Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

Жендерийн тэгш бус байдлаар дэлхийд тэргүүлдэг Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа бүсгүй хүн төрийн тэргүүн болж, түүхэнд бичигдэх тэр хүн нь тэртээ 1970-аад онд тус улсыг удирдаж байсан Пак Чун Хигийн охин Пак Кын Хе болов.
Өчигдөр санал хураалт нь болсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд зургаан хүн нэр дэвшсэнээс гол өрсөлдөөн Пак Кын Хе болон Мүүн Жэ Ин нарын хооронд өрнөсөн юм.
Сонгогчдын саналыг тоолж хараахан дуусаагүй байсан ч Пак Кын Хегийн өрсөлдөгч ялагдлаа аль хэдийнэ хүлээжээ. Тэрээр 51,6 хувийн саналтайгаар ялалт байгуулсан бол өрсөлдөгч нь 48,02 хувийн санал авасан байна.
60 настай Пак Кын Хе одоогийн Ерөнхийлөгч Ли Мен Бакийн Сэенури намаас нэр дэвшсэн юм. Тэрээр төрийн тэргүүн болсноор нийгмийн өөрчлөлт шинэчлэл хийж, эдийн засгийнхөө өсөлтийг хурдасган, хямралаас гарна гэж сонгогчдод амласан. Олон жилийн дунджаар 5,5 хувийн өсөлттэй байсан тус улсын эдийн засаг хямралын дараа хоёр хувь хүртлээ буурчихаад байгаа юм.

Солонгосчууд энэ удаагийн сонгуульд тун идэвхтэй, 75,8 хувийн ирцтэй оролцсоныг хэвлэлүүд мэдээлж байна. Тэд зөвхөн сонгуульд саналаа өгөөд зогсохгүй улс төрийн их идэвхтэй оролцож, маш өнгөлөг сонгууль хийсэн байна. Тухайлбал Пак Кын Хегийн дэмжигчид саналаа өгөхөөр ирэхдээ улаан өнгийн ороолтоор ижилсч байсан бол өрсөлдөгчийнх нь тал ногоон өнгийг сонгожээ.
Пак Кын Хегийн аав Пак Чун Хи 1970-аад онд төрийн тэргүүнээр ажиллаж байх үед ээж нь гэмт хэрэгтний гарт амиа алдсан учир тэрээр нэгэн үе улсынхаа тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байсан юм. Харин одоо төрийн тэргүүн болсон түүнийг өнгөрсөн үеийн арга барилаар ажилладаг, орчин үеийн эдийн засаг, ардчилсан засгийн үйл явцыг ч мэдэхгүй гэсэн шүүмжлэл өрсөлдөгчдийнх нь зүгээс гарч буй.
Харин тэр шүүмжлэгчдийн эсрэг Пак Кын Хе өөрийн бодлогыг тууштай хамгаалж, нийгмийн  халамжийг нэмэгдүүлэн, баян, ядуугийн ялгааг багасгана хэмээн мэдэгдэж байгаа. Түүнчлэн Өмнөд Солонгосын эдийн засгийн нэлээд хувийг бүрдүүлдэг үндэстэн дамнасан томоохон корпорацууд, тухайлбал, “Samsung”, “Hyundai” зэрэг баян чэболуудын нөлөөллийг хазаарлана хэмээн амласан юм.
Жендерийн тал дээр нэлээд консерватив хандлагатай энэ улсыг ирэх таван жил удирдах Ерөнхийлөгч одоо хүртэл гэрлээгүй, биеэ даасан эмэгтэй боловч сонгогчид түүнд итгэл хүлээлгэсэн нь солонгосчууд хэрхэн өөрчлөгдөж буйн бас нэг илрэл боллоо.


Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан