Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван жилд 3,0 сая хүнээ алсан Кампучийн коммунист дэглэм


“Кампучийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр бол нийслэл Пномпенийн иргэд Кампучийг аврах үндэсний нэгдсэн фронтын хувьсгалт зэвсэгт хүчний дайчдыг халуун дотно хүлээн авч байна. Ийнхүү Пол Пот-Иенг Сарийн дэглэм нуран уналаа”

1979 оны нэгдүгээр сарын 9.  “ТАСС” агентлаг

Энэ бол түүхийн шарласан хуудаснаас гарч ирсэн мэдээ. Яагаад энэ мэдээг онцлов. Энэ дэлхий дээр чинь төр эргэж л байдаг, нэг засаг нөгөөгөө унагаж л байдаг биш бил үү.
Кампучийн энэ явдал анхаарал татахаас аргагүй. Пол потын дэглэм улс орноо дэлхийгээс тусгаарлаж, хүн амынхаа талыг  устган, бүхий л хөгжил дэвшлээс татгалзаж, дундад зууныхаа үе рүү тэмүүлж байсан болоод тэр.


Энэ явдал хэрхэн эхэлсэн бэ

Кампучид Пол Потын партизанууд, Засгийн газрын цэрэгтэй хийсэн урт удаан цус урсгасан дайн кампучийн өндөр албаны  хүмүүсийг америкийн байлдааны 36 нисдэг тэргээр 1975 оны дөрөвдүгээр сард тус улсаас гараснаар төгсгөл болж Пол Потын улаан кхмерчүүд нийслэлд орж ирсэн байна. Пол Пот энэ өдрөө л мөнгөн тэмдэгтээ өөрчлөх хууль гаргаж үндэсний банкийг дэлбэлэх тушаал өгчээ. Гудамжинд хийсч байгаа мөнгө, төгрөгийг цуглуулж авахыг оролдсон хүн бүрийг газар дээр нь буудаж байж.

Улс төрийн товчооны анхны хуралдаан дээр Пол Пот Камбожийн нэрийг Камбучи болгон өөрчилж хэдхэн хоногийн дотор коммунист дэглэм тогтоосон байна.  Түүнд садаа болох хэн ч байсангүй. Тэрээр улс орноо дэлхий дахинаас төмөр хөшгөөр халхалж, бүх улс орноос дипломат харилцаагаа таслан шуудангуудыг хааж, утсан харилцааг таслан улс орондоо хэнийг ч оруулахгүй, хэнийг ч гадагшаа гаргахгүй болсон байна.

Маргааш өглөө нь гэхэд хотын иргэдийг хотоос маш яаралтай гарахыг чанга яригчаар тушаалаа. Улаан кхмерийн зэвсэгт дайчид айл айлын хаалга нүдэн дээш буудаж байж. Мөн ус цахилгааны бүгдийг нь тасалжээ. Гурван сая гаруй хүн нэгэн зэрэг хотоос гарна гэдэг үнэхээр хүнд. Учрыг лавласан, эсэргүүцсэн хүн бүрийг буудлаа. Цэргүүд байр бүрийг нэгжиж үлдсэн хүн бүрийг буудан хорооов. Хүмүүс ямар ч хоол хүнс, уух зүйлгүй замд гарч тогтоол ус, шавхайгаар ундаалж явсан.
Нүүлгэн шилжүүлэх тайлбар нь ердөө л “Хүмүүсийг хотоос гаргах нь бид ялалтаа хамгаалах хамгийн гол арга. Хотод улстөрийн болон цэргийн сөрөг хүчин тогтож болзошгүй. Ийм тохиолдолд дайснууд толгойгоо өндийлгөж бидний эсрэг босно. Хүмүүс хөдөө байх тусмаа бидний хяналтад байж нэгдэж тэмцэхгүй байна” гэсэн байна.

Ингээд хүмүүс хөдөө рүү цувж эхэллээ. Хэдэн зуун мянган хүн, өвгөд хөгшид, тахир дутуу, жирэмсэн хүн халуунд явцгааж замд нь хэдэн зууг нь буудан хороолоо. Халуун, өлсгөлөн, тамирдсанаас болж өчнөөн хүн замдаа үхлээ. Тахир дутуу, явж чадахгүй болсон хүнийг шууд л дээрээс нь бензин асгаад шатааж байлаа.
Нийслэл Пномпенийн гурван сая иргэнээс ердөө 20 мянга л үлдэх нь тэр. Энэ бол ердөө цэрэг офицер, захиргааны аппарат. 18-нд Риёмын, 24-нд Пойпет, 26-28-нд Пайланы иргэдийн хөдөө гаргав. Нийслэлд “Объект-21” нэртэй, ард түмний дайснуудыг хорьсон газар үлдсэн. Энэ хүмүүсээр матар хооллож, төмөр торонд нь шатааж хүйс тэмтэрчээ.

Ингээд Пол Пот бүх ард түмнээ тариачин байдлаар амьдрах ёстой гэж зарлалаа. Сэхээтнүүд бол нэг номерийн дайсан учраас тэднийг толгой дараалан устгах ёстой, эсвэл цагаан будааны тариан талбайд хүчээр ажиллуулах ёстой. Ялангуяа нүдний шилтэй хүмүүсийг таарсан газарт нь нэг бүрчлэн устгаж байх ёстой.
Багш, зохиолч, жүжигчин, инженер, ялангуяа эмч, эмнэлгийн ажилтнуудын тухайд бол ярих юм байхгүй, эхний ээлжинд устгах тушаалтай. Сүм хийдийг ч мөн ялгаагүй хааж, мал нядалгааны газар, цэргийн хуаран болгож  лам нарыг толгой дараалан хайр найргүй  буудлаа. Кхмерүүдээс өөр үндэстэн Кампучид байх ёсгүй учир бас л устгалаа.

Улаан кхмерчүүд улсдаа байсан бүхий л машин, цахилгаан хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, барилгын техникүүдийг  царил, жоотуугаар хэмхчин сүйтгэв.  Оёдлын машин, хөргөгч, сахлын цахилгаан машин гээд орчин үеийн бүхий л техник хэрэгслийг бүгдийг нь хэмхчиж хаяв.

Ийнхүү эхний нэг жил гэхэд Пол Потын засаглал улс орныхоо эдийн засаг, улс төр, нийгмийн бүхий л байгууллыг бүрэн сүйтгэж дууссан юм. Номын сан, театр, кинотеатрыг бүгдийг устгаж, буулгаж, дуу бүжиг, үндэсний баяр ёслол зэргийг хааж, үндэснийхээ архив, ном бүтээлийг бүгдийг нь шатаажээ.

Тариачид зөвхөн хамтралд амьдрах ёстой учраас тосгонуудыг бүгдийг нь нураан сүйтгэв. Эсэргүүцсэн хүмүүсийг царил модоор цохилон, бульдозероор нүхэнд хийн амьдаар нь булж байсан гэдэг. Хүүхдүүдийг хүзүүгээр нь холбон усанд живүүлж байв. “Хүүхдүүдийг яагаад алж байгаа юм бэ” гэсэн гадаадын сэтгүүлчийн асуултад Пол Пот “Тэд аюултай хүмүүс болж өсч магадгүй” гэж хариулсан байдаг.


Энэ аймшигт ажлыг хэн хийж байв аа

Пол Потын энэ “шинэчлэл”-ийг хийдэг арми нь ердөө л 12-15 насны хийрхүү багачууд. Тэдэнд гар автомат буу бариулаад уриалахад л гүйцээ. Тэд хар багаасаа аллагад суралцаж бүр дал модны нэрмэл архинд хүний цус найруулаад уудаг байж. Тэгээд ч тэдэнд “ард түмний дайснуудыг алахгүй бол өөрийг чинь ална” гэхээр яах вэ дээ.

Пол Пот бас өмнө нь ямар ч хувьсгалт удирдагчийн сэдээгүй нэг зүйлийг хийх гэж оролдсон нь гэр бүл, гэрлэлтийг өөрчлөх гэж. Хамтралд эхнэр нөхөр хоёр тусдаа байх ёстой, эмэгтэйчүүд тусдаа үндэстэн болох ёстой гэнэ. Тус тусдаа амьдардаг гэр бүлийнхэн сард  нэг л удаа уулзах ёстой.  Энэ өдрийг албан ёсоор амралтын өдөр гэнэ.

Харин бусад цагт цагаан будааны талбайд өдөрт 12 цаг ажиллана. Үүний хажуугаар бас Пол Потын Мао Зэдунгээс ишлэн авч бичсэн “Жижиг улаан ном”-ыг уншиж улс төр, үзэл суртлын мэдлэгээ дээшлүүлэх ёстой.
Эгэл хүнд байх ёстой олон зүйлийг бас хориглоно. Үүнд уйлах, инээх гээд сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэх, өлслөө, өвдлөө гэж гомдол гаргах хориотой. Энэ бүхнийг зөрчсөн хүнийг хүзүүг нь хүртэл газарт булж өлсгөж алаад толгойг нь шонд өлгөн дор нь “Би хувьсгалын урвагч” гэсэн пайз хадна. Сумаа хэмнэж байгаа нь тэр гэнэ.

