Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Матарчдын” үүрэнд +18

Дезоморфин нэртэй хар тамхийг оросын мансуурагчдын “мэргэжлийн” яриандаа крокодил буюу матар гэж нэрлэдэг. Матарчдын үүрэнд өдөр яаж өнгөрдгийг харуулсан фото сурвалжлагыг хүргэж байна.


Паша Яна хоёр 10 хамт амьдарч байгаа нэг гэрийн хоёр. Тэд гурван жилийн турш “матардаж” байгаа. Хотын героиныг эргэлтийг хар тамхитай тэмцэх албаныхан бүр 2008 онд нам хаачихсан болохоор одоо хотын хар тамхичдын 90 хувь нь дезорморфин буюу матар тарьж дээсэн дөрөөн дээр дэнжигнэцгээдэг. Үүр гэж нэрлэгддэг энэ оромж нь нэг давхарт байдаг хоёр өрөө байр. Тавилга гээд байхаар юм бараг байхгүй. Байраар йодын хүчтэй үнэр, ханаар нь дүүрэн шар цэг. Галын өрөөний хананд асар том шар толбо. Хоёр жилийн өмнө “матар” найруулахаар бэлдсэн нь дэлбэрснээс болоод тэр аж. Халаах үед хуванцар сав тэлэлтийг дийлэлгүй зад.
10 цагийн үед Пашагийн дүү охин Лида гарч ирэв. 28 настай хүүхэн. Араас нь Катя нүдээ нухсаар бас гарч ирлээ. Өглөө тарих “матар”-аа орой бэлдээд үлдээдэг. Ингэлгүйгээр амь орж, хөдөлж чадахгүй. Улаавтар өнгөтэй шингэнийг тариурт сурмаг бөгөөд хурдан гэгч соруулан авцгаана. Уг нь Яна өнөөдөр байцаагч дээрээ очиж бүртгүүлэх ёстой. Харин Катя ажилдаа ч тэр, гэртээ ч тэр очилгүй бүтэн гурав хоночихсон.


Дараагийн “матар”-т шаардлагатай зүйлсийг шалгалт хийв. Шоргоолжны хүчил, бензин хоёр дуусчихсан болохоор Яна нь Катяг шатахуун түгээгүүр рүү явуулав. Хэдээр хэдийг авах вэ гэдгийг сүүлийн копейк хүртэл маш нарийн тооцсон. Бензин доод тал нь хоёр литрээр зардаг болохоор 50 рубль. Дээр нь ойролцоох шатахууны түгээгүүрт хуванцар саванд хийж өгдөггүй болохоор жолооч нарыг гуйх хэрэгтэй. Зарим жолооч нар үнэгүй хийгээд өгч ч магадгүй болохоор Катя нь яг таарсан мөнгө л өгнө. Катя нь ногооны агуулахад ачигч хийдэг бөгөөд “матарчдын” дотроос ажилтай цорын ганц хүн. Гэсэн хэдий ч оромжныхон Катяг нүд үзүүрлэнэ. ДОХ-той, дээр лесби болохоор тэр.
Бензин бэлэн байдалд ороогүй болохоор буланд тавиад “амраана”. Бүгд ээлжит “матар” бэлдэх ажилдаа орлоо. Лида седал-мийг номны хуудсан дээр шилэн савны ёроолоор нухалахаар явав. Паша тавган дээр шоргоолжны хүчил асгаад шүдэнзний зуруулын фосфорыг шүдний сойзоор үрлээ. Яна нь нийлүүлж хольсон элдэв зүйлтэй хуванцар савыг хольж хутгахаар өрөө рүү явав.


Цонхны цаана цас, ханан дээр, толины доор зурагтай цагаан толгой. Энэ цагаан толгой бас Янагийн үсэнд байгаа үсний “обруч” хоёр Танягийнх. Таня нь Яна, Паша хоёрын охин, найман настай. Халамжийн байгууллагуудын шийдвэрээр хагас жил гаруй түр халамжлах газар байгаа. Удахгүй охиныг асрах газар руу шилжүүлнэ. Яна үүнээс хамгийн их айна. “Охиноо эргэхийг бол зөвшөөрдөг юм. Тэр маань тэнд нэгдүгээр ангид орчихсон. Гэхдээ байцаагчий хэлдгээр охин тэнд байсан нь сайн байх л даа. Гэхдээ л охиныг асрах газар өгч яагаад ч болохгүй” гэж Яна тайлбарлана.
Өрөө рүү Лида шагайчихаад яваад өгөв. Түүний есөн настай хүү Ваня нь бас л түр халамжлах байранд байгаа ч Лида энэ талаар ярих дургүй. Хүүгийн эцэг нь хар тамхи хадгалсан, тараасан хэргээр шоронд байгаа. Хэзээ гарахыг Лида мэдэхгүй.
Яна тариур, шошго ашиглах гараар хийсэн жинлүүрийн хажууд зогсоод орцны бодисуудыг жинлэг, харьцааг нь тааруулна. Жингийн туухай нь чүдэнз. Хар тамхичдын ахуй дээд зэргийн хэмнэлттэй аж.


