Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэмцэгч

“Улс төр бол бохир тоглоом. Украиных бол бүр бохир. Тэнд эмэгтэй хүнд багтах зай байхгүй” гэдэг. Энэ үгийг Юлия Тимошенкод зориулж хэн нэг өрсөлдөгчөөс нь эсвэл бүр хамтран зүтгэгч нь ч хэлсэн байж мэднэ. Яагаад гэвэл Украины улс төрд өчигдөр хамтрагчид байсан хүмүүс өнөөдөр ар нуруугаа харах, өнөөдөр дайсан байсан хүмүүс маргааш гар барилцан инээж зогсох тохиолдол жирийн үзэгдэл мэт байдаг. Цаг агаараар зүйрлэвэл намуун тогтуун байна гэж бараг нэг өдөр байдаггүй Украины адармаатай бөгөөд ширүүн улс төрд 10 гаруй жил эрчүүдтэй эн зэрэгцэн явсны эцэст нь өнөөдөр торны цаана долоон жил хоригдох ял сонссон ч өвдөг сөхрөөгүй дайчин бүсгүй Юлия Тимошенкогийн тухай өгүүлж байна.
Нямбайлан сүлжсэн үс, дэгжин хувцаслалтаараа олны танил болсон энэ эмэгтэйг Улбар шар хувьсгал дэлхий нийтэд таниулж өгсөн билээ.  Гэвч хүмүүс түүнийг хувьсгалч, тэмцэгч гэдгээс илүүтэй улс төр дэх хамгийн царайлаг, сайхан эмэгтэй хэмээн дүр төрхөөр нь үнэлэх нь элбэг. Харин түүний намбалаг инээмсэглэлийн цаана төрөлхийн тэмцэгч чанар хэзээд нуугдаж ирснийг туулсан амьдрал нь харуулдаг юм.
Амьдралаа арай ядан залгуулдаг тарчигхан гэр бүлээс гаралтай ч Украины хамгийн баян эмэгтэй болтлоо хөдөлмөрлөж чадсан, хэр баргийн аавын хүүгийн хүрч чаддаггүй Ерөнхий сайдын суудалд хоёр ч удаа суугаад авсан  Юлия Тимошенкогийн амьдралын түүхийг дэлгэхэд...

Улаан дипломтой эдийн засагч бүсгүй

Юлия Тимошенкогийн амьдралын зам тийм ч дардан байгаагүй гэдэг. Тэр хүүхэд ахуй цагаасаа л эмэгтэй хүн хүчтэй, тэсвэр тэвчээртэй байж, амьдралыг сөрж туулдаг гэдгийг ойлгож авчээ. 1960 онд оросууд голдуу амьдардаг Украины Днепропетровск хотын жирийн л нэг гэр бүлд төрсөн Юлия охиныг гурван настай байхад аав нь хаяж явсан тул ээжтэйгээ хоёулхнаа өсчээ. Түүний аав Владимир Григян хэмээх латви хүн байсан гэдэг. Эцэг нь орхиж явсны дараа Юлия ээжийнхээ Телегина гэдэг овгийг авч, 1979 онд нөхөр Александр Тимошенкотой гэрлэх хүртлээ энэ нэрээрээ явжээ.
Ганц бие эх нь амьдралаа авч явахын тулд хэд хэдэн ажил давхар хийдэг байсан учир Юлия тэр үеэс л өөрөөс нь өөр хэн ч амьдралыг нь аварч чадахгүй гэдгийг ойлгож, сургуульдаа хичээж суралцдаг байж. Тэрээр Днепропетровскийн улсын их сургуулийн Эдийн засгийн факультетэд кибернетикийн инженер мэргэжлээр суралцаж, улаан дипломтой инженер-эдийн засагч болон төгсч байж. Тэрээр их сургуульд байхдаа нөхөртэйгөө танилцаж, гэр бүл болоод Евгения охиноо төрүүлсэн ч хичээл сургуулиа завсардуулалгүй, хамгийн сайн оюутан байжээ. Хожим нь 1999 онд Киевийн  Эдийн засгийн их сургуульд “Улсын татварын тогтолцооны зохицуулалт” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Тэр хүртэлх хугацаанд төрийн алба, хувийн бизнес аль алинд нь ажиллаж байсан ч Юлия хажуугаар нь эдийн засгийн чиглэлээр 50 гаруй судалгааны ажил хийсэн байдаг. 

Хийн гүнжээс олигархи болсон нь

Юлия оюутан байхдаа хамтын амьдралаа эхлүүлсэн нөхөр Александртайгаа хамт 5000 рублийн зээл авч, кино прокатны газар ажиллуулан хувийн бизнесийнхээ гарааг тавьжээ.  Үүнээс өмнө тэрээр пуужин хүртэл угсардаг Днепропетровскийн машины үйлдвэрт инженер-эдийн засагчаар 1988 он хүртэл ажилласан байна. Харин 1988 онд Украинд перестройка гарснаар Тимошенкогийн гэр бүл хамтрал байгуулан, хувийн хэвшилд хөл тавьсан юм. Юлиягийн хадам эцэг Геннади Тимошенко социализмын үед кино үйлдвэрт ажилладаг байсан нь тэднийг ийм бизнес сонгоход тусласан байна. Тэдний бяцхан прокатны газар гурван жилийн дотор “Терминал” нэртэй хотынхоо томоохон компаний нэг болтлоо өргөжин тэлжээ.
Юлия Тимошенкогийн хувийн бизнес 1991 онд кино прокатны явцуу жижигхэн бизнесээс нефть хэмээх ашиг орлого ихтэй томоохон салбар руу оров. Тэд “Украины нефть корпорац” нэртэй шинэ компани байгуулж 1991-1995 оны хооронд хотынхоо газар тариалангийн салбарыг нефтиэр хангадаг байжээ. Энэ корпорацыг нөхөр, хадам эцгийнхээ хамт байгуулсан ч өөрөө ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд компани нь 1996 онд “Украины энергийн нэгдсэн сүлжээ” болон томорч, Украинд Оросоос нефть нийлүүлдэг гол импортлогч болсон байна. Энэ үед тэрээр “Хийн гүнж” гэдэг нэр авсан юм. Гэхдээ энэ нэр сайн гэхээсээ саар утга илэрхийлдэг байж. Учир нь, тэр үед Ю.Тимошенкогийн компанийг Оросоос нийлүүлж буй хийг өндөр үнээр дамлан зардаг гэсэн шүүмжлэл байнга гардаг байжээ. Гэсэн ч түүний нэр нөлөө улс төр, бизнеснийнхний хүрээнд өссөөр Павло Лазаренко, Виктор Пинчук, Сергей Тигипкогоос эхлээд Ерөнхийлөгч Леонид Кучма хүртэл тухай үеийн нөлөө бүхий хүмүүстэй холбоо харилцаатай болж чадав. Тэд бүгдээрээ Юлия шиг Днепропетровскоос гаралтай, нэг нутгийнхан байсан учраас ойр дотно холбоотой байж. Юлия улсдаа төдийгүй Оросын төрийн өмчит “Газпром” компанийнхантай ч нэлээд сайн холбоо харилцаа тогтоож амжсан байна. Энэ хооронд Тимошенкогийн гэр бүлийн хөрөнгө мөнгө асар хурдан өсч үржиж, Юлия Украины хамгийн чинээлэг олигархийн нэг гэгдэх болов. 2006 онд тэрээр Украины 100 баяны жагсаалтад дээгүүр бичигддэг байсан бол харин улс төрд орсноос хойш энэ жагсаалтад нэр нь үзэгдэхээ больсон юм.

Рекорд тогтоосон улс төрийн карьерийн эхлэл

Юлия Тимошенко шар хувьсгалаас бүр 10 шахам жилийн өмнө буюу 1996 онд улс төрд орсон юм. Тэрээр 1996 онд Верховна Рада буюу Украины парламентын сонгуульд өрсөлдөж 92.3 хувийн санал авч рекорд тогтоон, хууль тогтоогч болж байсан түүхтэй. Гэвч жилийн дараа Прокурорын газраас Ю.Тимошенкогийн парламентын гишүүний халдашгүй дархан эрхийг цуцалж өгөх хүсэлт гаргаж, тухайн үедээ шуугиан тарьж байв. Тэрээр 1995 онд Орос руу 26 мянган ам.доллар хууль бусаар авч орсон гэдэг үндэслэлээр хэрэгт холбогдсон байна. Гэхдээ хэрэгт холбогдсоныг үл харгалзсан 1998 онд болсон парламентын сонгуулиар Громада намаас дахин сонгогдож чадсан юм. Тухайн үед Ю.Тимошенко намынхаа тэргүүлэх лидерийн нэг байсан ч намын дарга Павло Лазаренко нь эдийн засгийн хэргээр хууль шүүхэд дуудагдан, улмаар Америк руу зугтан гарснаар нам нь таран бутрахад хүрсэн юм. Энэ үед Ю.Тимошенко “Эх Орон бүх Украины нэгдсэн холбоо” хэмээх фракц байгуулсан нь хожим өөрийн намаа байгуулах эхлэл болжээ.

Украинчуудыг цалинтай нь залгуулсан нь

1999 онд Ю.Тимошенко Виктор Юшенкогийн Засгийн газарт Ерөнхий сайдын орлогчоор томилогдлоо. Түүнд нефть, эрчим хүчний салбарыг давхар хариуцуулсан тул Ю.Тимошенко  хэдэн жил хувийн бизнес эрхэлсэн энергийн салбартаа эргэн ирсэн юм. Тэрээр 2001 он хүртэл хоёр жил шахам сайдаар ажиллахдаа эрчим хүчний салбарын орлогыг хэдэн мянган хувиар өсгөж, улсынхаа төсөвт үлэмж хувь нэмэр оруулсан гэдэг. Эрчим хүчний салбар дахь бартераар цахилгаан түгээх явдлыг таслан зогсоож, зөвхөн бэлэн мөнгөөр төлбөр хийдэг болсноор улсын төсвийн орлого илт нэмэгдэж, Засгийн газар нь цалин, тэтгэврээ тавих чадалтай болжээ.  Гэвч Ю.Тимошенкогийн шийдэмгий алхам энэ салбарын олигархиудтай зөрчилдөх шалтгаан болж, улмаар Ерөнхийлөгч Л.Кучма түүнийг сайдын суудлаас нь шууд огцруулсан юм. Эндээс Ю.Тимошенкогийн Л.Кучмагийн эсрэг тэмцэл эхэлсэн бөгөөд “Кучмагүй Украин ”нэртэй хөдөлгөөн байгуулж идэвхтэй тэмцэж эхэлжээ.
Гэвч ноёнтой тэрсэлдвэл толгойгүй, нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэгчээр Ю.Тимошенко 2001 оны хоёрдугаар сард шүүхэд дуудагдаж, бүр хэдэн долоо хоног шоронд хоригдохдоо тулсан юм. Тэрээр 1995-1997 оны хооронд нефтийн компанийн захирал байхдаа гаалийн бичиг баримт хуурамчаар үйлдэж, хууль бусаар хий оруулж ирсэн гэдэг хэргээр Лукянивскийн шоронд хоригджээ.
Ю.Тимошенко шоронд орсноо Кучмагийн явуулга гэж ил тод мэдэгдэж, хүчтэй тэмцсэний дүнд нэг их удалгүй суллагдсан ч дөрвөн жилийн дараа Ерөнхий сайд болтлоо Оросын хилээр нэвтрэх эрхээ хасуулсан юм. Түүний нөхөр Александр ч хуулийн байгууллагын хараанд өртөхгүйн тулд хоёр жил шахам нуугдмал байдалтай амьдарчээ. Энэ хэрэг тэгсгээд намжсан ч 10 жилийн дараа Ю.Тимошенког дахин хуулийн байгууллага шалгаж эхлэхэд дээрх хэргийг сөхөн шалгасан билээ.

