Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони 76 насандаа дахин гэрлэж, хуримаа хийх нь. Тэрээр 27 настай найз бүсгүй Франческа Паскалетайгаа гэрлэхээр сүй тавьсан тухайгаа телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Наплес хотоос гаралтай, телевизийн шоугаар анх олны танил болсон сүйт бүсгүй С.Берлускониг улстөрчийнх нь хувьд шүтэн биширдэг нэгэн бөгөөд түүнийг дэмжигч эмэгтэйчүүдийн “Сильвио бид чамайг санаж байна” хэмээн клубыг удирддаг аж. Тэрээр мөн сүйт залуугийнхаа удирддаг Либерти намд орон нутгийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
Өмнө нь хоёр удаа гэрлэж байсан С.Берлускони энэ удаа ийм залуухан бүсгүйтэй хуримлах гэж байгаа нь италичуудад янз бүрийн л сэтгэгдэл төрүүлж байна. “76-тай эр 27-той бүсгүйтэй юу хийх болж байна” гэсэн егөөдсөн утгатай асуулт ч олны дунд их яригдаж байгаа гэнэ.
2011 онд суудлаасаа огцорсон С.Берлускони татвараас зайлсхийсэн хэргээр өнгөрсөн аравдугаар сард шүүхээс дөрвөн жилийн ял сонссон ч хууль ёсоор хоёр удаа давж заалдах эрхтэй тул ял эдлэхгүй, чөлөөтэй явж байгаа юм. Тэрээр энэ шийтгэлийн дараа улс төрд эргэн орно гэж мэдэгдээд байгаа билээ.