шинэ цахилгаан станцыг ирэх хавар барьж эхлээд 2016 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар болсон. Мөн газар доорхи шугам сүлжээг шинэчилнэ. Нөгөө талаар, Ховд аймаг Улаанбаатараас дутахгүй агаарын бохиролтой болчихсон. Утааг бууруулах талаар ирэх дөрвөн жилийн хугацаанд дорвитой ажил хийхгүй бол болохгүй нь ээ.
-Ховд аймагт энэ оны улсын төсөвт хэчнээн төгрөг суулгасан юм бол. Хийх томоохон бүтээн байгуулалт юу байна вэ?
-Аймгийн урсгал зардал гэвэл 60 орчим тэрбум төг­рөг байгаа. Нийт хөрөнгө оруулалтын зардалд 70 орчим тэрбум. Эдгээр хөрөнгийн 60 орчим хувийг зам барилгын ажилд зарцуулна. Анх удаа орон нутгийн хөгжлийн  санд 10 тэрбум төгрөг суусан. Хов­дыг Монгол орны жишиг хот болгон хөгжүүлэх бодлого ба­римталж, шинэчилсэн төлөв­лөгөө хийж байна.
-Баян-Өлгийтэй холбо­сон шороон замын ажил дууссан уу. Холын айм­гуудыг хатуу хучилттай за­маар холбох ажил хамгийн сүүлд хийгдэж буйд иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа шүү дээ?
-Баян-Өлгий аймгийн төв рүү холбосон шороон замын ажил үргэлжилж байгаа. Ирэх хавраас энэ чиглэлээс гадна бусад зам барилгын томоохон ажлуудыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
-Ховд аймаг баруун бүсийн тулгуур гэдэг. Жи­жиг, дунд үйлдвэрлэл хэр хөгжиж байна вэ?
-Манай аймгийн хувьд үйлдвэрлэл хөгжөөгүй айм­гийн тоонд багтдаг. Жилдээ аймгийн хэмжээнд найман тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явж байна гэсэн тоон мэдээлэл бий. Найман тэрбум төгрөгийн хоёр тэрбум нь Дөргөний усан цахилгаан станцынх, нэг тэрбум нь дулааных, нэг тэрбум нь цэвэр, бохир ус татан зайлуулсны төлбөр байх жишээтэй. Тоосгоны үйлд­­­вэрүүд 600-700 сая төг­рөг, бусад нь гурил, гури­лан бүтээгдэхүүн, ахуйн хэрэг­цээ­­­­­­­ний бүтээгдэхүүн эзэлж бай­гаа. Иймээс цаашдаа үйлд­­вэрлэлийг бодитойгоор хөгжүүлмээр байна. Аймгийн хэмжээнд иргэдийн гар дээр 90 тэрбум төгрөг эргэлдэж байгаа гэсэн тооцоо бий. Гэтэл эдгээр мөнгө нь Улаанбаатар хот болон Хятадын бараа бүтээгдэхүүнд л зарцуулагдаж байна. Тиймээс эдийн засгийн энэ бүтцийг өөрчилж, ард иргэдийн гар дээр байгаа мөнгөний 50-60 хувийг орон нутагт нь үлдээмээр байна.
-Аймгийн төвд Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар сая ам.долларын өртөгтэй цементийн үйлдвэр баригд­сан юм билээ. Харамсалтай нь, халуун орны технологиор барьчихсан учраас огт ашиг­лаагүй гэж байсан. Тех­­­нологийн горимыг нь өөрч­лөөд ашиглалтад оруулах боломжтой юу?
-Улаанбаатарт өнөөдөр це­ментийн үнэ 7000-8000 төг­рөг байхад Ховдод 13000-16000 төгрөг байх жишээтэй. Үнээ­сээ шалтгаалаад барил­га барихаар зардал яах арга­гүй өндөр гардаг. Цемен­тийн үйлдвэр барихаар төлөв­лөж байсан. Гэтэл Баян-Өл­гийд ба­­­­­­­риг­дахаар болчихож. Тэгэ­хээр аймгуудын удирд­лагууд ярилцаж байгаад Засгийн га­зарт нэг шийдвэр хэлэх хэ­рэг­­тэй болчихлоо. Баруун бү­­­­­сийн хэмжээнд ганцхан л үйлд­вэр байх шаардлагатай. Тэ­­гэхгүй бол олон үйлдвэр зэ­рэг барьчихвал дампуурна шүү дээ.
-Хөшөөтийн уурхай тойр­­­сон асуудлын талаар тодруулмаар байна?
-Хуулийн дагуу Хөшөөтийн уурхай стратегийн орд газар шүү дээ. Нүүрсний нөөцөөрөө ч тэр, улсын төсвийн мөнгөөр хайгуул хийсэн гэдгээрээ ч тэр шүү дээ. Гэтэл олон улсын хөрөнгө оруулалттай Хятадын “Мон Эко” компанийн эзэм­шилд очсон.  Миний хувьд хуу­лийн дагуу стратегийн орд газар байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Засгийн газар мөн энэ байр сууринаас санал боловсруулж, УИХ-аар оруулахаар ажиллаж байна. Удахгүй энэ асуудал шийдэгдэх байх.
-Шинэчлэлийн Засгийн газраас аймгуудын удирд­ла­гуу­­дад эрх мэдлийг нь өгье, эргээд хариуцлагаа ч нэхье гэдэг бодлого хэрэг­жүүлэхээр болсон. Энэ ту­хайд танай бодол?
-Ер нь, орон нутагт эрх мэ­дэл нь ч очих ёстой. Үүрэг хариуц­лагаа ч хүлээх ёстой. Яагаад гэвэл, Монгол орон том газар нутагтай учраас орон нутгийнхаа эрх мэдлийг эртнээс нэ­мэгдүүлэх шаардлагатай. Ингэж байж орон нутаг хөгжих ёстой. Улаанбаатараас хараат, асуудлаа зохицуулдаг нь  яагаад ч оновчтой бодлого биш байсан.

У.Бадам

0 Сэтгэгдэл
Орон нутагт эрх мэдэл очвол хөгжих юм гэнэ. Эрх мэдэл нь багадаад байгаа юм байна л даа. Хүнийг хавчин хяхах, ах дүүсээ, мөнгөтнй, өнгөтэйг нь ажил албанд шургуулах байдлаар 70 саяын төлбөрөө хийхэд эрх мэдэл нь хүрээд байдаг. Нутаг усаа хөгжүүлэх болохлоор эрх мэдэл нь хүрдэггүй ч гэх шиг. Нохойноос цаана хуцлаа л даа.
Хамгийн их уншсан