Тэруо Накамура уг нь 1919 онд Тайваньд төрж дэлхийн хоёрдугаар дайны үед Японы армид Индонезийн Моротой аралд алба хаажээ. Дайны төгсгөлөөр АНУ Индонезийг эзлэх үеэр Токио, Мортой арлын хоорондох радио холбоо тасарсан байна. Ингээд байлдагч Накамура олзлогдохоос зугтаан ширэнгэд нуугдаж тэндээ овоохой барин амьдарч эхэлсэн байна. Төмс тарьж, банана идээд л амьдраад байж. Ингэсээр 29 жил өнгөрч 1974 онд Индонезийн дөрвөн нисэгч түүний нуугдаж байгаа газрыг олж илрүүлсэн байна. Ингээд Жакартад байгаа Японы ЭСЯ-тай хоёр сарын турш яриа хэлэлцээ хийсний үр дүнд ширэнгэд нүцгэн амьдарч байсан Накамура Японы эзэнт гүрний далбаа барьж, үндэсний сүлд дуу дуулан гарч иржээ. Тэр таван сумтай винтов буугаа бас хүлээлгэж өгөхдөө “Миний дарга намайг эцсээ хүртэл тулалдаарай гэж тушаасан” гэжээ. 55 настай түүнийг Жакартад аваачиж эмнэлэгт үзүүлэхэд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн хүндрэл, оёг байгаагүй гэнэ. Тэр гэртээ үлдсэн гэргийдээ очих хүсэлтэй байгаагаа хэлж очсон ч тэр нь хэдийнээ өөр хүнтэй гэрлэсэн байжээ. Японы Засгийн газар Накамурад ганцаараа ширэнгэн ойд 30 жил амьдарсных нь нөхөн төлбөр болгож 227 ам.доллар өгсөн гэдэг. Тэрээр Тайваньд амьдарч байгаад гурван жилийн дараа нас барсан байна.
Харин Хироо Онода бол дайн дууссан гэдэгт итгэхгүй партизаны дайн хийсэн нэгэн. 1922 онд онд төрсөн тэрээр сургууль төгсөөд худалдааны компанид ажиллаж байгаад 1942 онд цэрэгт татагдсан байна. Даргалах бүрэлдэхүүний сургууль төгсч 1944 оны арванхоёрдугаар сард Филиппинд бага дэслэгч цолтойгоор дайсны ар талд хорлон сүйтгэх ажиллагаа явуулах тусгай салааны даргаар очсон байна. Лубанг аралд томилогдохын өмнө тэрээр өөрийн дарга дэслэгч генерал Сизуо Ёкоямагаас дараах даалгавар авчээ.
“Амиа хорлохыг хориглоно. 3-5 жил тэс. Би заавал очно. Нэг цэрэгтэй үлдсэн ч тэмцлээ үргэлжлүүл, бүр модны жимсээр хооллох үе ч тохионо. Дахин хэлье, амиа хорлохыг хориглоно” гэсэн байна.
Гэсэн ч америкчууд арлыг нэг их төвөггүй бут цохих үеэр залуу тагнуулч отрядаа аваад ууланд гарчээ. Ингээд л ширэнгэд бааз байгуулж өөрийн гурван цэрэгтэйгээ жинхэнэ партизаны дайн хийж эхэлсэн байна.
1945 оны наймдугаар сарын 15-нд Япон бууж өгөх хэлэлцээр гарын үсэг зурж, дайн дууссан талаар америкчууд ухуулах хуудас тарааж. Тэр жилийн сүүлчээр бас Японы 14 дүгээр армийн захирагч Томоюки Ямаситийн бууж өгч зэвсгээ хураалгах тушаалыг ч ширэнгэд цацжээ.
Ганцхан Онада үүнийг дайсны худал суртал нэвтрүүлэг гэж үзээд итгэсэнгүй. Харин Японы засаг захиргаа тэднийг амь үрэгдсэнд тооцжээ.
1950 онд тэдний нэг ахлах цэрэг Юити Акацу Филиппиний цагдаагийнханд бууж өгч 1951 онд эх орондоо ирснээр Онода, хоёр цэргийн хамт амьд байгааг мэдсэн байна.
Ингээд Японы эрх баригчид тусгай комисс томилж япон цэргүүдээ аврахаар хөөцөлдөж эхэлсэн ч Филиппинд улс төрийн тогтворгүй байдал үүссэнээс болоод бүтсэнгүй.
1954 онд Лубанг арал дээр Филиппиний цагдаа нартай Онодагийн хэсэг мөргөлдөж буудалцсаны улмаас нэг цэрэг нь алагдсан байна. Ингээд Японы талыг цэргүүдээ эрэхийг Филиппиний тал зөвшөөрсөн ч 1959 он хүртэл Онода нэг цэргийнхээ хамт олдсонгүй. 1969 онд Японы засгийн газар тэднийг амь үрэгдсэн гэж зарлаад Нарны одонгийн зургадугаар зэргээр нэхэн шагнажээ. Гэтэл 1972 оны нэгдүгээр сард АНУ-ын хяналтад байдаг Гуам арал дээрээс Японы армийн нэг байлдагч Сёити Ёкой олдсон байна. 1972 онд Филиппиний цагдаа нарч бас нэг япон цэргийг буудан хөнөөжээ. Тариачны цагаан будаа хулгайлах гэж байсан тэр цэрэг бол бага дэслэгч Онодагийн сүүлчийн нэг цэрэг нь байсан байна. Ингээд Японы Засгийн газар Филиппин рүү дахиад эрлийн хэсэг илгээж эндээ Онодагийн төрөл төрөгсдийг ч оруулсан ч бас л олсонгүй.