Бүх орцыг шилэн саванд хийгээд урвалд оруулахын тулд “пэлэтэк” дээрх давсан дотор суулгана. Урвалыг Паша удирдана. Савыг яг болсон үед авч, яг хэрэгтэй үед нь усаар найруулах ёстой. Савнаас утаа савсааж, дотор улаан өнгөтэй шингэн пургилна. 10 минутын дараа шингэн бэлэн. Утаа савсана. Лида тамхины шүүлтүүрээ дамжуулан шингэнийг тариураар болгоомжтой соруулан авлаа. Авснаа хүн болгоны хувийн тариурт 1,5 мл-ээр тарааж өгөв. Үүний дараа тропикамид гэдэг нүдний дуслаар шингэлэх ёстой. Нүдний дусал “матар”-ын үйлчилгээг хүчтэй болгодог ч хугацааг нь богиносгочихдог. Дээр нь их үнэтэй, 150 рубль. Гэвч нэг удаад л нэмээд үзчивэл ахиад цэвэр “матар” хэрэглэж чаддаг хүн байхгүй. Нүдний дуслын төлөө ямагт дайн болно. Хүн болгон өөрийн дуслаа нандин гэсэн газраа хадгална. Яна оймсондоо, Паша биеийн тамирын өмдний халаасандаа, Лида цамцан доороо. Бүгд өөр өөрийн тариуртай. Ингэвэл аюул багатай. Бүгд С гепатиттай. Гэхдээ Катяг тооцохгүй бол ДОХ-той хүн байхгүй. Тариураа байхуу цайны саванд хадгална. Тариур нь инсулин тарьдаг нарийхан, богино зүүтэй.
-Паша надад шахаад аль гэж Лида гуйна. Толгойгоо гэлжийлгээд нүдээ аньж, цээж дүүрэн амьсгаа аваад хамраа чимхэв. Паша баримжаалж байгаад зүүг хүзүүнд нь тултал нь хийв. Хэсэг хүлээгээд талд нь хүртэл сугалж байгаад дахид хийв. Судас олдохгүй байгаа юм байж. Дараа оллоо. Шахав.
-Паша гадуур нь гэж Лида нүдээ нээлгүй хэлэв. –Гадуур нь.
Хураагуур судсыг онохгүй бол “матар” яг л галаар төөнөж байгаа юм шиг түлнэ.
Паша зүүг сугалаад цусыг хуруугаараа арчингаа хөхрөн харагдах судсыг дахин хялайн харж байгаад хатгалаа.


-Баярлалаа гэж Лида эелдгээр хэлээд “пэлэтк”-ний хажуудах жижиг сандал дээрээ суув. Тамхи гаргаж асаасан ч хагас минутын дараа тас. Завж нь унжин сандал дээрээ гулсан тонгойж эхэлснээ огцом гэдийсэн ч удалгүй ахиад унаж эхлэв. Асаасан тамхи нь доод уруул дээр нь наалджээ.
“Матар” судсанд орсны дараа харанхуй эхэлнэ. Бүх булчин суларч, бүх бодол санаа үгүй болоод нүдний өмнүүр харанхуйлна. “Чиний дотор юу ч байхгүй, чи ч өөрөө байхгүй. Дэлхий ертөнцөд бүх юм зүйтэй гэсэн мэдрэмж л бий ” гэж Яна сул дуугаар тайлбарлана. Ямар ч кайф, хий юм харах энэ тэр байхгүй. 20 минут амьдрал, ертөнцөөс гадуур.
Дараа нь Катя харанхуй руу умбалаа. Пашагийн хөл, гарын судас байхгүй болсон болохоор ташаагаа удаан гэгч нь дарж үзэв. Тэгэж тэгэж олж хатгачихаад бас л умбаад алга болов. Байдгаараа атийж, хамаг биеэ чангалсан Яна ганцаар үлдлээ. Боолтын үзүүрийг зуужээ.
Янад зүү хатгах газар алга. Хавагнасан зүүн гар нь шуунаасаа мөр хүртлээ хөх ягаан өнгөтэй, бэрсүү доороос нь заримдаа идээ цувна. Баруун гар нь судасаа дагасан хөх няц, бэрсүүгээр дүүрэн. Хөл нь мөн л хөх ягаан. Өглөө тарих гэж оролдсоны ул мөр.

“Наадахаа хар даа сайхан байна гэнэ ээ. Гэтэл би ийм байдаг” гэж Яна хэлээд Лида руу толгой дохив. Хүзүүний судас руугаа тариулахын тулд биеийн жин хэвийн байх ёстой. Гэтэл Яна, Паша хоёр турж эцээд хүзүүний судас нь зүү хүрэх боломжгүй гүнд орчихсон. Яна өвөл жингээ үзэхэд 37 кг байсан, одоо бүр ч турчээ. Яна лангуун дээрх мах үзэж байгаа мэт бие тэмтэрч барилна. Тонгойгоод шөрөс, судас болгоноо машин нарийн шалгалаа. Тэгэж тэгэж баруун гарын шуугаа хоёр хөлөн завсраа хийж хавчив. Гэвч минут бололгүй буцаад гэдийлээ. Судас нь хагарчихсан болохоор ахиад л судасны эрэлд гарав. Заримдаа хэдэн цагаар гайгүй судас хайдаг ч энэ удаад 15 минутын дотор амжуулчихлаа. Яг энэ үед Лидагийн “матар”-ын үйлчилгээ дуусч сэрэв.
Сэрсний дараа ам их цангана. Лида данхаа тавиад аягандаа чихэр хийв. Өдөртөө хэдэн кг элсэн чихэр хэрэглэнэ. Цайгаа хурдан уугаад, тамхиа хурдан татацгаана. Дараагийн “матар”-аа бэлдэх ёстой, цаг давчуу. Тэгэхгүй бол цаг хагасын дараа “матар”-ын шарталт эхэлнэ. Харин “матар”-ын шарталтыг тэсч гарч байсан хүн байдаггүй. Өмнөхтэй ойролцоо тунгаар л бэлдэнэ. Уусмалыг хадгалж болохгүй. Ийм хор найруулж, чанах үйл явц тасралтгүй явагдах ёстой. Ийм болохоор матарчид үүрлэж амьдардаг.


Яна 32-той ч гэлээ хэдийн 50 гарсан хүн шиг царатай. Туранхай гэж жигтэйхэн. Яна явахдаа тэнцвэрээ барьж чаддаггүй тул хөлөө арай ядан зөөн урагш хойш ганхан алхана. Зогсохын тулд заавал хананд тулж зогсох хэрэгтэй. Одоо ч мөн адил дайвалзан алхалаад гэртээ цэвэрлэгээ хийх гэж ядна. Чадал нь зурагтны тоосыг арчихад л арай ядан хүрэв. Энэ гурав бүгд нэг сургуульд сурж байсан. Паша 14-тай байхдаа ачигдаж 18-тайдаа гарч иржээ. Харин Яна 19-тэй байхдаа мансууруулах бодис хадгалсан, тараасан зүйл ангиар сууж. Тэгээд Паша ээжид нь шорон руу захидал бичнэ гэж амласан аж. Ингээд захидлаар харилцаж, илгээмж явуулахдаа явуулсаар дотно танилцжээ. Янатай хамт сууж байсан цыган хүүхэн Пашаг царайлаг залуу байна, та хоёр хамт байна гэж хэлжээ. Тэгээд л...


Яанагийн утас дуугарлаа. Хэдэн сольсноо хаалгаа онгойлгохоор явав. Важик иржээ. Важикт хороо чанах газаргүй болохоор ийшээ банйга ирдэг. Төлбөр болгож бүгдэд нь хор чанаж өгөхөөр болжээ.
-Наадах чинь надад 300 рублийн өртэй шүү гэж Лида Пашад анхааруулав.
-Тэгвэл одоо эхлээд 400-г авчихъя. Дараа нь чи өрөө нэхэж байгаа аваарай.
Коридорт хэсэг зуур яриа өрнөөд Катя ээлжит удаагаа гарлаа. Ирэхдээ нафтизин, инсулины тариур, таван мл-ийн тариуртай орж ирлээ.
Важик харин цэвэр хумс, зассан үс, жинс гээд матарчинтай төсгүй.
-Охиноосоо таван мянгыг авчихсан. Хулгай хийсэн гэсэн үг л дээ. Миний муу охин ч ёстой мундаг л даа. Даанч тав дахид тэвчсэнгүй авчихлаа.
-Чи надад өртэй. Өг гэж Лида сануулав.
-Би 400 өгчихсөн шү дээ. Гурван зууг дараа нь болъё. Ядаж талыг нь ав.
Тэгээд цагдаад мэдээлэгч болсон Денис гэгчийг үүрэнд оруулаад хэрэггүй тухай ярьж гарлаа.
-Чи наад цонхноос холд доо чалчаа минь гэж Лида хэлэв.
-Юун ч аймхай юм бэ дээ.
-Чи наад амаа татаж бай даа гэж Паша Лидад хэлэв.-Важик нөгөө ажил юу болсон бэ?
Важик сэтгэл хангалуун толгой дохив.
-Хмельницкийн 146 д оч. Тэр байрны нөгөө талаас очихоор хонгилд нь цех байгаа. Хөрөө рамтай. Өглөө арваас 9-10 хүртэл ажиллана. Цехийн дарга Игорь нь тэнд өдөр болгон цайны цагаар ирдэг юм. Тэгэхээр 12 гээд яваад оч. Элдэв юм болвол намайг явуулсан гэж болохгүй шүү. Би азаартмааргүй байна. Ингэхэд чи очих юм уу даа?


— Хичээнээ.
— Одоо хор тарихаа болиоч ээ, чадхийнэ шүү дээ гэж Важик хэлээд өөртөө “матар”-аа тарьлаа. –Уг нь ажил хүртэл чи 20 минут л алхана. Ингэхэд ажиллах хүсэл чамд ер нь байна уу?
Паша толгой дохив.
-Захиалгын 15% гэхээр гайгүй шүү дээ. Гол нь “матар” тарьж болохгүй. Дарга залуу нь өөрөө урд нь тарьдаг байсан болохоор шууд л азаартуулна. Намайг хүртэл “Важик чиний нүд чинь яагаав?” гэж асуусан. Би харин гурван өдөр нойргүй явна энэ тэр гээд аргалсан.
Важикийг хороо тарингуут бүгд дуу дуугаа нийлүүлэн хөөж эхлэв.
-Важик явж үз гэж Лида эхэллээ. –Өөрөө тарьчихаад элдэв юм яриад томроод байх юм. Харахаас уур хүрээд байна.
-Мөн ярив аа гэж Важик үл тоосон байдалтай хариулна.
-Ямар хүн гэхээрээ ийм байдаг байна аа гэж Яна залгуулав.-Чамайг яв гээд байгаа юм бишүү.
-Чамайг сууж байхад цагдаа нар ороод ирвэл бид хэдийг хөлсний үүр байгуулсан гэдэг зүйл анги нэмнэ гэж Паша тайлбарлалаа.
Важикт харин сайхан байгаа болохоор яах гэж яарахгүй. Юуны ч тухай биш чалчин суусаар.


Яриа явсаар героин чөлөөтэй байсан үе рүү орлоо. Гар дээрээс ил наймаалахыг хорьсны дараа банкны систем нэг хэсэг үйлчилжээ. Эхлээд тун авах мөнгөө банкны дансанд хийнэ. Дараа нь наймаачин нь худалдан авагч руу утасдаад хар тамхи нуусан газрыг хэлж өгнө. Гэхдээ мурих нь бас олон байсан гэнэ. Важик нэг өдөр найман мянгыг үрчихээд ганц ч тун авч чадаагүй юм байх.
-Би нэг баагийг гогдсоныг санаж байна уу гэж Важик яриа дэлгэлээ.-Гар чинь эхлээд гайгүй байснаа дараа нь муриад эхэлдэг байна шүү. Гэхдээ дандаа Гагарины гудамжийн тэнд газар заана. Тэнд ганц орцтой хоёр давхар нэг байдаг байдаг юм. Дандаа тэр байншиг тойрсон газар. Нэг бол тагтан дор, үгүй бол орцон дотор нэг давхарт нуучихсан. Нэг удаа мурихаар нь би утсаар яриад шууд хэлсэн “Ахиж мурьвал эвгүй л юм болно шүү. Би хаана амьдардгийг чинь мэднэ” гээд.
-Гэр нь биш байвал яах болж байна гэж Паша эргэлзэв.-Ер нь цаадуул чинь лалрууд шүү дээ. Найзындаа, эсвэл хөрш айлдаа орж байгаад хор шидэж өгдөг.
-Бас нэг удаа шуудангийн хайрцагны ард хийчихсэн байсан. Хайж байгаа нь энэ гээд найм есөн айлын хайрцгийг хананаас нь ховх татчихсан шүү гэж Важик онгирно. –Бас нэг удаа трубанд хийчихсэн байсан. Нэг үзүүрээр нь газар зоочихсон хоолойн дотор хийчихгүй юу. Би гараа оруулаад хуруугааараа төнхөхөөр улам доошлоод байдаг. Дараа нь Андрюха модны мөчрөөр хагас цаг ноцолдож байж гаргаж авсан шүү. Гэтэл байрны гадаа байдаг чавганц нар шаваад яасан ийсэн гээд. Илүү юманд дуртай гэж. Муурын зулзага зугатаж орчихоод гаргаж авах гэж байна гээд л аваад хаясан. Тэгсэн мөртлөө өөрөө хорондоо шартаад үхэх гээд салгалаад зогсож байгаа шүү дээ.