Улбар шар хувьсгалын дуу хоолой

Ю.Тимошенко Л.Кучмагийн эсрэг тэмцлээрээ украинчуудын сайн танил болж чадсан юм. Тэрээр нэг удаагийн эсэргүүцлийн жагсаалын үеэр шоронгийн цонхыг хагалсан нь телевизээр цацагдаж, Юлия Тимошенко гэж хувьсгалч, гал цогтой эмэгтэй гарч ирлээ хэмээн тухай үедээ шуугьж байлаа. Тэр үед Тимошенко учир битүүлэг машины осолд орсон ч азаар хөнгөн бэртэл авч эсэн мэнд үлдсэн юм. Энэ явдлыг “Засгийн газар улс төрийн аллага хийх гэж оролдлоо” хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж, Ю.Тимошенког дэмжигчдийн тоо ч нэмэгджээ. Энэ үед Юлия Тимошенко “Батькивщина” буюу “Эх Орон” хэмээх намаа байгуулж, өөрөө дарга нь болоод байв.
Энэ үеэс тэрээр өөрийн нэрийн хуудас болсон шар хувьсгалын үйл хэргийг эхлүүлсэн юм. Тэрээр 2002 онд “Украины Социалист нам”-ын Александр Мороз, “Коммунист нам”-ын Петро Симоненко болон “Манай Украин” намын Виктор Юшенкотой хамтарсан мэдэгдэл гаргаж, хувьсгал эхлүүлж байгаагаа зарлан мэдэгдсэн юм.  Явцын дундаас дөрвөн хамтрагчаас хоёр нь сугарч, В.Юшенко тэр хоёр үлдэв.
Ингээд 2004 онд “Ардын хүч” хэмээх эвсэл байгуулж 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд В.Юшенког нэр дэвшүүлсэн юм. Украины одоогийн Ерөнхийлөгч Виктор Януковичийн эсрэг өрсөлдсөн энэ сонгуульд хэрэв В.Юшенко ялбал Ю.Тимошенког шууд Ерөнхий сайдаар томилох тохироог тэд хоорондоо хийсэн байлаа. Гэвч сонгууль хууль бус, будлиантай болсон нь тодорхой болж, 2004 оны арваннэгдүгээр сарын 22-нд Украин даяар нийтийг хамарсан жагсаал цуглаан эхэлсэн билээ. Украины бараг хот болгонд өрнөсөн жагсаалын хамгийн том нь Киевт болж хагас сая шахам хүн оролцсон байдаг. Энэ явдал Украины түүхнээ Улбар шар хувьсгал хэмээн тэмдэглэгдэн үлдэж, Ю.Тимошенко В.Юшенкогийн хамт энэ хувьсгалын удирдагч, дуу хоолой нь болсон билээ. Шар хувьсгал хүчтэй байж, Виктор Януковичийг ялагчаар тодруулаад байсан сонгуулийн дүнг хүчингүй болгож чадсан юм. Ингээд хоёр дахь санал хураалтаар Виктор Юшенко Украины Ерөнхийлөгчөөр сонгогдож, Юлия Тимошенкогийн Ерөнхий сайд болох зам нээгдсэн юм.

