Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ларри Кинг: Болдогсон бол У.Черчилльтэй л ярилцлага хийхсэн

Үдэш бүр сая гаруй үзэгчийг дэлгэцийн өмнө уядаг байсан Ларри Кингийн ток шоу 25 жилийнхээ ойг сүр дуулиантай тэмдэглэснийхээ дараа 2010 онд албан ёсоор хаагдсан билээ. Анх 1985 оноос СNN телевизээр цацагдаж эхэлснээс хойш хүндэт Ерөнхийлөгчөөс эхлээд урлагийн од, спортын алдартан, чинээлэг бизнесмэн, сенсаци шуугианы эзэд, хэвлэлийн баатрууд гээд нэр бүхий 40 мянган зочныг нэвтрүүлэгтээ оролцуулсан Ларри Кинг ойн баяраараа өөрөө зочны ширээний ард сууж ярилцлага өгсөн юм. Харин түүний оронд телевизийн нэрт зүтгэлтэн, бизнесийн магнат Дональд Трамп хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж Ларритай ярилцсан юм Ларри Кингийн өөрийнх нь ярилцлагын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, дэд Ерөнхийлөгч асан Аль Гороос эхлээд Селин Дион, Жэймс Камерун, Шон Пенн гээд алдартнууд түүнд мэндчилгээ дэвшүүлж бас түүнээс сонирхсон зүйлээ асуужээ.

-Ларри, хамгийн эхний асуулт бол өнгөрсөн хугацаанд хийсэн нэвтрүүлгүүдээс өөрийн тань хувьд хамгийн дуртай ярилцлагаа нэрлээч?
-Юуны түрүүнд Дональд тантай хийсэн ярилцлага ч сэтгэлд үлдсэн сайн дугаар байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
-Баярлалаа.
-Би ч олон мянган хүнтэй ярилцлаа даа. Хэрэв аль нэгийг нь сонго гэвэл Брандог л хэлнэ дээ. Учир нь, түүнээс ярилцлага авах гэж нэлээд юм болсон учраас.
-Нээрээ ч Марлон Брандо барагтай бол ярилцлага өгдөггүй байсан шүү.
-Тийм ээ. Тэр ярилцлага өгөх дургүй байсан. Гэхдээ тэр надтай ярилцлага хийхийг зөвшөөрсөн. Нэг өдөр тэр эхлээд над руу утасдаад Марлон байна гэлээ. Тэгэхэд нь би итгэхгүй ямар Марлон гэж асуутал Брандо гэдэг байгаа. Би харин тэр үед Марлон Фицвотер л юм байх гэж бодож байлаа. Гэтэл тэр өөрөө яриад намайг гэртээ хүрээд ирээч гэв. Марлон машинаа явуулаад би түүний Беверли дэх гэрт нь очиж цаг хагас хэртэй сайхан ярилцсан. Тэр маш хөгжилтэй, манай зураг авалтын багийнхныг инээлгэсээр байгаад таарсан. Ярилцлагынхаа төгсгөлд тэр намайг үнсэж билээ. Би тэр үеийг хэзээ ч мартдаггүй юм.
-Та нэвтрүүлгээ эхлэх үед энэ ярилцлага сайн болох нь, эсвэл муу болох нь гэдгийг урьдчилаад мэддэг үү?
-Ер нь бол тийм бяцхан дүгнэлт хийчихдэг. Би СNN-д ажиллаад 25 жил, ярилцлага хийж эхэлснээ бодвол 53 жил өнгөрсөн байна шүү дээ. Тэгэхээр нэг тийм туршлага суулгүй яах вэ.
-Та зочиндоо хэтэрхий хатуу эсвэл бөөрөнхийлсөн асуулт тавьлаа гэж шүүмжлүүлж байсан уу?
-Хоёуланг нь сонсч байсан. Гэхдээ би хамгийн сайн гэж бодсон асуултаа тавихыг л хичээдэг. Бас би сайн сонсдог. Ярилцагчаа сайтар сонссоноор дараагийн асуулт нь өмнөх ярианаасаа урган гарч байдаг юм.
-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тантай хамгийн сайхан яриа өрнүүлсэн зочин хэн бэ?
-Сэтгэлийн хөдөлгөөн, хошигнох чадвар, хэрэв дургүй нь хүрвэл чөлөөтэй бухимдлаа илэрхийлэх зоригтой, бас юу хэлэх гээд байгаагаа сайхан тайлбарлачихдаг л бол тэр сайн ярилцагч. Энэ дөрвөн шинжийг агуулсан хүн бүр миний хувьд сайхан яриа өрнүүлдэг зочин гэсэн үг.
-Таныг зочноор уригдсан энэ завшаанаар зарим хүн танд дүрс бичлэгээр асуулт илгээсэн юм. Тухайлбал, Оскарын шагналт найруулагч Жэймс Камерун ингэж асуужээ.  Одоо энэ ертөнцөд байхгүй ч таны ярилцахыг хүсдэг хүн бий юу. Жишээлбэл, таны шоунд Есүс Христ ч юм уу аль эсвэл Сталин, Гитлер нар зочноор оролцвол ямар байх бол. Та хэнийг урьмаар байна?