Паша чимээгүй шшш гэв. Байр нэг давхарт, галын өрөөний цонхонд аварга том цоорхойтой, жаазандаа хэдэн цуурсан шил үлдсэн болохоор гудамжнаас яриа маш сайн сонсогддог. Шинэ жилээр энэ үүрэнд хүн хайж ирсэн цагдаа нар шилийг хага цохисон нь тэр.
Тэгэж тэгэж Важикийг хөөж явуулав.
— Важикийн уусан аяганаас уухгүй ээ. Цагаан хорхойтой гэсэн гэж Лида хэлэв. –Катя яваад аяга угаагаад ир.
“Матар” дөнгөж хотод гарч хотоор зөндөө цуу тарж байсан юм. Наад зах нь гэхэд л героиноос салахын тулд “матар” тариулах хэрэгтэй гээд. Ер нь бол үнэн л дээ. Героины шарталтыг “матар” буюу дезоморфин үнэхээр тайлдаг. Даанч “матар”-ын шарталтыг зөвхөн “матар” л тайлж чадах болохоор хүн эргээд героин ру орж чаддаггүй, тасралтгүй хор чанан нэг тунгаас нөгөө тунгийн хооронд амьдрахаас өөр аргагүй болдог.
Огт татдаггүй, тариулдаггүй байж байгаад цэврээсээ “матар” хэрэглэж эхэлсэн хүн гэж байдаггүй юм. Яадаг вэ гэхээр зүгээр л нэг өдөр героины тун авч дийлэхгүй болдог. Тэгмэгц шарыг ганцхан удаа “матар”-аар тайлна
Дезоморфин буюу матрыг хамгийн наад захын гарын доорх зүйлсээр хийж болдог. Ядуусын хар тамхи. Одоо жижиглэн худалдагч, бөөний худалдагч, тээвэрлэгч, хил давах энэ тэр огт хэрэггүй болсон. Зүгээр л гэртээ хэвтээд өөр өөртөө хороо чанаад л байхад болно. Одоо шинэковууд бүгд давс нэртэй шинэ хар тамхиар занималдах болсон. “Давс” гэдэг нь сэргээн өдөөж, хардалт сэрдэлтийг маш хүчтэй хөдөлгөдөг тэс өөр үйлчилгээтэй гэдгээрээ “матар”-аас ялгаатай. Ийм болохоор “давс” нь “матар”-аас ч хурдан алдаг. Хоёр доло хоног хэрэглэсний дараа тархины эмгэг өөрчлөлт үүсээд чад.


-Юля тэнэг г...ий минь битгий наашаа залгаад байгаач гэж Яна ядарсан байртай утсаар ярьна.-Юу яагаад гэж. Битгий уур хүргээд байгаарай. Энэ хавиар нэг зарлачихана шүү. Ирвэл будаа болгоно шүү.
Долоо хоногийн өмнө Юлягаас болж байранд цагдаа нар ирсэн аж. Үүнээс өмнө үүр нь цагдаа нарын мэдээллийн санд бүртгэгдээгүй байжээ.
-Тэнэг хүүхэн чинь хоносон айлаасаа тачскринтай утас хулгайлчихаж л дээ гэж Лида тайлбарлалаа. –Тэгээд энд аваад ирсэн. Би хоёр тунгаар утсыг нь авсан юм. Өөрөө чанаж чаддаггүй болохоор бэлдэж өгсөн. Гэтэл түүнийг удалгүй цагдаа нар барьсан. Тэгэнгүүт хэнд хэдийд хэзээ юугаар өгсөн гээд бүгдийг хэлчихсэн байсан.
-Яахав дээ хэлтэс дээр цаадахыг чинь чемодан болгохгүй юу гэж Паша ярвайнгаа тайлбарлав.-Цээжин биеийг нь өвдөгтэй нь нийлүүлээд баглаад хүлчихдэг юм. Ийм байдалтай 15 минут зогсохоор яг л чемодан болдог юм даа. Дээр нь бас заан хийсэн гэсэн. Хорт утааны баг толгойд нь углаж байгаад соруулыг нь гараараа таглачихдаг юм. Ингээд ирэхээр биднийгээ барьж өгөхгүй гээд хаачих билээ.
Пашагийн утас дуугарав. Яна дээш харан нүдээ эргэлдүүлэв. Юля ахиад л залгаж байна. Хорын тун хэрэгтэй байна гэнэ. Гэвч цагдаа нар хяналтын худалдан авалт хийлгэж байж магадгүй болохоор үгүй гэсэн хариу сонсов. Юля ахиад дөрвөн удаа залгасан ч бүтэлгүйтэв.
Паша, Яна хоёрын байрны тухай таагүй яриа хотоор нэг тарсан болохоор энд хүн бараг байхгүй. Уг нь ийм үүрэнд нэгэн зэрэг арав гаруй хүн цугладаг. Амьд дараалал үүснэ. Нэг нь орцуудаа бэлдэж, нөгөөх нь чанаж, гурав дахь өөртөө тарьж байдаг. Харин ийм гэрэлд цохиулсан үүрэнд аль болох очихгүй байхыг хичээнэ.
Хар тамхины төрийн улсын хяналт дезоморфиныг тоодоггүй. Дэндүү ялихгүй гарууд хэрэглэдэг болохоор тэр. Харин хотын дотоод хэргийн хэлстийн хар тамхины тасаг бол “матар”-ыг маш ихээр сонирхоно. Эндээс нэг хүн ирж хэд хоногийн өмнө хяналтын худалдан авалт хийжээ.
-Нэг залуу орж ирээд өөрийгөө Руслан гээд л танилцуулав гэж Лида их тайван ярьна. –Тэгээд надтай аминлан яриад шууд л хэлсэн. Эсвэл одоо шууд хяналтын худалдан авалтыг протокол бөглөөд сайнаар үзье. Үгүй бол хагас цагийн дараа тусгайгийн арван хүн дагуулж ирээд муугаар үзье гэсэн. Тэгээд цагдаагийн постон дээр очоод нууц ажилтанд нь дезоморфины тун зарсан протоколыг бөглөсөн. Мэдээж гэрч, тусгай тэмдэглэгээ хийсэн мөнгөн дэвсгэрт энэ тэр гээд бүгдийг бүртгэсэн л дээ. Өчигдөр бас ирсэн. Канондохоор авч явсан паспортыг минь буцааж өгч байна лээ. Одоо шүүх хурал болно. Айлгаагүй байсан бол хүн хяналтын худалдан авалтад юу гэж баригдах вэ дээ.
-Зургаан жил л авах байх даа гэж Паша тодруулав.-Гэхдээ чамайг ядаж л зодоогүй шүү дээ.
-Тэгээд надад би чамайг аварч байна шүү гээд байгаа юм даа. Та эндээ байгаад байвал үхнэ, харин суувал хэдэн өдөрт шарталтанд тарчлаад амьд гарч ирнэ гэсэн. Тийм байг л дээ. Гэхдээ заавал тэр олон жил суулгах ямар хэрэг байна аа? гээд Лида уйлав.