В.Тимошенкогийн карьерын оргил үе

2005 оны нэгдүгээр сард В.Юшенко амласан ёсоороо Ю.Тимошенкод Ерөнхий сайдын суудал өгсөн юм. Гэхдээ энэ зөвхөн тэдний хоорондын тохиролцоогоор шийдэгдээд өнгөрөөгүй юм. Парламентаар Ерөнхий сайдыг батлах эсэхийг шийдэхэд тэрээр үнэмлэхүй олонхийн санал авч, ногоон гэрлээр Украины анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон.  Энэ бол Ю.Тимошенкогийн улс төрийн карьерийн оргил үе байсан бөгөөд “Forbes” сэтгүүлээс нэрлэдэг Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад  Кондолиза Райстай зэрэгцэн гуравдугаарт бичигдэж байв. Гэвч энэ сайхан үе төдий л удаан үргэлжилсэнгүй. Хувьсгалын дараа эвлэлдэн нэгдэж байгуулсан танхимд нь зөрчил маргаан гарч, хэд хэдэн сайд нь огцорсны дараа Ерөнхийлөгч В.Юшенко Ю.Тимошенкогийн Засгийн газрыг огцруулсан юм.

Дахиад л Ерөнхий сайд

Засгийн газар нь огцорсны дараа Ю.Тимошенко дахин Ерөнхий сайд болохоор 2006 оны парламентын сонгуульд өрсөлдөв. Гэвч түүний нам Ерөнхий сайд болоход хангалттай хэмжээний суудал авч чадаагүй учир Ю.Тимошенко экс хамтрагч В.Юшенкогийн намтай эвсэх шаардлага гарсан юм. Тэдний эрх мэдлээ хуваах хэлэлцээр нэлээд сунжирсны эцэст Ю.Тимошенко санасандаа хүрч дахин Ерөнхий сайдын суудалдаа эргэн ирэх боломж нээлттэй байсан юм. Гэвч Ерөнхий сайдын суудалд тэр очиж чадалгүй Виктор Януковичид алдсан. Энэ үе буюу 2006-2007 онд Украины улс төр ихээхэн эмх замбараагүй бужигнаантай байж, 2007 онд хугацаанаас нь өмнө дахин парламентын сонгууль зарласан юм. Энэ сонгуульд дахиад л аль ч нам олонхи болох хэмжээний суудал авч чадалгүй, эцэс төгсгөлгүй хэлэлцээр хийсний дүнд Ю.Тимошенко хоёр дахь удаа Ерөнхий сайдаар сонгогдов.  

150 сая ам.доллар зарцуулсан ч Ерөнхийлөгч болж чадсангүй

Украины улс төр урьдын адил бужигнаантай хэвээр, Ю.Тимошенко суудалдаа үлдэхэд хэцүүхэн байсан ч тэрээр төрөлхийн тэмцэгч зангаараа өрсөлдөгчдөдөө бууж өгсөнгүй. Улс төрийн эгзэгтэй олон хүнд үеий давж, Ерөнхий сайдын суудалдаа гурван жил тогтож чадсан юм. Гэвч 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа суудалдаа тэсч үлдэхэд үнэхээр бэрх болж ирсэн юм.  Тэрээр Засгийн газар тэргүүлж байхдаа өөрийн тэргүүлдэг “Юлия Тимошенкогийн эвсэл”-ээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн.
Газрын тос, байгалийн хийн бизнесээс хурааж хуримтлуулсан их хөрөнгөнөөсөө 150 сая ам.доллар зарцуулан, нүсэр том сонгуулийн кампани зохион байгуулсан ч эртний өрсөлдөгч В.Януковичид хоёр шатны сонгуулиар ялагдав. Тэрээр эхний шатанд өрсөлдөгчөөсөө 10 хувиар бага буюу 25 хувийн санал авсан бол хоёрдугаар шатанд В.Януковичоос ердөө 3.55 хувийн саналаар дутаж, Ерөнхийлөгч болж чадаагүй юм. Гэвч Ю.Тимошенко өмнө нь амлаж байснаас буцаж, сонгуулийн дүнг эсэргүүцэж, шүүхэд хандсан юм. Уг нь, тэрээр сонгуульд ялагдвал ямар нэг маргаан үүсгэхгүй хэмээн мэдэгдэж байсан ч В.Януковичид ялагдсаны дараа нэг сая гаруй саналын хуудас хуурамч байсан хэмээн мэдэгдэж, хүчингүй болгохыг шаардсан.  Гэвч түүний үүсгэсэн гомдол заргыг Украины Дээд шүүх хүчингүйд тооцож, Ю.Тимошенко ч улсынхаа шүүх засаглалд итгэхгүй байгаа учир гомдлоо буцаалаа хэмээн мэдэгдсэн юм.  Энэ үеэс Ю.Тимошенкогийн ээлжит Ерөнхийлөгчийг эсрэг тэмцэл эхэлсэн. Тэрээр 10 жилийн өмнө Леонид Кучмагийн эсрэг тэмцэж байсан бол энэ удаа В.Янукович болон түүний далбаан дор амьдардаг гэх олигархиудын эсрэг улс төрийн хөдөлгөөн өрнүүлж эхлэв.
Гэвч шинэ Ерөнхийлөгчтэй тэрсэлдсэнийхээ хариуд Ю.Тимошенкогийн Засгийн газар 2010 оны хоёрдугаар сард, В.Януковичийг тангараг өргөсний дараахан огцорсон билээ. Ингээд намын даргаас өөр улс төрийн албан тушаалгүй болсон Юлия Тимошенког В.Януковичийн талынхан элдэв янзын хэрэгт холбогдуулан шалгахад саадгүй болж, компанийн захирал, Ерөнхий сайд байх үед нь холбогдох хээл хахууль, албан тушаал, авлигын гэх 10 гаруй хэргийг сөхөн шалгаж эхлэв.

