АНУ-ын
Ерөнхийлөгч Б.Обама Сирийн босогчдыг тус улсыг олон улсад төлөөлөх
хууль ёсны бүрэн эрхтэй хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Үүнээс
өмнө Их Британи, Франц, Турк болон булангийн орнууд ийм алхам хийсэн
билээ. Үүгээр АНУ тэргүүтэй эдгээр улс Сирийн одоогийн эрх баригчид бус
харин босогчидтой албан ёсоор харилцаж, тэднийг улсынхаа эрх ашгийг
төлөөлж байна гэж үзнэ гэсэн үг.
Хоёр жил шахам үргэлжилж буй Сирийн
зөрчил мөргөлдөөний хөлд 40 мянган хүн амь үрэгдэж, бараг хагас сая хүн
хөрш орнууд руугаа дүрвэж дайжаад байгаа юм.
Б.Обама Сирийн
босогчдыг хүлээн зөвшөөрснөөр тэд ч бас хүлээх том хариуцлагатай болж
байгаа гэдгийг сануулсан байна. Тэд бослого хөдөлгөөн үр дүнтэй зохион
байгуулж, бүхий л талыг төлөөлөхүйц шийдвэр гаргаж, эмэгтэйчүүд болон
цөөнхийн эрх ашгийг хүндэтгэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Б.Обамагийн
энэхүү мэдэгдэл Сирийн талаарх олон улсын Гадаад хэргийн сайд нарын
уулзалтын өмнөхөн гарснаараа онцлог болж байна. Өнөөдөр Мороккод Сирийн
талаар олон улсын хурал болж, Гадаад хэргийн 70 гаруй сайд нар энэ
талаар хэлэлцэх юм.