Грекийн Икария арлынхан ер бусын
урт насалдаг хүмүүс. Энэ арлынхны дундаж наслалт Европын бусад орныхтой
харьцуулбал даруй 10 жилээр өндөр байдаг. Икария арлын оршин суугчид
чухам яагаад бусдаас эрүүл чийрэг, урт удаан насалдгийн нууцыг
мэргэжилтнүүд олох гэж хичээж байна. Мэдээж далайн чийглэг цэнгэг агаар,
хүн ардын стрессгүй нөхөрсөг сайхан харилцаа, байгалийн цэвэр хоол
хүнс, уулын өөдөө уруу өгсч буудаг өдөр тутмын хөдөлгөөн гээд Икария
арлынхны урт наслах нууц байж болох олон хүчин зүйлийг энд дурдаж болно.
Харин арлынхан өөрсдөө бол урт наслахын нууц нь дарсных гэж тайлбарлаж
байна.
Хэдхэн хоногийн өмнөх шинэ жилийн баярын өдөр 98 насны ойгоо
тэмдэглэсэн Стаматис Морайтис хэмээх хөгшин өөрийнхөө амьд сэрүүн явааг
цэвэр дарсны хүч хэмээн өгүүлж байна. 1915 онд төрсөн тэрээр жилдээ 700
литр дарс исгэж тавьдаг бөгөөд өглөөнийхөө цайнаас эхлээд бага багаар
уусаар, найз нөхдөө дайлсаар жил тойрдог байна. Өглөөний цайндаа хагас
хундага вино уух тэрээр “Манай дарс бол жинхэнэ цэвэр эд. Худалдаагаар
зардаг дарснууд удаан хадгалах элдэв бодис хийсэн байдаг. Харин бид
дарсыг цэврээр нь исгэж уудаг” хэмээн магтана.
Стаматис Морайтис
гуай одоогоос 45 жилийн өмнө АНУ-д байхдаа үхлийн аюултай хорт хавдар
өвчнөөр зовж шаналж байхдаа нутагтаа ясаа тавья хэмээх Икария арлаа
зорьж иржээ. Уушигны хорт хавдар туссан түүнд ердөө есөн сарын нас
үлдсэн хэмээн америк эмч нар хэлсэн тул ийн төрсөн нутгаа зорьжээ. Ядаж
байхад Америкт оршуулгын зардал ч хэтэрхий өндөр байдаг нь түүнийг нутаг
буцахад хүргэсэн гэдэг. Ингээд тэрээр нутагтаа ирээд эрт цагийн
андуудтайгаа уулзан хууч яриагаа дэлгэж, мэдээж нутгийнхаа шимт дарсыг
уужээ. Нэгэнт хорвоогоос явахаас хойш жаргалтайгаар өдөр хоногуудыг
өнгөрөөе гэж сэтгэл шулуудсан тэрээр өдөр бүр л найзууд, нутгийнхантай
яриа дэлгэн, дарс шимж уудаг болж. Ер нь, Икария арлынхны амьдрын хэв
маяг ийм бөгөөд манай малчин айл шиг цоож цуургагүй, хэнийдээ ч ороод
хууч хөөрөхөд цааргалах зүйлгүй газар ажээ. Ингээд өдөр хоног өнгөрөх
тусам Стаматис гуайн бие дордох бүү хэл харин ч улам хүч тэнхээ орж
байгаагаа мэдэрч, нэг л мэдэхэд есөн сарыг аль хэдийнэ ардаа орхисон
байжээ. Амьд мэндээр барахгүй одоо хүртэл эрүүл саруул, хөнгөн шингэн
хөдөлгөөнтэй аж төрж буй тэрээр нэгэнтээ Америк явж, өөрийг нь насгүй
хэмээн оношилж байсан эмч нарыг хайсан боловч бүгд талийсан байжээ. Одоо
Стаматис гуай 117 нас хүрсэн аавынхаа насыг наслахаар жил бүр усан
үзмээ тариалан, дарсаа исгэн амьдарч байна.
Эртний Грекийн домогт
гардагш Икарусын нэрээр нэрлэсэн энэ арал хэзээнээсээ эрүүл мэндэд сайн
хэмээн ойр хавийн улсаас хүмүүс зорин очдог байжээ. Энэ арал дээрх
байгалийн рашаан анагаах шидтэй нь 8000-аар тоологдох цөөн хэдхэн оршин
суугчдынхаа урт удаан амьдралын нууц ч байж болох. Ер нь, Икария арал
шиг хүн ард нь урт насалдаг онцгой газрууд дэлхий дээр цөөн хэд байдгийг
“цэнхэр бүс” хэмээн нэрлэсэн байдаг. Тухайлбал, Японы Окинава, Италийн
Сардиния, Калифорнийн Лома Линда гээд дурдаж болно.
Хүн ам урт
наслахад байгалийн онцлог, тогтцоос гадна хүн ардынх нь амьдралын хэв
маяг үлэмж нөлөөтэй гэж Икарияг судалж буй эрдэмтэд хэлж байна. Энэ
арлынхан хүнсэндээ загас, ногоо ихээр хэрэглэж, мах тун баг иддэг.
Настайчууд нь уулнаасаа түүсэн ургамлыг хандлан цэвэр зөгийн балтай
холин цай чанаж уудаг байна. Энэ нь цусны даралтыг бууруулахаас эхлээд
бүхий л төрлийн өвчнийг анагаахад тустай гэж нутгийнхан өөрсдөө ярьдаг
байна.Ер нь, Икариягийн 90 гарсан хөгшчүүлийн 60 хувь нь идэвхтэй
хөдөлгөөнтэй хэвээрээ байдаг бол бусад газар орны хувьд 90-ээс дээш
насныхны 20 хувь нь л хэвийн хөдөлгөөнтэй байдаг аж.
Энэ арлынхны
өдрийн дэглэм ч өнөө үеийн хурдан хэмнэлтэй хотын амьдралаас өөр.
Амьдрал ерөнхийдөө нам тайван, яарч чадгах зүйлгүй, хүмүүс хоорондоо
найрсаг сайхан ханддаг, өдөртөө нүдний хор гаргаад амарчихдаг, дарсаа их
хэмжээгээр биш тохируулаад багахаан хүртчихдэг, тэгээд тамхи татдаг хүн
бараг байдаггүй аж. Орчин үед зүрх судасны өвчин 30, 40 настнуудад
хүртэл элбэг тохиолдож байхад Икария арлынхан 55-60 насандаа ийм өвчин
хэлдэг байна. Икариягийнхан чидун жимсний тос буюу оливийн тосоор хоолоо
хийдэг, лаазалж, удаан хугацаагаар хадгалсан хоол ерөөсөө иддэггүй нь
урт нас бэлэглэх эрүүл хүнс болдог бололтой. Мөн энэ газарт ганц ч диско
баар, шөнийн клуб байхгүй гэнэ.