Онода энэ үед одос алж махыг нь борцолж идээд, жимс түүн, кокос уугаад л амьдраад байж. Бас эсрэг талынхаа тухай мэдээлэл цуглуулна, Филиппиний энгийн иргэд рүү дайрна. Тэр цэргүүдтэйгээ хамт Америкийн агаарын цэргийн бааз, Филиппиний албан тушаалтан, тариачид, цагдаагийнхан руу 100 гаруй удаа дайрч 30 хүн алж, 100 орчим хүнийг шархдуулжээ. Нэг удаагийн дайрах үеэрээ радио хүлээн авагч олзолж, түүгээрээ мэдээлэл хүлээж авдаг болсон байна. Бас эрлийн хэсгийнхний орхисон япон сонин сэтгүүлийг олж уншдаг байж. Японд болж байгаа үйл явдлыг сайн мэдэж байжээ. Ганцхан тэр 1945 оноос хойш Японыг АНУ захирч, жинхэнэ японы эзэнт гүрэн бол Манжуурт байгаа гэж төсөөлж байж.
1974 оны хоёрдугаар сарын 20-нд Японы аялагч, оюутан Норио Сузуки огт санаандгүй явж байгаад Онодаг ширэнгэ ойгоос олжээ. Сузуки түүнд өнөөгийн Японы тухай ярьж эх орондоо очихыг ятгасан ч Онода ахлах офицерийн тушаалгүйгээр албаны байраа орхиж явахгүй гэсэн байна. Сузуки түүний зургийг авч явж хэвлэлээр цацсанаар Японы Засгийн газар дайны үед эзэнт гүрний армийн хошууч байгаад, номын дэлгүүрт ажиллаж байсан Ёсими Танигутиг олж Лубанг арал руу очиж бяцхан “жүжиг” тавьжээ.
Танигути япон офицерийн хувцас өмсч дараах тушаал өгсөн байна.
“1. Эрхэм дээдсийн тушаалаар цэргийн бүхий л салааг байлдааны үүрэгт ажлаас чөлөөлж байна.
2. А группын байлдааны ажиллагааны тухай 2003 тоот тушаалыг 14 дүгээр армийн жанжин штаб цуцаллаа.
3. 14 дүгээр армийн бүрэлдэхүүнд багтдаг бүх салаа, бие бүрэлдхүүн байлдааны ажиллагаагаа зогсоож дээд тушаалын офицерийн мэдэлд оч. Ингэх боломжгүй бол АНУ болон холбоотны бие бүрэлдэхүүнтэй холбоо барь.
14 дүгээр армийн Жанжин штабын тусгай группын дарга Ёшими Танигути” гэжээ.
1974 оны гуравдугаар сарын 10-нд Онода филиппиний цэргүүдэд бууж өгснөө Танигутид станцаар тайлагнасан байна. Тэр цэргийн иж бүрэн хувцастай, 500 сумтай винтов буу, хэд хэдэн гранат, самурайн сэлэмтэй байжээ. Тэр илдээ даргадаа өгч, хэрэв манайхан бууж өгсөн бол амиа хорлоход бэлэн байна гэсэн ч дарга нь сэлмийг нь эргүүлэн өгч түүнийг “армийн үнэнчийн бэлгэдэл, үлгэр жишээ” гэж нэрлэсэн байна.
Филиппиний хуулиар 1945-1975 онд хулгай дээрэм хийсэн, цагдаа цэргийнхэнд халдсан, тариачдын амь хөнөөсөн Онодад цаазаар авах ял нүүрлэсэн ч Японы Гадаад хэргийн яамны чармайлтаар түүнийг өршөөжээ. Түүнийг бууж өгөх ёслолд хоёр орны өндөр тушаалын хүмүүс, Филиппиний тэр үеийн Ерөнхийлөгч Фердинанд Маркос оролцсон гэдэг. Онода 1974 оны гуравдугаар сарын 12-нд эх орондоо буцжээ.
Онгоцны буудалд Онода эзэнт улсын мэндчилгээгээр “Аугаа их эзэн хааны яруу алдар бадартугай” хэмээн гурвантаа ёсолсон байна. Түүнийг Японы парламентын төлөөлөгчдийн танхимыг тэргүүлэхийг санал болгосон ч тэр татгалзжээ. Засгийн газар түүнд нэг сая иен бэлэглэсэн ч тэрээр бүх мөнгөө Токиогийн сүмд Японы амь үрэгдсэн дайчдын төлөөнөө өргөл болгон өгчээ. Онода 1975 онд Бразилийг зорьж мал аж ахуй эрхэлж саятан болсон байна. Тэр “Бразиль дахь япончууд” нийгэмлэг байгуулж тэргүүнээр ажилладаг гэнэ. 1984 онд Онода Японд очиж “Сургууль байгаль” гэдэг олон нийтийн байгууллага байгуулсан байна.
2004 онд Японы Соёл боловсрол, спортын яамны нийгмийн салбарын шагнал, 200 онд Хокурику, 2001 онд Такусёку их сургуулийн шагнал хүртсэн бол 2004 онд Бразилийн зэвсэгт хүчний дээд шагнал хүртжээ. Тэр бас өөрийн түүхийн талаар хэд хэдэн ном бичсэний нэг нь “Бууж өгөхгүй: Миний гучин жилийн дайн” гэдэг ном юм.