Бионсе Ноулес, Женнифер Анистон, Гвинет Пэлтроу, Риз
Витерспүн, Камерон Диаз, Жэмми Фокс зэрэг Америкийн шоу бизнесийн ертөнцийн
алдартай одод галт зэвсэг эзэмших хуулийн эсрэг кампанид нэгджээ. Дахиад хэд
гэж? хэмээн асуух тэдний энэхүү кампанит
ажил бол хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотод гарсан
аймшигт хэргийн дараа галт зэвсэг эзэмшихийг хуулиар хориглох хэрэгтэй гэсэн
олон нийтийн санаачилга юм. 6-7 насны 20 хүүхэд, зургаан эмэгтэйн амь нас
үрэгдсэн энэхүү балмад хэрцгий гэмт хэрэг АНУ-д хэн дуртай нь гэртээ галт
зэвсэг хадгалж байхыг зөвшөөрсөн хуулиа эргэж харах цаг аль эрт болсныг
харуулсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама энэ явдлаас улбаалан дээрх хуулийг
өөрчлөх томоохон төлөвлөгөө гаргана хэмээн амласан боловч, хууль тогтоогчдыг
нэн даруй хөдөлгөхийн тулд олон нийтийн ийм санаачилга, хөдөлгөөн, шаардлага
чухал юм.
Оддын нэгдсэн “Төлөвлөгөө шаардъя” хэмээх энэхүү үндэсний
хэмжээний кампанийн гол уриалга нь энэ видео юм. Үүнд “Хууль тогтоогчид хууль
дүрмээ чангатгах гэсээр байтал дахиад хэдэн сургууль, хэдэн анги, хэдэн кино
театр, хэдэн ээж, хэдэн хүүхэд, хэдэн аав гэмт хэргийн золиос болох вэ” хэмээн
асуужээ. Тэд мөн 1999 оноос хойш Америкт гарсан галт зэвсгээр олон нийтийн
газар олон арван хүний аминд хүрсэн хэргүүдийн жагсаалтаас “Виржиния Тех, Туксон,
Аврора, Форт Хүүд, Оак Крийк, Ньютаун” хэмээн дурдаад “Дахиад хэд гэж” хэмээн асуусан
байна.
Оддын энэхүү кампанийг дэмжиж АНУ-ын 750 хотын захирагч, 750 мянган хүн гарын
үсэг зуран нэгдээд байгаа аж.