Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Айша бүсгүй жинхэнэ хамар, чихтэй болжээ

Харгис нөхрийнхөө гарт хамар, чихээ тас огтлуулсан Айша хэмээх афган бүсгүйн түүх хоёр жилийн өмнө дэлхий нийтийг цочирдуулж байсан. Гэр бүлийнхээ өрийг дарахаар Талибан гэр бүлд бэр орсон Айша хадмуудынхаа хүчирхийлэлд өртөн, уулын мухарт үхэх шахсан тэр хар өдрөөс хойш золгүй бүсгүйн амьдралд гэрэл гэгээ тусгах маш олон үйл явдал тохиолдсон учраас одоо тэрээр хүнд дурсамжуудаасаа ангижирч, түүний гэрч болсон нүүрний гэмтэл нь аажмаар эдгэрч байгаа аж. Өмнө нь хиймэл хамар зүүж байсан Айша зургаан сарын өмнө АНУ-ын Мэрилэндэд жинхэнэ хамар хийлгэх мэс засалд орсон бөгөөд одоохондоо түүний нүүрийг төгс болсон гэж хэлэх хараахан болоогүй байна. Духан дээрээ том гэгчийн булдруу шиг зүйл, хамрын нүхний орчим бас хамар гэж хэлэхэд хэцүү зүйл суулгачихаад байгаа Айша хэдэн сарын дараа гэхэд жинхэнээсээ хамартай болно гэж мэргэжилтнүүд хэлж байна. Түүнд мэс засал хийхдээ эмч нар гарынх нь шууны арьснаас авч хамрынх нь доод хэсгийг хийсэн бөгөөд духанд нь байрлуулсан булдруу шиг зүйл дотор силикон гель байрлуулж, уг силикон аажмаар хамар руу нь урсан орж, дүүргэхээр бодож мэс засал хийжээ. Гэхдээ тэрээр дахин нэг удаа мэс засалд орох ёстой бөгөөд эмч нар түүний хөхний доод талын хавирганы яснаас авж, хамрын ясыг нь орлуулах хагалгаа хийх ажээ.

Одоохондоо түүний нүүр царай тийм ч сайхан харагдахгүй байгаа ч Айша толинд харахаасаа айхаа больсон гэж СNN-д ярьжээ. Тэрээр хамаргүй болсныхоо дараа толинд харахаас ч айдаг байснаа яриад  тэр айдас нь “Ирээдүйд дахин ийм зүйл тохиолдвол яана” гэсэн бодлоос төрдөг байсан бол одоо амьдралын утга учрыг, хэрхэн амьдрахаа таньж мэдсэн учраас айхаа больсон хэмээн өгүүлжээ.



 
Айша Мухаммадзай бүсгүйн талаар 2011 оны 11 дүгээр сарын 16-нд гаргаж байсан нийтлэлээ дахин хүргэж байна.


Гивлүүр норгосон нулимс: Айша охины түүх

Айша түнэр харанхуй нөмөрсөн уулын мухарт шөнө дунд сэрэв.  Юу болоод өнгөрснийг ойлгохыг оролдовч тэрхэн зуур ухаан нь самуурчээ. Зөвхөн хамар дотор нь усаар дүүрсэн мэт хачин хүйтэн мэдрэмж л төрнө. Ухаан нь хэдий орж гарч байсан ч амьд үлдэхийн тулд гэртээ харих замаа олох ёстой гэдгээ тэр ухамсарлаж байв. Охин харанхуй дунд бүдчин явахдаа санаснаас амархан өвөөгийнхөө гэр хүрэх зүг чигийг олжээ.
Хэдхэн цагийн өмнө энэ охины чих, хамрыг хүн чанарын өчүүхэн ч хэлтэрхийгүй нөхөр нэртэй боолчлогч эзэн нь өөрийн гараар тасдаж хаясан ажээ. Нөхрийнх нь хажууд хадам эцгээс нь эхлээд Афганы Орузган аймгийн шүүгч тэргүүтэй арав орчим хүн байсан ч  энэ харгислалыг зогсоож, 20 ч хүрээгүй залуу охинд туслахын оронд сэг зэм дээр эргэлдэх хэрээ адил гэрчийн л үүрэг гүйцэтгэжээ.   
Нөхрийнхөө гарт үхтлээ тамлуулсан хөөрхий охиныг өвөөгийнхөө гэрт арайхийн ирсний дараа эцэг нь Афган дахь Америкийн цэргийн эмнэлэгт хүргэжээ. Айша тэнд хоёр сарын турш эмчилгээ хийлгэсэн байна. Охин эмчилгээ сайн авч, хурдан тэнхэрсэн боловч сэтгэлд нь арилашгүй хар толбо үлдээсэн тэр нэг шөнийн явдал шиг хамар нь хэзээ ч урьдын хэвэнд орохгүйгээр харлаж онгойн үлджээ.
Айша аймшигт дурсамжаа эргэн санах дургүй ч CNN –ийн сурвалжлагчид нэгэн удаа ам нээн ярихдаа “Би нүдээ нээхэд нүүрээр дүүрэн цус болсон байсан болохоор хамраа ийм болсныг харж чадаагүй” гэж хэлсэн байдаг. Бие, сэтгэл зүйн асар хүнд харгислалыг тэсч гарсан Айша охиныг хэт балмад үзэлтэй, талибан нөхрийнх нь гарт дахин оруулахгүйн тулд түүнтэй адил гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон афган эмэгтэйчүүдийг нуун хорогдуулдаг Кабул дахь хүний эрхийн төвд шилжүүлсэн байна. Тэнд нөхрийнхөө цайг алдаж асгаснаас болоод хамаг үсээ хусуулсан 16 настай залуухан эхнэрээс эхлээд Айшатай адил зовж зүдэрсэн эмэгтэй олон бий.  
 Энэ сэтгэл сэртхийлгэм явдал одоогоос жил гаруйн өмнө болсон бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард олны сонорт хүрсэн билээ. “Time” сэтгүүл өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний дугаартаа “Хэрэв бид Афганыг орхивол юу болох вэ” гэсэн томоохон нийтлэл гаргахдаа нүүр хуудсандаа Айшагийн зургийг ямар ч цензургүйгээр нийтэлсэн юм. Уншигчдыг цочирдуулсан хамаргүй охины зураг тэр дороо шуугиан тарьж, гэр бүлийн хүчирхийллээс эхлээд, АНУ Афган дахь цэргээ татаж болох эсэх тухай бүр улстөржсөн сэдвээр хүртэл газар сайгүй халуун маргаан өрнүүлсэн.  
Айшагийн зураг хүмүүсийн өнгөцхөн дүгнэдгээр хөрөг зураг төдий биш,   афган эмэгтэйчүүд өнөөдөр ямаршуухан нөхцөл байдалд амьдарч байгааг харуулсан, маш өргөн утга санааг агуулсан дүр байдлын зураг гэдгээрээ “Time” сэтгүүлийн нийтлэлийн бодлоготой яв цав тохирчээ.  “Афган бүсгүйчүүдийн 90 хувь нь уламжлал нэрээр халхалсан балар эртний хүчирхийлэл дор урьдын адил дарлагдан зовж, ардчилал, эрх чөлөө гэдгийг  мэдэрч чадахгүй амьдарч байхад бид /АНУ/ энэ газрыг зөнд нь орхиж болохгүй гэсэн” утга агуулга бүхий нийтлэл Айша охины зургийн тусламжтайгаар олон сая уншигчийн сэтгэлд гүн гүнзгий туссан билээ.
“Time” сэтгүүл хувь хүний сэтгэл эмзэглүүлсэн түүхийг ингэж улс төрийн том шийдвэр гаргахад пропаганда маягаар ашигласан нь нэг хэсэг хүний дургүйцлийг төрүүлсэн ч ерөнхийдөө Айшагийн зураг зорилгодоо хүрсэн юм. Гэхдээ АНУ-ын цэргүүд Афганд дайтсаар байх нь зөв үү буруу юу гэдгийг олон нийтэд ойлгуулах нь Айшагийн өөрийнх нь зорилго байгаагүй.  Харин тэрээр Талибаны дарлал дор хүчин мөхөс бүсгүйчүүд хэрхэн зовж зүдэрч байгааг дэлхий нийтэд харуулъя хэмээн хүссэн нь лавтай.
“Дэлхийн хэвлэлийн шилдэг зураг”-ийн шагналыг найман ч удаа хүртэж байсан Өмнөд Африкийн чадварлаг гэрэл зурагчин бүсгүй Жоди Бибер анх Айшагийн зургийг авахдаа ямар ч зурагчны толгойд хамгийн түрүүнд орж ирэх л бодлоор зовж, зүдэрсэн хохирогч маягаар охиныг харуулъя гэж боджээ. Гэвч Айшаг харах тусам “Үгүй ээ, энэ охины үзэсгэлэнтэй талыг л харуулах ёстой” гэдгийг ойлгосон гэдэг. Ингээд золгүй хувь тавилангийн золиос болсон хохирогч охин биш, тавилангаа сөрж зогссон, сэтгэлийн асар их хүч тэнхээтэй, бас ч хэрэндээ гоёсон Айша охины зураг олны хүртээл болсон түүхтэй. Энэ зураг Жоди Биберт “Дэлхийн хэвлэлийн шилдэг зураг”-ийн ес дэх шагналыг авчирсан юм.  
Айша одоо 20 настай. Түүнийг 16 настай байхад эцэг нь Орузган аймгийн нэгэн гэр бүлд эртний өр зээлээ төлөхөөр эхнэр болгон өгчээ. Айшагийн ярьснаар энэ аймгийнхан тэр чигтээ талибанчууд гэнэ. Айша тэнд яг л шоронгийн хоригдол шиг хоёр жилийг өнгөрүүлжээ. Заримдаа ялтан хоригдлуудаас ч  долоон дор доромжлол амсч, нөхрөөсөө гадна хадам эцэг, хадам ах нартаа байнга зодуулан дарамтлуулж, боол шиг хамаг ажлыг нь хийсний эцэст тэрээр оргохоор шийдэн, хөрш айлын хоёр бүсгүйтэй нийлэн Кандагар руу зугтжээ. Гэвч оргосноор байдал улам дордож, хамт явсан хоёр бүсгүй нь түүнийг зарах гэж оролдсон байна. Яг энэ үед нь цагдаа нар тэднийг баривчилж, гурван жилийн ял өгөн, шоронд хорьжээ. Гэрээсээ оргох нь гэмт хэрэг биш боловч, эмэгтэй хүн эр нөхрөө орхин зугтах нь Афганд яг л гэмт хэрэгтэй адил тооцогддог байна. Азаар Айшагийн ялыг Ерөнхийлөгч Хамид Карзай уучлан өршөөснөөр тэрээр таван сар шоронд хоригдоод гарч иржээ.  Гэвч үүгээр түүний зовлон дууссангүй. Гай таарч, хадам эцэг нь түүнийг олж, гэр рүүгээ буцаагаад аваад явжээ. Оргосон бүсгүйг хадмындаа эргэн ирэхэд урьдынхасаа хатуу ширүүн уур амьсгал хүлээж авсан нь тодорхой.  Хууль шүүхийн ялаас арай гэж мултарсан Айша энэ удаа Орузган аймгийнхны балмад уламжлалын дагуу хамар, чихээ огтлуулах шийтгэл хүлээжээ. Энэ шийтгэлийг түүний нөхөр өөрийн гараар гүйцэтгээд, хаашдаа үхэх нь тодорхой хэмээн бодсон бололтой уулын мухарт хаяж явсан нь тэр байжээ.
Гэвч Айша үхээгүйгээр барахгүй, мөрөөдөж явсан сайхан амьдралаа үзэх хувьтай байжээ. Түүнийг “Women for Afgan Women” хүмүүнлэгийн байгууллага халамжиндаа авч, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн зун Америк руу явуулсан юм. Ядарсан бүсгүйд туслах сайхан сэтгэлтнүүд ч олон байж, “Grossman Burn Foundation” байгууллага Айшад хиймэл хамар хийж өгч, хэний ч өмнө нүүрээ нуухааргүй болгож өгчээ. Одоо эмч нар Айшад үнэрлэдэг, мэдэрдэг жинхэнэ хамар хийж өгөхөөр ажиллаж байна. Гэхдээ үүний тулд түүний биеийн бусад хэсгээс яс авч суулгах мэс засал хийх ажээ. Нөхөн сэргээх эмчилгээ нь дуусаагүй учир Айша одоо АНУ-д амьдарч байгаа гэнэ. Тэр одоо англи хэл сурч, үеийнхээ америк  залуустай найзалж, урьдын хар дурсамжаа өдөр ирэх тусам мартсаар байна.

Б.СЭВЖИДМАА

0 Сэтгэгдэл
ЯВДАЛТАЙ ХҮҮХЭН БАЙСАН БАЙНА, ХОХЬ НЬ, ЭНЭ ЗЭРЭГТЭЙ САЛСАНДАА БАЯРЛА
Энэ насандаа хойд насандаа ч лалын шашинтай газар төрчихгүй юм сан
bi ene talaar halit ch bolov sudlaj uzseen, hervee ene huuhnii nuhur ehneree ingej shiitgehgui bol ug omogtoo ger buleeree amidrah argagui boldgiin bn lee. tiim bolhoor huurhii huuhen zoliond yavj bgaa ni ene.
iim saihan busguig yrgaldag huuhnii tenger ni otond iduulsen novsh ve booviig n ogtolj ottei jorlond hayval taarna
ter zerleg balmad noxriig ichimdgiig n olnii omno tasalj xashraah heregtei! esvel taigan bolgoj zasax xeregtei! Ern ene laliin ertontsiig xalj xayaval taarna)))
Уг нь их царайлаг сайхан охин юмаа. Лалын энэ бурангуй харгис ёс эмэгтэй хүнийг ингэж тамладаг юм байна. Тэр нөхөр гэгчийн ичимдгийг тас огтолж уулын мухарт хаявал таарна.
бурхан минь ямар их харгислал вэ. энэ дэлхийн хүмүүс яагаад, юунаас болоод ийм аймшигт араатан араншинтай болчих нь энэ вэ? ийм харгислал монголд ч байна.сайн муу талын тэнцвэр ер нь ямар хэмжээнд байгаа юм бол доо. бараг л хар тал нь дийлчихсэн юм шиг. сайн юм сонсохоо бүр болилоо.
лалын ертөнцөө гэж. юун азаар тэнд төрчөөгүйн
Хамгийн их уншсан