-Үнэхээр гайхалтай асуулт байна. Хэрэв тэгж болдогсон бол Уинстон Черчилльтэй л хамгийн түрүүнд ярилцахсан. Тэр дэлхийн II дайны тухай юу гэж боддог бол. Есүс Христ өнөөгийн дэлхий ертөнцийн тухай ямар бодолтой байдаг бол. Тэр онгон бүсгүйгээс төрсөн гэдэгтээ итгэдэг болов уу гээд л асуух зүйл их байна. Бас Гитлер, Сталин гээд ярилцахыг хүссэн хүмүүсээ нэрлэвэл урт жагсаалт гарах нь дээ. Тэд бол нүгэлт хүмүүс. Гэхдээ тийм хүмүүстэй хийсэн ярилцлага дандаа сайн болдог. Учир нь, тэд өөрсдийгөө муу хүн гэж боддоггүйд байгаа юм.
-Та тийм хүмүүстэй ярилцаж байсан уу?
-Мэдээж.
-Таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зочин хэн бэ?
-Карла Фэйе Такер. Тэр шоугаараа би Эммигийн шагнал хүртэж байсан. Карла бол олон хүний амь хөнөөж, цаазын ял авсан эмэгтэй. Удахгүй тариа тариулаад үхнэ гэдгээ тэр мэдэж байсан ч итгэж биширдэг хэвээрээ, өөдрөг үзэлтэй нэгэн байсан.  Нэвтрүүлгийн үеэр намайг түүнд хүрэхийг хориглосон байлаа. Биднийг шилэн ханаар тусгаарласан байсан л даа. Үхэхээ мэдэж байгаа хүнтэй ярилцах тэр мөч үнэхээр сэтгэл эмзэглүүлэм.
-Ларри нэвтрүүлгийн тань 25 жилийн ойгоор Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон экс тэргүүн хатагтай Лаура Буш нар мэндчилгээ ирүүлжээ. Харин найруулагч Квинтин Тарантино танд ийм асуулт тавьсан байна. Та маш олон үзэсгэлэнтэй бүсгүйтэй ярилцаж байсан. Харин тэр дундаас таны сэтгэлийг хамгийн их татсан гоо бүсгүйг нэрлээч?
-Энэ ч хэцүү асуулт байна шүү, залуу минь. Би мэдээж дур булаам бүсгүйчүүдтэй олонтаа ярилцлага хийж байсан. Харин тэднээс хамгийн сайхныг нь нэрлэвэл Шарлиз Тероныг хэлнэ.
-Тийм гэж үү?
-Тийм ээ. Тэр бол сахиусан тэнгэр л гэсэн үг. Шарлиз Терон гаднах үзэмжээрээ ч дотоод сэтгэлээрээ ч маш сайхан, үзэсгэлэнтэй эмэгтэй.
-Танд баяр хүргэсэн мэндчилгээ тасралтгүй хөвөрсөөр л байна. Жүжигчин Аль Пачино танд баяр хүргэсэн бол найруулагч Майкл Мур, жүжигчин Жонни Депп, Энне Хатавэй, дэд Ерөнхийлөгч асан Аль Гор нар танаас нэг л зүйлийг асуухыг хүссэн байна. Тэд таны имиж болсон мөрөвчний талаар сонирхсон байна? Яагаад ийм татуурга зүүх болсон, хаанаас авдаг, хэдэн татуургатай вэ гээд…
-Миний өмнөх эхнэр Шарон татуурга зүүхийг анх надад санал болгосон юм. 1987 онд зүрхний мэс засалд орсны дараа нэлээд турчихаад байсан үед Шарон намайг татуурга зүүвэл аятайхан харагдах юм биш үү гээд. Тэгээд нэг удаа зүүгээд үзтэл хүмүүс намайг сайхан харагдаж байна гэж магтацгаагаад л. Ингээд л түүнээс хойш байнга зүүх болсон юм даа.
-Түүнээс хойш татуурга зүүгээгүй удаа бий юу?
-Ицхак Рабиныг /Израилийн Ерөнхий сайд агсан/ нас барсан орой л зүүгээгүй юм байна. Тэр их хүн бусдын гарт харамсалтайгаар амиа алдчихаад байхад гоёх нь зохимжгүй санагдсан юм.
- Эльвис Преслигийн гэргий Присцилла танаас ямар хоолонд дуртайг тань асуусан байна?
-Би өөрийнхөө хийсэн матцад дуртай. Та бүхэн матцаг сайн мэдэхгүй байх. Энэ бол өндөгний цагаанаар хийдэг хоол. Би уг нь өндгөнд дургүй л дээ. Гэхдээ энэ хоол л намайг өндөг идүүлчихээд байдаг юм. Би ер нь гарын талхаа хийчихээд найзуудаа уриад, ширээ тойрч суугаад хооллох их дуртай. Найзуудтайгаа хамт байгаа үед амьдрал дүүрэн байдаг. Найз гэдэг худалдаж авч болдоггүй зүйл шүү дээ.
-Ингэхэд та домогт Эльвис Преслитэй уулзаж байсан уу?
-Үгүй ээ. Нэг ч удаа уулзаж байгаагүй.
-Мэдээж түүнтэй ярилцсан бол таны хамгийн сайн нэвтрүүлгийн нэг болох байсан биз?
-Гарцаагүй тийм, тэр бол миний ярилцахыг хүссэн хүмүүсийн жагсаалтын дээгүүрт орно шүү.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан