1989 оны долдугаар сарын 4-ний өглөөгүүүр белгийн нэгэн фермерийн хүү Вим де Лар хөдөө Кооихем тосгон дахь эцгийнхээ байшингийн сүүдрэвчинд сууж байхаа толгой дээр нь зөвлөлтийн сөнөөгч Миг-23М онгоц унаад ирэх юм гэж яаж санах билээ. Хэргийн газарт ирсэн цагдаагийнхан мэл гайхах нь тэр. ЗХУ-аас 1000 км-ийн зайд, Белги-Францын хилээс 15 км-т байх газарт далавчин дээрээ улаан таван хошуутай онгоц уначихсан байдаг. Хамгийн гол нь осол болсон газраас хөөрхий Вим де Ларынхаас өөр цогцос олддоггүй. Нисгэгч нь байдаггүй. Гэтэл нисгэгч нь осол болсон газраас бүр 900 км-ийн тэртээ Балтийн тэнгисийн эрэг дээр польшийн Колобжег хотын ойролцоо онгоцноосоо ослын үеинй шүхрээр буучихсан юмсанж.
Энэ өглөө Зөвлөлтийн цэргийн умард тойргийн агаарын буудлаас МиГ-23М сөнөөгч онгоцоор нэгдүгээр зэргийн нисгэгч Николай Скуридин хөөрчээ. Уг нь туршлагатай агаарт 1700 цаг ниссэн, МиГ-23-аар бол 527 цаг ниссэн гэнэ. Тэр бас зүгээрч нэг жагсаалын нисгэгч биш сөнөөгч онгоцны 239 дүгээр дивизийн улстөрийн хэлтсийн дарга гэж байгаа. Тэрээр энэ өглөө хоёрд дахиа нисч байгаа нь энэ. Гэтэл агаарт гарсан хойно зүүн жигүүрийн агаар хуримтлуулагчийн дуу сонсогдохоо больжээ. Гэтэл бас мотор нь таг чиг болж, онгоц унаж эхэлсэн байна. Нисгэгч ийм тохиолдолд мөрдөх зааврыг баримтлан далай тийш эргэж ослоор буух автоматаа ажиллуулж үсэрчээ.
Скуридинов шүхрээ дэлгэгдсэний дараа харахад онгоцноос нь хар утаа гарч байсан байна. Далай дахь локаторын аппаратуудад онгоц харагдахаа больж олддохгүй болжээ. Онгоцыг далайд унасан гээд рапорт бичлээ.
Гэтэл юу болсон бэ. Нисгэгчийг үсэрснээс хойш зургаан секундын дараа онгоцны моотор дахин ажиллаж нислэгээ үргэлжлүүлсэн байна. Онгоц автомат удирдлагаараа ажиллаж өгсөн чиглэлээр нисчээ.
Польш, Ардчилсан германд байсан агаараас эсэргүүцэх албадад болохоор “Би- өөрийнх” гэсэн дохио очоод байсан болохоор тэд зөвлөлтийн онгоцыг чөлөөтэй нэвтрүүлж байж. Харин баруун германы хилийг нэвтрээд ирэхээр нь буулгах гэж германы сөнөөгч онгоцууд агаарт ниссэн ч яах ийхийн завдалгүй голландын хил рүү орчихож. Голландын Сустерберг баазаас америкийн хоёр F-15 сөнөөгч онгоц хөөрөн угтаж авснаа америк нисгэгч “Онгоцны кабинд хэн ч алга байна” хэмээн удирдлагын төвдөө мэдээлжээ. Гэхдээ зөвлөлтийн онгоцыг устгах тушаал хэн ч өгч төвдсөнгүй, учир нь Зөвлөлт холбоот улс үүнд хэрхэн хандахыг тодорхойлж мэдэхгүй байлаа. Юмыг яаж мэдэх вэ устгачихвал энэ МиГ дайн эхлүүлчих ч юм бил үү.
Ингээд НАТО-гийнхан ингэж яваад шатахуун нь дуусахаар Ла-Маншийн хоолойн усанд өөрөө уначихна биз гэсэн шийдвэр гаргалаа. Гэтэл онгоц хөөрхий Вим де Ларын яг толгой дээр нь унах нь тэр.
Энэ өдөр ЗХУ-ын тэргүүн Михаил Горбачёв Францад айлчилж эхэлж байхад тэдний хилээс 15 км-ийн цаана зөвлөлтийн онгоц унаж байдаг. Энэ өдөр онгоцыг нь буудаад унагачихвал хэцүү юм болно оо доо. Зөвлөлтийн тал ч шуугиан тарихыг хүссэнгүй амь үрэгдсэн Вим де Ларын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд 800 мянган доллар өгөөд таг даржээ. “Онгоц аж үйлдвэрийн Лилля дүүрэгт унавал юу болох байсныг хэлж мэдэхгүй байна. Бид болзошгүй аймшигт осол аюулаас арай л гэж мултарсан” гэж Белгийн Дотоод хэргийн сайд Льюис Тоббэк хэлсэн байдаг.
Магадгүй нисгэгчгүй онгоцны энэ нислэг НАТО-гийн тэр үеийн агаараас эсэргүүцэн хамгаалах систем тун тааруухан байсныг харуулсан явдал ч байсан байж болох. Юутай ч тэд онгоцны нислэгийг тасалдуулж төвдөөгүй юм, чадаагүй ч юм бил үү.