Македоны сөрөг хүчний удирдагч Бранко Црвенковский өөрийн талынхныг болон нийт ард түмнийг парламентаар баталсан 2013 оны төсвийг эсэргүүцэн босохыг уриаллаа. Харин эрх баригч намынхан үүнийг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзэж байна. Ирэх оны төсөв баталсны дараа парламентын танхимд эмх замбараагүй болж маргаан гарсан юм. Энэ үеэх болсон зодоонд хоёр ч эмэгтэй депутат, Ерөнхий сайд асан Радмила Шекеринская, депутат Весна Бендевская нар бэртэл авчээ.
Сөрөг хүчнийхэн төсөв хэлэлцэж байхад нийт зарлагыг 204 сая еврогоор танаж болох санал дэвшүүлсэн ч эрх баригчид түүнийг нь хүлээн авалгүй няцаасан юм. Өчигдөр маргаан улам ширүүсч парламентын ордны гадаа төсвийн талынхан болон эсэргүүцэгч хэдэн мянган хүн цугларсан юм. Тэдний зарим нь парлментын ордонд нэвтрэхийг оролдоход цагдаагийнхан хоригложээ. Энэ үеэр хууль сахиулагчдаас 11 нь бас бэртэл авсан байна. Дуулиан тариад байгаа 2,7 тэрбум еврогийн төсвийн алдагдал нь ДНБ-ний 3,5 хувьтай тэнцээд байгаа юм. “Энэ улс оронд Үндсэн хууль ч гэж алга, ардчилал, парламент ч гэж алга. Нэг талд нь дарангуйлагч дэглэм, нөгөө талд нь ард түмэн л байна” гэж Црвенковский хэлжээ.
Харин Ерөнхий сайд Николай Груевский тэргүүтэй эрх баригч намынхан Црвенковскийг “Хууль бус, хүчирхийллийн замаар Засгийн эрхийг авах гэлээ” хэмээн шүүмжилж байна.