Онолын нэрт физикч, сансар судлаач Стефен Хаукингийн ярилцлагыг хүргэж байна. Манай үеийн суут эрдэмтдийн нэг тэрээр дэлхий ертөнц юунаас үүссэн, бурхан гэж бий юу, кинонд гардаг шиг хүн төрөлхтөн цаг хугацаагаар аялах боломжтой юу гээд хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг асуултуудад хариулсан байна.
-Та дэлхий ертөнцөд бүтээгч эзэн гэж байхгүй, амьдрал хэрхэн үүссэн талаар шинжлэх ухаан хангалттай тайлбарлаж чадна хэмээн мэдэгдсэн. Энэ тухайгаа тайлбарлаж өгөхгүй юу?
-Хүндийн хүч болон квантын онолоор бол дэлхий ертөнц оргүй хоосноос аяндаа үүсч бий болох боломжтой.
-Хүндийн хүч хэрхэн үйлчилдэг юм бэ?
-Хүндийн хүч бол хамгийн нэгдмэл онол болох “М” онолын үр дүн юм. Хоёр дээр нэмэх нь хоёр тэнцүү дөрөв гэдэгтэй л адил.
-Маш энгийн асуулт тавья. Та бурханд итгэдэг үү?
-Бурхан байж болох юм. Гэхдээ шинжлэх ухаан бурхны туслалцаагүйгээр дэлхийн ертөнцийн тухай тайлбарлаж чадна.
-Магадгүй л юм. Гэхдээ бурхан болохоор “би дэлхийг бүтээсэн” гэж сударт тэмдэглэсэн байдаг. Таны ном харин түүнтэй зөрчилдөх санааг дэвшүүлжээ.
-Өмнө нь зөвхөн шашин л тайлбарладаг байсан асуултуудад одоо шинжлэх ухаан ч хариулах болсон шүү дээ.
-Хүн төрөлхтөнд томоохон аюул тулгараад байгаа тухай та саяхан мэдэгдсэн. Бидэнд тохиолдох тэр аюул юу юм бэ? Энэ биднээс өөрсдөөс минь болоод байна уу эсвэл гадаад хүчин зүйлийн нөлөө юу?
-Хүмүүс бид ховдог шунахай, тэнэг байдлаасаа болж өөрөө өөрсдийгөө устгах аюулд хүрээд байна. Бид өөрсдийнхөө дотоод ертөнцийг ч олж харахгүй, энэ дэлхийг хэтэрхий их бохирдуулж, хүн амын тоо хэт олширч байгаа нь аюул тарихаар болоод байна.
-Тэгвэл энэ аюулаас өөрсдийгөө аврах гарц байна уу?
-Хэрвээ ойрын хэдэн зуун жилд шинжлэх ухаан амжилттай хөгжвөл бид сансар огторгуйгаар тархан суурьшиж чадна. Тэгвэл ганц нэг байгалийн гамшиг хүн төрөлхтөнийг сүйрүүлж чадахгүй.-Цаг хугацаагаар аялах гэдэг шинжлэх ухааны хувьд тэрс үзэл гэж та нэгэнтээ хэлж байсан. Ер нь, цаг хугацаа дамжин аялах боломжтой юу?
-Цаг хугацаагаар аялах гэдэг ойлголтыг шинжлэх ухааны уран зөгнөл гэж боддог байсан үе ард хоцорсон. А.Эйнштейний харьцангуйн ерөнхий онолоор бол бид огторгуйн цаг тооллыг гажуудуулж, пуужин шиг төхөөрөмжөөр цаг хугацаагаар аялж болно. Энэ тухай би анх бичсэн. Харамсалтай нь, хэрэв огторгуйн цаг хугацааг гажуудуулах аваас цаг хугацаагаар аялагч хөлөг, магадгүй, огторгуйн цаг хугацаа гэдэг ойлголт ч өөрөө устаж мэднэ.
-Цаг хугацаагаар аялна гэхээр санаанд багтахгүй юм. Ер нь яаж, ямар замаар өнгөрсөн цаг хугацаа эсвэл ирээдүй рүү зорчиж болно гэж?
- Физикийн аливаа обьектууд, миний сууж байгаа энэ тэрэг ч гурван хэмжээстэй гэдгийг та нар харж байгаа. Өргөн, өндөр, урт гээд гурван хэмжээсээр аливаа зүйлийг хэмждэг. Үүнээс гадна дөрөв дэх хэмжигдэхүүн гэж байдаг. Тэр бол цаг хугацаан дахь уртын хэмжээ юм. Жишээлбэл, хүн 80 жил амьдардаг бол чулуу хэдэн зуун жил хадгалагддаг, нарны аймаг хэдэн тэрбум жилийн настай гээд л юм бүхэн өөрийн гэсэн цаг хугацаа, хэмжээтэй байдаг. Сансар огторгуй хүртэл. Цаг хугацаагаар аялна гэдэг бол тэр дөрөв дэх хэмжээсээр явна гэсэн үг.