Шинэ тун чанаж байх зуур Катя Лидаг аргадна. Энд байгаа хүмүүсээс сууж байгаагүй нь Лида ганцаараа. Харин Катя бол гурван ч удаа шүүхээр орсон хүн. 24-тэйдээ дээрэм хийгээд тэнсэн, дараа нь хулгай хийгээд колони сууринд 3 сар, дараа нь ахиад хулгай хийгээд жирийнд 2 жил, одоо бас тэнсэнтэй.
Катягийн яриагаар бол өөрийнх нь өсч торнисон асрах газар шорон хоёр ер нь бол адилхан болж таарлаа. “Эхний удаа орохоор ер нь өөр л дөө. Амьд гарахын тулд өөрөөр зүтгэх хэрэгтэй болно. Гэхдээ өөрийгөө яаж харуулна яг л тийм байна ” гэж Катя тайлбарлана. “Эндэхийн амьдралтай л адил. Ялгаа нь гэвэл торны цаана. Хувцасны хэлбэр өөр, дүрэм журам өөр, сахилга бат, өдөрт нь оёдлын үйлдвэрт ажиллаад,орой нь усанд ороод. Цэвэрч байдал, сахилга бат хоёр бол амьдралын хамгийн чухал зүйл”.
-Катя харих болоогүй юу гэж Паша сонирхов.
-Маргааш агуулах дээрээ ажиллачихаад л явна даа.
Катя ээж, хойд эцэг, хоёр дүү охин, өвөө, хоёр сартай зээгийн хамт хоёр өрөө байранд амьдардаг.
-Би 14 наснаасаа л гэртээ дураа хүрвэл ирээд, дургүйгээ хүрвэл очдоггүй болсон. Эцэг, эхтэйгээ таардаггүй. Дараа нь нэг эмэгтэйтэй танилцлаа. Тэр героинд бүр лав орчихсон байсан юм. Гурван хүүхэдтэй, хамгийн бага нь хагас ойтой. Бүү тэрийг нь хардаг. Тэгээд тэр хүүхэд нь эмнэлэгт хэвтэх болоход би сахиж хэвтсэн юм. Ээж нь героины шарталт болоод юун хүүхэдтэй манатай байсан юм. Тэгэж байгаад нэг өдөр өөрөө тарьж үзэхээр шийдлээ. Тэгээд гуйлаа даа. Тэгсэн чинь надад хоёр жижиг зураасаар тарьж өглөө. Эхлээд айж байсан ч дараа нь таалагдсан. Ажил хурдан болоод л ийшээ тийшээ гүйгээд, бүх зүйл жин тан. Би ямар тэд нар шиг бүтэн өдрөөр манарах юм биш.
-Наадаханд чинь анхны удаа тарих гээд судас рүү нь зүү дөхүүлсэн чинь ухаан алдаад уначихсан гээд Яна шоолов.
-Засварчин, будагчин болох гэдэг байлаа. Гэтэл арын хаалгаар чийдэнгийн үйлдвэрт ороод өөр мэргэжилтэй болсон. Тэгсэн мөртлөө одоо ачигчаар ажиллаж байна. Яагаад гээч? Ээж, хойд эцэг хоёр байнга ууна, зодолдоно. Ажил хийхээр ядаж булчин шөрмөстэй болдог юм. Тэгээд арай илүү чадалтай болохоор дүү нараа өмгөөлж чаддаг. Хойд эцэг архичин чинь уухаараа харааж ерөөгөөд эхэлдэг юм. Тэгэхээр л хүртээнэ шүү дээ. Хүн доромжлоод байхаар тэвчиж чаддаггүй юм.


Паша дөнгөж 30 гарч байгаа ч цал буурал. Царайлаг, хянамгай харцтай. Важикийн хэлсэн ажлыг л бодоод байгаа бололтой.
-Би барилга дээр бригдын дарга хийдэг байлаа. Дороо 40 хүнтэй. Би дөнгөж суллагдчихсан, хамгийн залуу нь. Цалин өгөхгүй удаад ирэхээрээ дунд нь 10 мянгыг өгөөд өөрөө учраа ол гэчихдэг. Тэгээд залуусдаа мянга мянгаар өгөөд, өөртөө мэдээж илүү аваад л... Тэгээд маргааш нь ажилчид ч тэр өөрөө ч тэр шартаж үхэх гэсэн амьтад. Тэд ажил ирэхгүй, өөрөө үхэх гэж байгаа юм чинь ирэхгүй байж болох ч гэрээр нь очоод л ажилдаа гар гээд л аргадаж байгаад болгочихдог байлаа. Тэгэхээр лидерийн чанар надад бас ч гэж байсан байгаа юм шүү.
Саша “матар”-аас гарна гэдэгтэй итгэлтэй байгаа бололтой.
-Нөгөө саяны Руслан над дээр ирээд дүү охиныхоо өмнөөс шоронд суухуу гэж асууж байсан?
-Чи тэгээд юу гэв?
-Үгүй л гэсэн.
Дамир орж ирлээ. Ундаатай. Аймшигтай доголно. Шуналтаад хөлийнхөө судсанд шууд 10 мл матар шахчихсан чинь хөл нь одоо ялзраад эхэлчихсэн. Эмчилгээ, өвчин намдаагч шаардлагатай.  Ундаа нь жинхэнэ цэвэр шүүс, ямар ч химийн бодис байхгүй гэж онгирно.
Одоо Дамир нь суганыхаа судсанд тарьдаг. Матар бие махбодийг маш хурдан ялзруулдаг болохоор гарынх нь ар тал цул хөх няц болсон хаван. Матар тарихаар судас дотроосоо үрэвснэ. Хагарсан судаснаас арьсан доор цус алдаж хөхрөлт үүсгэнэ. Хөхрөлт нь илжрээд арьсан дороос идээ цувна. Царайны өнгө хэдхэн өдрийн дотор нь сааралдуу ногоон туяатай болж шүд үйрэн унаж, алхаа гишгээ өөрчлөгдөнө. Яагаад ч юм бэ бүү мэд хамгийн түрүүн уушиг үхжинэ. Матарчдын хоёр хүний нэг нь хоёр талдаа хатгаатай. Тэгээд тунгаа хэтрүүлж биш харин дотор эрхтэнүүд нь ээлж дараалан ажиллагаагүй болсоор ерөнхий өвчнөөр өөд болцгооно.