Мао Зэдун өөрийн дэглэмээ төгсгөл болохын өмнөхөн Пол Поттой уулзахдаа “Та нар үнэхээр гялалзсан амжилт олж байна. Нэг цохилтоор л бүхий л ангийг үгүй хийлээ. Бүх Кампучи даяарх ардын хамтрал, тариачны ядуу дунд давхарга бол бидний ирээдүй” гэж хэлсэн байдаг.


Пол Потын дэглэмийн үр дагавар буюу 7,3 сая хүний тал нь

Гурван жилийн хугацаанд улс орны нь эдийн засаг бол бүр сүйрсэн. Харин энэ хугацаанд амь үрэгдсэн хүний тоо нь яг хэлэхэд хэцүү. Пол Потод түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Лон Нол “2,5 сая” гэдэг бол Кампучийн ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Пен Совен 3,1 сая гэсэн тоо хэлдэг байна. Харин Пол Потын дэглэмийн хэргийг мөрдөн шалгах комисс 1983 онд гаргахдаа 1975-1978 онд 2,7 сая хүн амь үрэгдэж 568,6 мянган хүн сураггүй алга болсон гэсэн тоо хэлж нийтдээ 3 сая 374,7 мянган хүн амь үрэгдсэн гэжээ. 200 мянган хүүхэд өнчирч үлдсэн гэнэ.

1975 онд Камбож улс 7,3 сая орчим хүнтэй байсан юм шүү дээ. Түүний бараг талыг нь энэ хүмүүс гуравхан жилийн дотор устгасан хэрэг. Харин Пол Пот өөрөө 1979 оны арванхоёрдугаар сард нэг ярилцлагадаа “Бидний алдаагаар хэдэн мянган комбож иргэн амиа алдсан” гэж хэлсэн байдаг.
Пол Пот гэж өөрөө хэн байв аа.

Пол Потын жинхэнэ нэр нь Салот Сар юм. 1925 онд тариачны гэр бүлд төрсөн. Есөн настайдаа Пномпеньд ирж Нородом Сианукийн коллеж төгссөн. 1949-52 онд Францад радио электроникийн мэргэжлээр суралцсан. Суралцаж байх хугацаандаа Югославт очиж ажиллаж байсан, нэг ёсондоо барууны соёл эзэмшсэн байхаар хүн.
Кампучид эргэж ирээд хувьсгалт ажилд оролцож 1953 онд Кампучийн ардын хувьсгалт намд элссэн, хожмоо 1963 онд Кампучийн коммунист намын даргаар сонгогдсон.

Энэ үедээ францын «politique potentielle» буюу “улс төр боломжтой” гэсэн үгийн товчлол болох “Пол Пот” нэр хэрэглэж байгаад 1976 оноос албан ёсоор хэрэглэж эхэлж. 1960-аад оны дундуураас Хятадын Коммунист намтай холбоо тогтоож засгийн газрынхаа эсрэг тэмцэн партизаны дайн хийж эхэлсэн.
Төрийн өндөрлөгт гарсан хүн уг нь ямар байдаг билээ дээ. Гэтэл хөөрхий Пол Потод юу ч байсангүй. Тэр ердөө л өөрийгөө ард түмнийхээ төлөө, шинэ нийгэм байгуулахын  төлөө зориулж. Түүнд ордон сууц, автомашин, сайхан хүүхнүүд, банкны  данс ч байсангүй. Үхэхийн нь өмнө түүний нэр дээр ердөө л эхнэр, дөрвөн хүүхэд, цэргийн дүрэмт хувцас хоёр, өөрийнх нь сонирхдог хулсан саваа л байсан гэдэг.

Тэр өөрийгөө тахин шүтүүлж зураг хөргөө энд тэнд нааж байсангүй. Улс орныг нь хэн удирдаж байгааг хүмүүс мэддэггүй байж. Улсын удирдагчид өөрсдийгөө “нөхөр нэгдүгээр”, “нөхөр хоёрдугаар”  гэх мэтээр дугаарлан дууддаг байсан гэнэ. Пол Пот харин өөрийгөө “нөхөр 87” гэдэг зарлиг, тушаалдаа ч ингэж гарын үсгээ зурдаг байсан байна. Зургаа нэг ч удаа авхуулдаггүй, ганцхан зураач л түүний хөргийг зурсан байна. Түүнийг нь хувилаад хөдөлмөрийн лагеруудад тараасан байна. Харин өөрөө үүнийг мэдээд бүгдийг нь хурааж устгахыг даалгаж байж.
Гэтэл энэ зураг нь түүний төрсөн ах, эгчийн хоригдож байгаа газарт очиж. Зургийг нь харсан эгч нь “Харж байна уу, манай жижигхэн Салот л биднийг удирдаад байж шүү дээ” гэж шүүрс алдсан гэдэг.

0 Сэтгэгдэл
их гоё юм ажа ажа амжилт
Хамгийн их уншсан