-Жишээгээр илүү тодорхой тайлбарлаж өгч болох уу?
-Өдөр болгон хийдэг үйлдлээр жишээ авья л даа. Бид машинаар чигээрээ явбал нэг хэмжээсээр явж байна гэсэн үг. Харин зүүн юмуу баруун тийш эргэвэл хоёр хэмжээс болноо доо. Хэрэв уул руу өгсөх юмуу уруудлаа гэхэд гурав дахь хэмжигдэхүүнээр аялж байна гэсэн үг. Тэгвэл дөрөв дэх хэмжээсээр аялахын тулд бид цаг хугацааны хонгилоор зорчих хэрэг гарна. Дээд зэргээр бэлтгэгдсэн, өөрийг нь юу хүлээж байгааг мэддэг, зоригтой хүмүүс л цаг хугацаагаар аялж чадна. Ингээд ярихаар хүмүүст бодит байдлаас хол, солиотой юм шиг санагдаж магадгүй. Гэвч энэ санаа бол солиорол биш юм шүү.
-Тэр цаг хугацааны хонгил тэгээд хаана байдаг юм бэ?
-Цаг хугацаагаар аялахын тулд заавал зорчих ёстой тэр хонгилыг өтний нүх гэж эрдэмтэд нэрлэдэг. Өтний нүх маш жижиг. Эдгээр нүх нь огторгуйн хоёр өөр цаг хугацаанд хоёр газрыг хооронд нь холбодог юм. Энэ тухай ойлгохын тулд эхлээд физикийн үндсэн зарчмыг мэдэх хэрэгтэй. Энэ хорвоо ертөнц дээр хавтгай юмуу нягт хатуу зүйл гэж ерөөс байдаггүй. Хэрэв аливаа зүйлийг нарийн ажиглавал тэр бүхэнд чинь нүх, жижиг зай завсар байдаг. Энэ бол физикийн үндсэн зарчим юм. Энэ зарчим цаг хугацаанд ч гэсэн үйлчилдэг. Тэр жижиг нүх, зай завсар нь атом молекулаас ч жижигхэн. Бид түүний квантын хөөс гэж нэрлэдэг юм. Яг энд л дөрөв дэх хэмжээс буюу цаг хугацаагаар аялах хонгил оршдог. Энэ хонгил хоёр өөр цаг хугацаа, хоёр өөр газрыг холбож байдаг юм. Тийм болохоор л цаг хугацаагаар аялах боломжтой болж байгаа юм. Харамсалтай нь, тэр хонгил нэг сентиметрийг нэг тэрбум, нэг триллион дахин хуваасантай адил өчүүхэн жижиг хэмжээтэй.
-Тэгвэл тэр хонгилоор ямар машин аялж чадах вэ дээ, тийм үү?
-Одоохондоо бол тийм. Гэхдээ ирээдүйд шинжлэх ухаан илүү хөгжвөл тэр нарийн хонгилыг триллион дахин томруулж хүн юм уу сансрын хөлөг багтах хэмжээтэй болгох боломжтой гэж зарим эрдэмтэн үздэг.
-Уран зөгнөлт кинонд цаг хугацааны машиныг дүрслэхдээ маш их энерги зарцуулдаг, асар хурдан явдаг хэмээн үзүүлдэг. Тэгвэл бодит байдалд цаг хугацааны машин ер нь ямар байх вэ?
-Хүн жолоодсон хамгийн хурдан сансрын хөлөг бол Аполло 10. Энэ хөлөг цагт 40233 километрийг туулах хүчтэй. Тэгвэл цаг хугацаагаар аялахын тулд үүнээс 2000 дахин хурдан хөлөг бүтээх шаардлагатай.
-Хэрвээ танд цаг хугацаагаар аялах боломж олдвол та өнгөрсөн, ирээдүйн аль руу нь явах бол?
-Би ирээдүй рүү явж, “M” онол үнэхээр бүхий л зүйлийн тайлал нь мөн үү гэдгийг олж мэдэх байсан.
-Таны хувьд жинхэнэ баатар, хамгийн шилдэг эрдэмтэн хэн бэ?
-Галилео. Тэр бол шинжлэх ухааны ажиглалт хийх гэдэг ямар чухал болохыг ойлгосон орчин үеийн анхны эрдэмтэн. Надад түүнтэй төстэй олон зан чанар бий. Тэр зөвхөн өөрийн мэдрэмжээ дагадаг, тухай үеийнхээ эсэргүүний нэг байсан.-Таны туршиж үзсэн физикийн үзэгдлүүдээс хамгийн гайхашигтай нь жингүйдэл байсан гэдэг. Тэр яагаад тийм гайхамшигтай санагдсан юм бол?
-Жингүйдэх гэдэг гайхамшиг. Би жингүйдлийн ачаар өөрөө явж чадсан. Тэрэгтэйгээ үргэлж хадаатай байгаа нь миний санааг зовоодоггүй л дээ. Тэртээ тэргүй миний оюун ухаан хүссэнээрээ эрх чөлөөтэй хорвоо ертөнцөөр аялж чаддаг. Гэхдээ ямар ч жингүй байна гэдэг нь үнэхээр сонин сайхан мэдрэмж төрүүлдэг.
-Стивен та удахгүй 69 хүрнэ. Танд мэдээж хийхийг хүссэн зүйл их л байгаа байх. Гэтэл үүнд эрүүл мэнд чинь саад болох вий гэж санаа зовж байна уу?
-Анх намайг ALS-тэй хэмээн оношлоход хоёр жилийн л нас үлдсэн гэж эмч нар хэлж байсан. Тэр үеэс хойш 45 жил өнгөрөхөд би зүгээр л байна.
-Та хүүхэд багачуудад хэрэгтэй зөвлөгөө өгөөч?
-Хөл доорхио биш, одот тэнгэр руу харж яв.Толилуулж буй энэ ярилцлагыг өгөх гэж эрдэмтэн Стефен Хаукинг телевизийн студид цөөнгүй цагийг өнгөрүүлсэн байна. Учир нь, хүнд өвчний улмаас ярих чадвараа алдсан түүний хоолойны оронд суулгасан ярих төхөөрөмж нь нэг асуултанд бүрэн төгс хариулахад долоон минут шаарддаг аж. Тэрээр асуултад хэрхэн хариулахаа компьютерт мэдээлэл болгон оруулснаар тодорхой хугацааны дараа тэдгээр өгүүлбэрээ түгдэрч гацалгүйгээр хэлж чаддаг байна. Харин энэ бүхнийг телевизийн ярилцлага хийхэд монтажилж үзэгчдэд хүргэдэг гэнэ.
Өнөө үеийн шилдэг эрдэмтдийн нэг Стефен Хаукинг Лоу Геригийн өвчин гэгддэг ALS хэмээх амь насанд халтай өвчний улмаас 21 наснаасаа хойш тэргэнцэрт сууж байгаа юм. Хүний төв мэдрэлийн систем дэх булчингийн хөдөлгөөн хянадаг эсүүдийг мэдээгүйжүүлэн доройтуулдаг энэ өвчнийг туссан хүн 10-аас дээш ажил амьдрах нь ер бусын үзэгдэл юм. С.Хаукинг Кэмбрижийн их сургуулийн оюутан байхад өвчний шинж тэмдэг нь анх илэрч, гар, хөл нь аажмаар мэдээгүй болох үед тэрээр хамгийн түрүүнд оюун санаа нь сааталд орсон байх вий хэмээн эмээж, IQ-гийн тестээр өөрийгөө шалгасан гэдэг.
Хэдийгээр тэрээр ид залуудаа хүндээр өвдөж их сургуулиасаа хоёр жил завсардсан ч хожим нь сургуулиа төгсч, улмаар Кэмбрижийн их сургуулийн математикийн профессор болтлоо амжилттай ажилласан юм. Өнгөрсөн жил тэтгэвэрт гарсан тэрээр Канадын Онолын физикийн институт, Кэмбрижийн эрдэм шинжилгээний баг зэрэг шинжлэх ухааны олон академийн гишүүнээр зэрэг ажиллаж байна. Сансар судлал, квантын хүндийн хүч, ялангуяа хар нүхний талаар олон арван эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан түүнийг 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Эрх чөлөөний одонгоор шагнасан юм. Тэрээр онолын бүтээлүүдээс гадна “харь гаригийнхан гэж байдаг”, “дэлхий ертөнцийг бурхан бүтээгээгүй”, “цаг хугацаагаар аялах боломжтой” зэрэг олны сонирхол татсан мэдэгдлүүдээрээ байнга хэвлэлийн анхаарлыг татаж байдаг.
Стефен Хаукинг гурван хүүхэдтэй. Тэрээр хоёр удаа гэрлэсэн юм. Анхны эхнэр нь түүнд гурван хүүхэд төрүүлж өгч, 26 жил ханилсны эцэст 1991 онд гэр бүлээ цуцлуулжээ. Эрдэмтэн 1996 онд өөрийн сувилагчтайгаа гэрлэсэн боловч удалгүй салж, эргээд анхны эхнэртэйгээ амьдрах болжээ.