Сэтгэцийн өвчтэй балмад этгээдийн гарт аав ээжийн алдрай бяцхан 20 хүүхэд амь насаа алдсан эмгэнэлт хэрэг Америк төдийгүй дэлхий нийтийг цочроогоод удаагүй байна. Зүгээр л хэн нэг этгээд орж ирээд галаар шүршээд хүний сайхан үрсийг хөнөөдөг ийм аймшигт явдалд одоо л цэг тавья гэж АНУ-ын эрх баригчид дуу нэгтэй мэдэгдэж байна. Зөвхөн энэ онд гэхэд 94 мянган хүн галт зэвсэгт өртөн амиа алдчихаад байхад галт зэвсэг эзэмших эрхийн тухай төдийлэн хүчтэй хөндөхгүй байсан америкчууд зургаа долоохон настай, ертөнцийг дөнгөж таньж мэдэж яваа бага сургуулийн жаалууд хүйтэн зэвсгийн бай болон аав ээжийгээ орхин одсоны дараа л сая нэг ухаарч сэхээрэв бололтой.
“Бид хүүхдүүдээ хамгаалах ёстой” хэмээн Ерөнхийлөгч Б.Обама уй гашууд автаад байгаа Коннектикут мужийн Ньютаун хотод үг хэлэхдээ онцлон тэмдэглэлээ. Тэрээр өөрийн засаг захиргаанд байгаа бүхий л эрх мэдлийг ашиглан галт зэвсэгт эзэмших эрхийн тухай хуулийг өөрчлүүлж, дахин ийм эмгэнэлт явдал үзэхгүй байхын төлөө ажиллана гэдгийг үр хүүхдээ алдсан эцэг эхийн өмнөл амлав.
Адам Ланза гэгч оюун санаа нь тогтворгүй 20 настай залуугийн гарт өнгөрсөн баасан гаригт 20 хүүхэд, зургаан эмэгтэй амь насаа алдсан нь галт зэвсгийг хэтэрхий чөлөөтэй эзэмшдэг АНУ-д гарсан ээлжит буун дуу. Үүнээс ч өмнө олныг цочроосон гэмт хэрэг өчнөөн гарч байсан. Зөвхөн 2012 онд 94388 хүн галт зэвсэг, бууны суманд өртөж амиа алдаад байгаагаас өнгөрсөн бямба гаригт гэхэд 190 хүн амь үрэгдсэн гэдэг мэдээ байна. Тэгвэл Австрали, Англи, Испани зэрэг оронд ийм тохиолдлоор жилдээ 330-60 хүн амь алддаг гэсэн тоо бий.
Олон нийтийн газар ямар ч шалтгаангүйгээр гал нээж, хүмүүсийг хороох хэрэг 2009 онд удаа дараалан гарах үед гэм зэмгүй 231 хүн ийм хэргийн золиос болсон юм. Гэтэл бүхэл бүтэн Германы цагдаагийн газрын ажилтнууд нэг жилийн дотор 95 удаа гал нээсэн байдаг бөгөөд түүний 49 нь анхааруулах дохио байжээ. Тэгвэл зарим мужид бүр 11 наснаас галт зэвсэгт эзэмших эрхтэй болдог Америкт нэг цагдаа хурд хэтрүүлсэн 19 настай залууг араас нь хөөж явахдаа 90 удаа буудсан байдаг.
Одоо АНУ-д 300 сая буу хэн нэгний хувийн эзэмшилд байдаг бөгөөд америкийн нийт эмэгтэйчүүдийн 10 хувь нь хувьдаа зэвсэгтэй гэсэн тоо бий.