10 жилийн дараа Лукянивскийн шоронд эргэн ирсэн нь

Сталиний дэглэмийн үед амьдарч байсан нэрт яруу найрагч Анна Ахматова “Энэ булшин дотор  ч би амьдарч байна” хэмээн хэлсэн нь бий. Энэ алдартай үгийг Ю.Тимошенко Лукянивскийн шоронд бичсэн сүүлчийн нийтлэлдээ онцлон дурдсан байна. Энэ шоронд тэрээр яг 10 жилийн өмнө л байгалийн хийн асуудлаас болж хэсэг хугацаанд хоригдож байсан нь санамсаргүй тохиолдол биш гэлтэй.
 “Moscow Times” сонинд хэвлэгдсэн дээрх нийтлэлд “Намайг энд хорьсон тэр эрчүүдээс ч илүү би амьд сэрүүн байна” хэмээн Ю.Тимошенко бичжээ.  “Тэр эрчүүд” хэмээн хэнд хаягласан нь тодорхой. Түүний мөнхийн өрсөлдөгч, Ерөнхийлөгч Виктор Януковичид тэр энэ үгийг илгээжээ.
Юлия Тимошенког торны цаана суулгасан нь хэдий шүүхийн шийдвэр авч, үүний цаана асар том улс төр явж байгаа гэдэг нь өнөөдөр нэгэнт тодорхой болжээ. Үндсэндээ түүнийг шалган мөрдөж, яллах ажиллагаа В.Януковичийг Ерөнхийлөгч болсон тэр үеэс л шууд эхэлсэн юм. Тэрээр өмнөх Засгийн газрын үеийн алдаатай бодлогыг эргэн шалгаж, гэм буруутнуудад хариуцлагыг нь хүлээлгэнэ гэж үүнийгээ ил тод мэдэгдэж байв. Ингээд тусгай мөрдөн байцаагчдын баг гаргаж, Юлия Тимошенкогийн Засгийн газрын үед хийсэн бүхий л ажил, гаргасан шийдвэрүүдийг шалгаж эхэлсэн юм. Шалгалтын зөвхөн эхний шатанд гэхэд 50 мянган хуудас баримт материал цуглуулж, тэндээс улсын мөнгөнөөс 500 сая ам.долларыг зориулалтын бус зүйлд зарцуулсан гэдэг эхний хэргийг гаргаж ирсэн. Байгаль орчинд зориулах ёстой мөнгийг тэтгэвэр тавихад зарцуулсан хэмээн түүнийг буруутгасан юм. Гэхдээ энэ хэргээс болж тэр өөрөө ямар нэг ял шийтгэл хүлээгээгүй бөгөөд харин Байгаль орчны экс сайд шоронд орж, Ю.Тимошенкогийн танхимаас ял хүлээсэн гурав дахь сайд болсон юм.
Дээрх хэргийн дараа Ю.Тимошенкогийн эсрэг хоёр дахь хавтаст хэргийг нээсэн нь албан тушаалаа урвуулан ашигласан тухай байв. Түүнийг 2010 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа улсын эмнэлгийн 1000 гаруй тээврийн хэрэгслийг өөрийн кампанит ажилд ашигласан хэмээн буруутгахыг оролдсон юм. Гэхдээ энэ хэрэг ч тэгсгээд намжсан билээ. Харин гурав дахь буюу Ю.