Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Обама яагаад онцлох хүн болов

“Time” сэтгүүл оны онцлох хүнээр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг нэрлэлээ. Харамсалтай нь, Ким Чен Унд онцлох хүн болох хувь энэ удаа арай л дутлаа. Уг нь, тэрээр зургаан сая гаруй хүний саналаар “Оны онцлох хүн хэ бэ” гэсэн  “Time”-ын санал асуулгад тэргүүлсэн юм. Хэдийгээр өөрийнх нь ард түмэн интернэтэд холбогдож, их удирдагчдаа санал өгч чадахгүй ч эртний найрамдалт түнш Хятадын ард түмэн онлайнаар Ким Чен Унд саналаа өгөн дэмжсэн юм. Харин тэрээр дэмжээд дэмжээд явсангүй. “Time”-ийн редакторууд түүнийг биш Б.Обамаг 2012 оны онцлох хүн хэмээн үзэв.
Тэгвэл Обама яагаад онцлох хүн болов. 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож, түүхэн дэх анхны хар арьст удирдагчаар тодрох үедээ “Time”-ын онцлох хүн болж байсан тэрээр энэ алдрыг хоёр дахь удаагаа хүртсэн нь мөн л хоёр дахь удаагаа ялсантай нь холбоотой байв.  Гэхдээ энэ ялалт Б.Обамагийн хувьд төдийгүй АНУ-ын хувьд томоохон өөрчлөлтийг шинэчлэлийг илтгэж байгаа учраас түүнийг дахин онцолсон ажээ. Тэгвэл Америкийн юу өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа хэрэг вэ.
Америкчууд яг одоо нийгэм соёл болоод хүн амын бүтцийн томоохон өөрчлөлтийн үед амьдарч байна. Америкийн хүн амын ихэнх нь цагаан арьстан байсан үе ард хоцорч, цөөнх гэгдэг латин америк, испани, ази, африк гаралтай америкчууд хүн амын дийлэнхийг эзэлдэг болж. Хүн амын бүтэц ингэж өөрчлөгдсөн нь Б.Обама дөрвөн жилийн дараа дахин ялах хамгийн гол нөхцөл болсон юм. Өөрөөр хэлбэл Б.Обама Америкийн их өөрчлөлт шинэчлэлийн үеийн гол бэлгэ тэмдэг, басхүү тэр өөрчлөлтийг өөртөө тун овжин сайхнаар ашиглаж, ялалтын өөрийн талд эргүүлж чадсан улстөрч болоод байгаа нь түүхэнд бичигдэн үлдэх явдал хэмээн “Time” сэтгүүлийн редакци үнэлсэн учраас Б.Обама онцлох хүн болсон учиртай. Сар гаруйнхы өмнө болсон сонгуулиар латин америк гаралтай сонгогчдын 71, хар арьстнуудын 93, азиудын 73, 30-аас доош насны залуусын 60 хувь нь түүнийг дэмжсэн нь үүний маш тодорхой баримт юм. Тэр дундаа залуу сонгогчдын олонхийн саналыг авсан нь Б.Обамагийн хувьд том ялалт гэж ажиглагчид үзэж байна.

Үнэндээ Б.Обама ялахад тун хүнд байсан. Өрсөлдөгч Митт Ромнигоос зарим тохиолдолд рейтингээр сул явсан, зарим тохиолдолд барьж авсан ч тэр амжилтаа тогтоон барихад хэцүү байсан үе сонгуулийн кампанийн турш тохиолдож байв. Гэвч эхний халз мэтгэлцээнээр ялагдаж, рейтинг нь унасан ч түүний баг кампаниа улам шаргуу болгож, маш ухаалаг тактикаар ажиллаж чадсаны эцэст хоёр дахь халз мэтгэлцээн дээр илт давуу өрсөлдөгчөө ялж, түүнээс хойш аажим аажмаар сонгогчдыг татаж эхэлсэн юм. Түүний сонгуулийн штаб үнэхээр мэргэжлийн ур чадвартай ажиллаж, Б.Обамаг ялалтад хүргэхэд өндөр хувь нэмэр оруулсан учир “Time” сэтгүүл түүнийг онцлох хүнээр тодруулж, гол нийтлэлээ бичихдээ түүний сонгуулийн багт ажилласан мэргэжилтэн, зөвлөхүүдийг олон нийтэд танилцуулсан юм.
Ийнхүү өөрчлөгдөж буй Америк орон, шинэ америкчуудын итгэл дэмжлэг, сонгуулийн багийн чадварлаг мэргэжилтнүүд нь Б.Обамаг оны онцлох хүн болгож чадлаа.

Сонгуулийн кампанит ажлын баг: Олон нийтийн санаа бодлыг тандах судалгааны багийн ахлагч Дэвид Симас , Б.Обамаг хамгаалж, Ромнигийн сөрөг PR-ыг няцаах үүрэгтэй менежер Стефани Каттер, кампанит ажлын бүх стратегийг гардан хийж, удирдсан гол хүн болох Дэвид Экселрод, мөн кампанит ажлыг хэрхэн явуулахыг шийдэж, гардан удирдсан хамгийн чухал менежер болох Жим Мессина, хэдэн сарын турш хамгийн эгзэгтэй савлагаатай тойргуудад ямар сурталчилгаа явуулахыг шийдэж, зогсолтгүй рекламаар бөмбөгдөгч- сурталчилгаа хариуцсан менежер Жим Марголис, кампанийн зохион байгуулагч Жереми  Бёрд

Мэдээллийн багийн мэргэжилтнүүд:  Зүүнээс технологийн ахлах мэргэжилтэн Харпер Рийд, Судалгааны дүн шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилэтн Дан Вагнер, кампанит ажлын софтвейр хариуцсан инженер Дилан Ричард, сонгогчдын зан төлөвийг судлах, тэдэнд хүрэх арга замыг судалсан мэргэжилтэн Эндрью Кластер


Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан