Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгууль сонгууль бас дахин сонгууль

Оны онцлох үйл явдал №3

2012 онд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг уншигч танд үргэлжлүүлэн тоймлон хүргэж байна. Гвиней–Бисау улсын Ерөнхийлөгчийн сон­гуу­лиас эхлээд дэлхийн хам­гийн хүчирхэг гүрэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хүр­­­тэл хэн ч мэдэхгүй ша­хуу жижиг улс, бүс нутаг цаашлаад дэлхий дахины ирээдүйг тодорхойлсон нийт 70 гаруй сонгууль энэ жил болж өнгөрөв.  
Эдгээрийн дотор шинэчлэ­лийн Засгийн газрыг сонгосон манай улсын парламентын сонгууль ч орж байгаа. Энэ олон сонгуулийн дотроос зарим нь нам тайван, ном журмаараа болсон бол зарим нь дуулиан шуугиан, хэрүүл зодоонтой болж өнгөрлөө.

Хамгийн ихээр анхаарал татсан сонгууль нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль байв.  Америкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Обама улиран сонгогдохдоо Бүгд Найрамдах намаас дэвшсэн Митт Ромнитой тун ч ширүүн өрсөлдөж байж гарч ирсэн. Митт Ромни Ерөнхийлөгч болбол Сири ба Ираны эсрэг маш хатуу бодлого явуулж, шаардлагатай гэж үзвэл цэргийн хүч хэрэглэж магадгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Үнэхээр тэгсэн бол Ойрхи Дорнодод бүр ч аймшигтай дайн дэгдэх магадлал эрс нэмэгдэх байлаа. Үүний дээр Ромни нь манай хойд хөршийн төрийн тэргүүнийг хатуу үгээр шүүмжилж сөрөг хүчнийг нь ивээлдээ авч, бүх талаар дэмжинэ гэсэн.  Энэ бол цөмийн зэвсэгтэй их гүрний дотоод хэрэгт шууд хөндлөнгөөс оролцсон хэрэг. Дээр нь манай урд хөршийг ардчилсан улс болгох талаар илүү бодитой алхмууд хийнэ гэсэн. Энэ мөн л цөмийн зэвсэгтэй дэлхийн бас нэг хүчирхэг гүрний дотоод хэрэгт оролцсон явдал.  Ромни ялсан бол луу, баавгай хоёрын дунд хавчуулагдсан бид төдийгүй дэлхий нийтээр эвгүй байдалд орох байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз. Гэвч эцсийн дүнд өөр улсыг хүндэлнэ, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, асуудлыг энхийн замаар шийдэхэд голлон анхаарна гэсэн Обама ялснаар Иранаас эхлээд Москва хүртэл олон оронд  хөлсөө арчсан байх. Ингээд далайн чанадаас үлээх салхи  урьдын адил Обамагийн үнэртэй.

Дэлхийн нийтийн ан­хаарлыг татсан дараагийн нэг сонгууль нь манай хойд хөршийн Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Оросын хууль нэг хүнийг дараалан гур­ван удаа Ерөнхийлөгчөөр сон­гогдохыг хориглосон байдаг.  Путин 2000-2008 он хүртэл Ерөнхийлөгчийн албыг хашсан болохоор гурав дараалан сонгогдох боломжгүй болсон. Иймд ороо Медведевт түр өгч 2012 он хүртэл Ерөнхий сайд хийгээд энэ жил дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой болсон билээ. Үүнийг Америк тэргүүтэй Өрнөдийн орнууд, Оросын сөрөг хүчнийхэн хүчтэй шүүмжилсэн боловч үндсэн хуулийг зөрчөөгүй болохоор яаж ч чадаагүй.

Сонгуулиар Путин илэрхий давуу ялж, сөрөг хүчин гудамжинд гарч жагсаад бас л яаж ч чадаагүй. Мань хүн Ерөнхий сайд байхдаа Ерөнхийлөгчийн алба хаших хугацааг дөрөв байсныг нэмж зургаан жил болгосон. Ингээд манай хойд хөршийн тэргүүнээр Путин зургаан жил ажиллах боллоо. Оросыг хүчээ авч Зөвлөлт шиг хүчирхэг өрсөлдөгч болно гэхээс АНУ, Өрнөд Европын орнууд ихэд эмээж байгаа.  Гэхдээ Орос ерээд оны үеийнх шиг хөл толгой нь мэдэгдэхгүй, хэзээ мөдгүй задрах гэж байгаа дорой улс байхаа хэдийнэ больсон болохоор хүссэн хүсээгүй Путинтэй инээд алдан гар барин мэндэлж элдэв асуудлыг шийдэхээс өөр аргагүй болов. Путин 2000 оноос хойш хэрэгжүүлж байгаа бодлогоо үргэлжлүүлэх болохоор хойноос үлээж байгаа салхи урьдын адил Путиний үнэртэй.