Дамирт хор чанах газар байсан ч ойрхон явж байсан болохоор гэртээ хүртэл явж дийлээгүй ороод ирсэн нь энэ аж. Удахгүй матарчин байхаа больж яаж сайхан амьдах тухайгаааа ярьна. “Ээж миний байрыг сарыг дараа зараад намайг өөр дээрээ авч байгаа юм. Тэгэхээр хор чанах газаргүй болж би хэдэн өдөр шартаж үхэх дөхөх байх. Харин байрны мөнгөөрөө надад «Шевроле Круз», эсвэл «Пежо» 508 авч өгнө гэсэн ”. Машины сургаар Дамир нь хар тамхичин гэж албан ёсоор бүртгүүлэхгүй явж байгаа юм. Хэрэв тэгэж бүртгүүлбэл жолооны эрхийг нь хураагаад авчихана. “Харин машин бол миний хоёр дахь хар тамхи. Машингүй эдгэрээд ч хэрэггүй”.
Хороо шахацгаав. 20 минутын турш өрөө нам гүм.
Орц дууссан болохоор бүгд эмийн сан явцгаав.
-Өглөө болгон л хэрэлдэцгээдэг юм гэж Яна хэлж байна.- Хайр дурлал гэхээр юм үлдсэнгүй. Зүгээр л дасал болчихож дээ. Ямар ч шалтгаан байхгүй байхад л хэрэлдэх юм. Тэр миний уурыг, би түүний уурыг хүргэнэ. Лида бид хоёр хэд хэдэн удаа зодолдсон. Надаад хор шахах ямар хэцүү байдгийг тэр мэддэггүй байхгүй юу. Би дөнгөж эхний нэг мл-ээ шахаж байхад Лида харин аль хэдийг бүгдийг шахчихаад манарчихсан эхлээд дараагийн тунг бидэнд чанаж өгчихөөд дараа нь өөртөө хий гэдэг юм. Тэгээд л зодолдоно доо.
Эхний эмийн сангаар орж юу ч тоохоо байсан худалдагчаас 20 ширхэгийг авав. Зам гарч дараагийн эмийн сан оров.
-Танайхаар оролгүй удсан байна шүү.
-Тэгсэн байна. Эмчилгээнд яваа юу?
-Та өөрөө л хэрэгтэй эм танайд байхгүй гээ биз дээ?
-Одоо байгаа. Нүдний дусал л байхгүй. Харин седалыг өнөөдөр аваад дуусчихсан.
16 рублиэр инсул тарьдаг тариур тавыг авлаа. Яна авсан даруйдаа уутыг нь хуу татан тариуруудыг дотор халаасандаа нуулаа. “Цагдаа нар хураачихаж магадгүй” гэж тайлбарлав.
Катя нүдний дусал авахаар явлаа. Нүдний дуслыг зөвхөн жороор өгөх ёстой ч матарчид зүгээр авч болдог гурван эмийн санг сайн мэднэ. Мансууруулах бодис агуулсан кодеинийг зөвхөн эмчийн хатуу жороор өгдөг болно гээд байгаа ч нүдний дусалтай яг л адил. Зүгээр өгч байсан өгсөөр ч байх болно. “Тэгээд ч зарим энэ зуныг үзэхгүй” гээд Яна мөрөө хавчив. Долоо хоногоос илүү хугацаагаар ямар нэг зүйл төлөвлөөд хэрэггүй. Ямар ч утгагүй. Учир нь ирээдүй гэж тэдэнд байхгүй.


-Хайран кофт заваарууллаа гэж Катя хэлэв.
Лида зүүн мөрөндөө наалдсан цамцаа сурамгүй хуулав. Мөрөн дээр нь түлэнхий. Галын өрөөний паар маш хүчтэй халдаг. Гэтэл тэд тасарсан үедээ налаад түлчихдэг. Хүн болгон тав зургаан сорвитой. Уг нь пааран дээрээ алчуур тавиад л болоо баймаар. Гэвч тэгэх зав хэнд ч байхгүй.
Катягийн судаснууд бүр олдохгүй шахуу болжээ. Гар нь тохой хүртлээ цул бэрсүү. Катя байсхийгээд л тариурын зүүг сугалж байгаа шүдэнзээр ухаж бүлэгнэсэн цуснаас нь цэвэрлэнэ. Хараал урсган байдгаараа улайжээ.
– Хөл рүүгэ яагаад хатгахгүй байгаа юм бэ гэж Яна сонирхож байна.
-Хөл рүүгэ юу? Хэзээ ч үгүй.
-Тэр эрхий хуруун дээр чинь том судас байна шүү дээ. Тэнд хатгаад үз.
-Хаана вэ?
-Чи нүдний дусаалтай хатгадаг уу?
-Тийм.
-Бугалга дээрээ хатгаж байгаа юу?
-Хагараад байгаа юм аа. Айж байна.
-Аятайхан хийвэл зүгээр.
Катя уйлж эхэллээ. Гар дахь тариур нь чичигнэн хөдөлнө.
-Паша чи Катяг хатгачих гэж Лида гуйв. Паша эхлээд өөртөө хийснээ дараа нь хагас анисан нүдээрээ Катягийн гар дээрээс судас хайж эхлэв.
-Энэ нь болохгүй, харин ийшээ би чадахгүй байгаа юм гэж Катя тайлбарлана. –Хөөе Паша наана чинь овоогойд эхэллээ шүү дээ.
-Дараад боочих, зүгээр гээд Паша унтаад өгөх.
Катя ярвайж байгаад гараа боолоо.
-Миний найз залуу яг ингээд гадуур нь хийчихсэн чинь хоёр өдөр 41 хүртэл халуураад. Эмнэлэгт очингуутаа хүлээн авахад нь ухаан алдчихсан. Гар хавдаад ийм том болчихсон. Нээгээд цэвэрлээд гарыг минь аварсан шүү.


Яна урьдын адил судсаа олохгүй зовно.
-Паша одоо бол гэртээ байж байгаад шартаад тэвчээд өнгөрч чадна гэх юм. Бид хэд заримдаа суугаад  мөрөөддөг юм. Сая 11 сард цаадах чинь хатгаа аваад арай л үхчихээгүй. Эмч нарын өмнө мөргөж байгаа эмнэлэгт хүргээд өгөөч гэсэн ч аваагүй.
Яна өөрөө өвлийн эхэнд хордлого тайлах эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтэж байсан аж. Албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс л хордлого тайлах эмчилгээг үнэгүй авч болдог. Нэрийг чинь нууцалсны төлөө 17мянгын төлөх ёстой. Ингэхийн тулд эхлээд шинжилгээ өгөөд хоёр долоо хоног дугаарлана. Матарчны шарталтыг гайгүй болгохын тулд барбитурат тарьдаг. “Долоо хоног ухаан мэдрэлгүй унтаад л сэрэхэд “матар”-аа үгүйлэхээ байчихсан ч юм шиг”. Гэхдээ сэтгэл зүйн хамаарал нь хэвээрээ байж л байдаг юм. Яна эмнэлгээс гарсан өдрөө л “матар”-аа ахин шахсан.
Сэтгэл зүйн хамаарлаас салгадаг хөтөлбөр мужийн нөхөн сэргээх төв дэээр байдаг. Гэхдээ тийшээ хордлого тайлах эмчилгээний ддараа шууд очно гэж байхгүй. Эхлээд ахиад шинжилгээ өгөөд, ахиад дугаарлана. Тийм болохоор матарчид хордлого тайлах эмчилгээ хийлгэж бие махбодийн хамаарлаас салж авчихаад шууд үүрэндээ буцаад ирнэ. Хариуцлагатай, халамжтай ойр дотны хүн байхгүй бол матараас гарна гэж гонжийн жоо. Гэтэл матарчинд наашаа цаашаа их бага гээд ердөө жил, жил хагас л амьд явах хугацаа байдаг.
-Найз нөхөд үлдсэнгүй дээ. Бүгд үхээд өгч. 20 гаруй залуус. Бид хэд усаар маш их найруулж шахдаг тулдаа л амьд байгаа юм. Бүхэл бүтэн гурван жил шүү. Төсөөлөөд үз дээ?


Орц, мөнгө хоёр зэрэг дуусчээ. Катя Лида хоёр хулгай хийхээр гарав. Замын цаана супермаркет байдаг нь бөөн аз. Ороод хамгийн үнэтэй гэсэн бяслагнаас тавыг сэм авлаа, гэхдээ эрүү үүсгэхгүйн тулд авсан бяслаганы мөнгөн дүн 1000 рубль хүрэхгүй. Бяслагаа тэр даруй эсрэг талд байдаг жижиг дэлгүүрт зарлаа. Худалдагч олон юм асуулгүй бяслагийг хагас үнээр авав.
-Яаж эхэлсэн юм бэ? гэж үү. Яахав дээ гэж ирээд Яна ярьж байна.-Манай хөрш айлын авгай героин зардаг байлаа. Нэг тунг нь 10 рублиэр. Тэгээд намайг охинтой нь хамт хүргэлтээр яваад замдаа охин нь хүргэж яваахдаа сэм авахгүй байхад хяналт тавиад өг гээд. Би тэгэхэд 15-тай. Архи ч уудаагүй. Өөртөө тарьдаг болчихвий гэж их айдаг байлаа. Тэгсэн Наташа хүргэлтээр явж байгаад хамгийн сүүлийн айлд ирэхдээ тунгаас нь нэлээд томыг таслаад авчихав. Би ч бас гуйж эхэллээ. Туршаад үзье гээд. Тэгээд Наташа надад тариурын таван жижиг зураасаа нэг хийлээ. Хөлөөс толгой хүртэл халуу оргиж тайвшраад л... Хоёр дахь удаадаа димедрол холиод... Наташа дараа нь харин намайг өөрөөс нь өөр газар мансуурсан бол ална гэсэн. Гэхдээ би аргыг олсон л доо. Хажуугийн орцонд 30-тай залуу байсан юм. Тэнд мансуурдаг байлаа. Хөршүүдээрээ явж элсэн чихэр гуйна. 5 кг болохоор нь зах дээр гараад зарчихана. Тэр мөнгөөрөө манарна. Тэгэж байгаад баригдаад эхний удаад айлгаад өнгөрсөн. Хоёр дахь удаад баригдаад суусан. Охин төрсний дараа Паша согтуу ирж агсам тавиад. Лида бид хоёр нэгнээ мансуурдаг гэдгийг мэддэг байсан юм. Тэгээд нэг өдөр Пашаг ажлаас ирэхэд нь Лида намайг хэлчихсэн. Удалгүй Паша өөрөө ч тарьдаг болсон.
Чанахад урвал гэдэг хамгийн чухал агшин. Гэтэл Паша хэт чанаад матар сул гарч байна гэж Лида уурлаад байгаа.


Яна зүтгэсээр судсаа олж хатгаад паар налан унтаад өгөв. 20 минутын нойр. Энэ мэтээр хоногт 4 цаг унтвал их юм.
-Намайг 6тай байхад ээж өөд болоод гэж Лида ярьна. –Бараг сандаггүй юм аа. Аав элэгний циррозоор дөрвөн жилийн өмнө. Их зоддог байсан Паша бид хоёрыг. Манай Паша ч хүнд гар байсан л даа. Бүр гуравдугаар ангид байхдаа хоёр давхрын айлыг ухчихсан.
-3-ын В шүү гээд Паша инээмсэглэв.-Хичээлээ таслачихаад найзынхаа тагтан дээр тамхилаад зогсож байлаа. Тэгсэн хажуугийн айлын салхивч онгорхой байхаар нь дамжиж ороод шуба, сейфнээс нь мөнгө, алтан ээмэг бөгж ... Гэхдээ цагдаа нар хүүхдийн гутлын мөрөөр дор нь олсон л доо.
Үүрэнд байсхийгээд л хэрүүл дэгдэнэ.
-Катя чи миний инсулины шинэ тариурыг авсан уу?
-Ингэхэд минийх хаана байна?
-Хоёулаа дуугай бай гэж Паша хэлэв.
-Өө, уучлаарай гээд алга болсон тариураа Катя сандал дороос гаргаад ирэв.
-Лалар вэ чи гэж Лида хариулна. –Дохтой юм байж тариур энэ тэрээ хольж хутгаад.
Нүдний дуслаа хуваах юм болов. Тэр нь зөвхөн Янад үлдэж. Гэтэл Яна таван жижиг зурааснаас илүү өгөхийг хүссэнгүй.
-Ядаж ганц удаа 3 мл-ийг өгчихөөч дээр гэж Катя гуйна.
-Яна чи дандааа яараа ингэж байдаг юм бэ? гэж Лида уурлав.-Намайг дусал авч чадахгүй гэж бодоо юу. Харж бай чи өчигдөр би 2 багц седалыг 150-аар, сахар 50-аар, жигнэмгийг хулгайлчихсан тэгэхээр надад мөнгө байна. Чамаас гуйх ч үгүй.
Гэсэн атлаа жижигхэн шилнээс нүдээ үл салгана.
Яна шилээ оймсондоо хийж нуув.
-Шал тэнэг гэж Паша уурлав.-Хүн шиг байж бай гэж би чамд олон хэлдэг дээ.
-Чи надад заахгүй шүү гэж Яна уурлав.
Судсаараа матар шахах хүртлээ энэ дөрөв нэлээд удаан хэрэлдлээ.


Айдас гэхээр юм бараг үгүй. Мансуурагчид өвдөлтөөс л хамгийн их айдаг. “Манарч аваад л юу ч мэдрэхгүй болж байвал яасан ч хамаагүй. Тийм болохоор л хор шахдаг юм. Тасраад бүх асуудал дуусаа. Харин сэрэхэд аймаар өвддөг”.
-Харанхуйгаас иргэж ирэхэд маш хэцүү байдаг гэж Лида хэлж байна.-Дандаа сэтгэлээ унадаг юм.
-Охин саяхан гар руу залгаж байна лээ гэж Паша хэлэв.-Ааваа битгий хор тариад байгаач ээ, үхнэ шүү дэж гэж байсан. Тэр цаана байгаа юмнууд жаахан хүүхдэд ийм юм хэлж өгч ер нь яадаг байна аа?
Катя дуугаа хураагаад тамхи татна. Лида толгойгоороо ширээ түшин найгалзан хагас зогсоогоороо унтана.


-Алтан тун /үхлийн тун/ хиймээр л байна. Даан ч боломж алга гэж Яна чимээгүй хэлэв.-Тэгээд ч одоо героин олдохгүй байгаа. Ядаж байхад үхэхгүй бол яана? Амархан л үхмэрэ байна. Бүгд л амархан үхэхийг хүсдэг байх л даа гэхдээ би өвдөлтөөс аймаар их айж байна, ойлгож байна уу? Манай энд яг тийм юм болсон. Энд нэг өвөө байлаа. Тэтгэврийнх. Бүх тэтгэврээрээ героин авч байгаад бүгдийг нь тарьчихсан. Тэгээд сэртэл амьд. Зөндөө олон жил амьдарсан даа.
Катя тариураа барьсаар хүүхдийн сандал дээрээс гулсаад ирэв.
Яна, Паша хоёр өнөөдрийн сүүлийн тунгаа хийх гэж янцаглана. Лида, Катя хоёр буйдан дээр тас. Яна, Паша хоёр ч тариураа барьсан чигтээ дохино.
Долоо хоногийн дараа энэ дөрвийн нэг нь шөнө дөлөө зүрх нь зогсон өөд болно. Өөр нэг нь амьд үлдэхийн тулд шинжилгээ өгөөд хордлого тайлах төвд хэвтэх гэж оролдоно. Харин тэр нь хэн байх нь чухал биш. Яагаад гэвэл бидний хувьд хэн нь ч байсан ялгаагүй.

0 Сэтгэгдэл
Ene xog novshiin buzar surtal uxuulgaa ustgaj boloxgui yu tanai sait ???
Ene arai denduu yumaa zuragtai ni zaagaad uguj bnashde huuhduud unshih harj bgaashdee ireeduigee bodohgui bnau ene bichsen hun bas bolhguie
ийм муухай юмыг сурталчлаад байгаа юмуу арай дэндүү юм. залуус хүүхдүүд сонирхоод дуурайвал яана гэж сэрэмжлэхгүй байна уу үүнийг бичиж буй сэтгүүлчээ чи үр хүүхэдгүй юм уу ийм юм бичихээ боль муухай байна шүү
mongold ali hediin nevtersen sh de.zaluus min iim zuiless l holuur yavaarai
estoi aimar yuma.......
ingej delgerengui niitelj yadag bnaa xun chn muu zuild garamgai yum xoino xurdan avtana shuu dee.ingej niitlex ni buruu
ingej delgerengui niitelj yadag bnaa xun chn muu zuild garamgai yum xoino xurdan avtana shuu dee.ingej niitlex ni buruu
jigshmer ym bna
iin muuhai medeelliig negtaliin niitleh chin buruu endees sedel awbal ayultai tsenzvvrtei handana uu eswel neg taliin jigsheed iim zamruu orohgvi bj boloh yum.
HAHA
har darsan zu"ud shig
энэ аймшгийг л ирээдүй минь битгий туулаасай билээ...Муу муухай бүхэн 9 одны цаагуур орж ариусаг....
HAHA
ts ts tehhh
Yostoi aimshig, Mongol iim boloh vii dee, har tamhi zuuvurluj bgaa zarahiig zavdaj bga hymyyst hatuu yal onoohgyi bol iim ayul yu yugyi nyyrleed irne
Хамгийн их уншсан