Тимошенкод долоон жилийн ял оноосон байгалийн хийн гэх хэргийг энэ оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн юм. 2009 онд Оросын төрийн өмчит “Газпром” компанитай Украины “Нафтогаз” компани гэрээ байгуулахад Ю.Тимошенко эрх мэдлээ хэтрүүлэн, өөрийн улсад хохиролтой, өндөр үнээр хий авах гэрээнд гарын үсэг зурахыг үүрэг болгосон хэмээн түүнийг буруутгасан. Шүүх явц хууль бус болж байгаа тухай мэдээлэл тухайн үед олонтаа гарч байсан ч экс Ерөнхий сайдыг яллахдаа тулна гэж хэн ч төсөөлөөгүй. Гэвч Украины шүүх Ю.Тимошенкод эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр долоон жилийн ял оноож, улсад 188 сая ам.долларын торгууль төлөх шийтгэл хүлээлгээд байна.
Барууны орнуудын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан энэ ял шийтгэлийг хүчингүй болгож, цагаатгах тухай асуудал парламентаар яригдсан ч тэрээр одоо хүртэл шоронд хоригдсон хэвээр байна. Хоригдож байхад нь хүртэл өөр нэг хэргээр дахин баривчлах тушаал хүртэл өнгөрсөн сард гарсан юм. Олон нийтийн толгойг эргүүлсэн эцэс төгсгөлгүй энэ олон хэргийн чухам алийг нь шалгах гэж шоронд хоригдож байгаа хүнийг дахин баривчлах тушаал гаргаснаа Украины прокурорын газраас тодорхой тайлбарлаагүй ч одоо Ю.Тимошенкод холбогдох эдийн засаг, албан тушаалын 10 орчим хэргийг шалгаж байгаа гэх. Ямартай ч, Украины хууль шүүхийнхэн Ю.Тимошенког ямар нэг ялд унагахаар хэрхэн улайран зүтгэж байгаа нь энэ байдлаас тодорхой харагдаж байгаа юм. Энэ байдлаар бол түүний одоогийн долоон жилийн ял дээр өөр хэдэн ч жил нэмэгдсэн гайхах хэрэггүй болох нь.

Уг нь, Украины Ерөнхийлөгч В.Януковичид Европын холбоо хүчтэй шахалт үзүүлж Ю.Тимошенког даруйхан суллахыг шаардаж буй. Энэ явдал В.Януковичийн Европ дахь нэр хүндийг унагаж, Европын холбоотой байгуулах худалдааны гэрээг нь хүртэл нурааж мэдэхээр байхад тэрээр Ю.Тимошенког шүүх нэртэй яллах ажиллагааны саварт чанга атгасан хэвээр байна. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
mongoltoi barag ijilhen yum bishuu
Үнэхээр тэмцэгч гайхалтай бүсгүй. Сайхан ч хүүхэн юм
gaihaltai ym aa
Хамгийн их уншсан