Олон улсын анхаарлыг ихээр татсан өөр нэгэн сонгууль бол БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчоо, Улс төрийн товчооны байнгын хороо, Ерөнхий нарийн бичгийн дарга шинээр сонгогдсон явдал байв. Улсын бус харин нэг намын дотоод сонгууль болохоор гадаадын орнууд яаж ч шүүмжилж, нөлөөлж чадахгүй байв. Энэ бүх хариуцлагатай суудалд хэнийг сонгохыг албан ёсоор Коммунист намын хурлын төлөөлөгчид санал хураалтаар шийдэх ёстой. Гэтэл үнэн хэрэг дээрээ ХКН-ын ахмад үеийн­хэн, дунд үеийнхэн ба одоо гарч ирж байгаа за­луу үеийнхний элитүүд хоёр, гур­ван жилийн өмнөөс дот­роо ярилцаад шийдчихдэг бо­лохоор  намын дотоод хэ­рэг ч гэлээ сонгууль, санал ху­раалт гэж нэрлэхэд бэрх. Ийнхүү Хятадын Коммунист намын 18 дугаар хурлаар намын даргаар Ши Жинпинь сон­гогдов. Ху Жинтао, Вэнь Жабао тэргүүтэй дунд үеийн­хэн суудлаа тавьж өгөв. Гарч ирсэн шинэ үеийнхэн ахмадуудтайгаа үйл хэргийг нь залгамжлан үргэлжлүүлнэ гэж хатуу тохирсон болохоор урд зүгээс үлээх салхины үнэр мөн л өөрчлөлтгүй, тэрбум хүний үнэр хэвээр.

Газрын тосны томоохон экс­портлогч Венесуэлийн Ерөн­­­хийлөгч Уго Чавес ч да­хин сонгогдсон. Зүгээр ч нэг сонгогдсонгүй орон нут­гийн сонгуулиар нам нь гай­хамшигтай ялалт бай­гуулж улсыг бараг бүхэлд нь эрхэндээ авав. Америкт Ард­чилсан намынхан нөлөөгөө алдсангүй, Орост “Нэгдсэн Орос” бүгдийг атгасан хэвээр, Хятадын тухайд ярих нь илүүц. Товчхондоо бүх зүйл бахь байдгаараа, жингийн цуваа чигээ өөрчлөлгүй явсаар. Гэхдээ манай хойд хөршид их нааштай санагдсан нэг сонгуулийг дурдах хэрэгтэй. Энэ бол Гүржид болсон парламентын сонгууль. Энд Америкийн утсан хүүхэлдэй гэх мэт элдэв таагүй хоч авсан Саакшвилийн нам ялсан бол мань эр Ерөнхий сайд болж аваад оросуудыг элдвээр дайрч довтлоод зүгээр байлгахгүй. Үр дүнд нь 2014 онд Сочид болох Өвлийн олим­пын тог­лол­тыг гүржүүд тун ч эвгүй байдалд оруулах бай­лаа. Гэвч аз болж сөрөг хүчний нам ялж, ялсныхаа дараа Оростой найрсаг, нөхөрсөг харилцаатай байхыг эрхэмлэж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин өөрчлөлтийн хувьд Францад Саркози ялагдаж, Олланд гарч ирэв. Зүүний үзэлтэй Олланд баячуудаас илүү татвар авдаг болгоно гэхэд баячууд нь дүрвэж эхэлсэн. Гомо нарыг гэр бүл болох эрхтэй болгож бөөн дуулиан тарьсан. Удалгүй цахилгаан дулааны үнийг хувийн компаниуд дураар нэмдгийг зохицуулна гэж байгаа. Бас л бөөн дуулиан болох биз. Японд болсон пар­ламентын сонгуулиар сөрөг хүчин байсан Либерал Ардчилсан нам ялж, Шинжо Абэ дахин Ерөнхий сайд бо­лов. Түүнийг эрс хатуу гадаад бодлого баримталдаг гэдэг ч одоогоор яах нь тодорхойгүй л байна.

Дэлхийн нийт, ялангуяа олон улсын хөрөнгө оруу­лагчдын анхаарлыг маш ихээр татсан бас нэг сонуулийг дурдалгүй өнгөрч болохгүй байх. Энэ улс байгалийн асар их баялагтай, түүнийг олборлохоор гадаадын ор­нууд асар их хөрөнгө оруу­лалт хийснээр эдийн засаг нь энэ жилдээ дэлхийд нэг­дүгээрт орсон өсөлттэй гарсан юм. Төв Азид байдаг, далайд гарцгүй, хүн ам цөөтэй энэ улсын сонгуулиар сөрөг хүчин байсан нам ялалт бай­гуулсан. Улмаар шинэ Зас­гийн газрыг байгуулан өмнөх эрх баригчдын хөрөнгө оруулагч нартай хийсэн олон том гэрээг дахин өөрчлөх хүсэлт гаргаж олон улсын хөрөнгө оруулагчдыг багагүй сандаргаж байгаа юм. 

Энэ бүх сонгууль манай улсын дэлхий дахинаа эзлэх байр суурь, эгэл бидний ирээдүйд яг яаж нөлөөлөхийг тодорхой хэлэхэд бэрх. Ямартаа ч дэлхийн дахины дараагийн хэдэн жилийн дүр төрхийг тодорхойлсон дуу­лиантай сонгуулиудаар амьс­галсан жил болж өнгөрлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан