Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далд шарх

-10 жилийн дотор АНУ-ын 500 мянган цэрэг сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болжээ-

АНУ-ын армийн тусгай мэргэжилтэн Этан МакКорд бол 2007 онд Багдадын гудамжинд хэт даврагсад нисдэг тэрэгнээс гал нээхэд хэргийн газар дээр байсан цөөн хэдэн гэрчийн нэг. Тэрээр нэг эрэгтэйн толгой тасарч, бас нэг залуугийн хөл хаа хол шидэгдсэн  байхыг олж  харжээ. Цааш бол харахын эцэсгүй, хүний  дотор эрхтэн талаар нэг тарсан байсан нь нүд халтирам. МакКорд энэ үед хүүхдийн уйлах чимээ сонссон байна. Ингээд хажуугийн нэг машины хаалгыг онгойлгоод харвал шархдаад айж мэгдсэн бяцхан охин цусанд будагдчихсан уйлж суужээ. Түүний хажууд бараг амьсгал хурааж байгаа эцэг нь охиноо аргадах гэж хөдөлж ядан буй дүр зургийг тэр харсан байна.  Яг энэ аймшигт дүр зургийг харах үед МакКордын толгойд Канзаст үлдсэн хоёр хүүхдийнх нь тухай бодол зурсхийн орж ирсэн гэдэг. Тэр үеэс хойш Этан МакКорд АНУ-ын армийн гуравдугаар фронтын хэдэн мянган цэрэг эрсийн нэгэн адил сэтгэцийн эмгэг өвчтөний нэг болсон юм.
Ирак, Афган гээд хоёр улсад дайн хийж буй АНУ-ын цэрэг арми лалын хэт даврагсадтай тэмцэж байх хооронд сэтгэл зүйч эмч нар цэргүүдийн тархинд үлдэж хоцорсон үзэгддэггүй шархыг анагаах гэж үйлээ үзэж байна. Энэ бол дайны халуун цэгт үзэж амссан сэтгэл зүйн хүнд дарамтаас үүдсэн сэтгэл мэдрэлийн өвчин юм.
Өнөөдөр АНУ-д нэг сарын дотор армийн 100 мянга гаруй албан хаагч сэтгэл зүйч эмчээс тусламж хүсч байна. 2006 онд энэ тоо 75 хувиар бага буюу сард 25 мянга орчим цэрэг, офицер сэтгэл зүйч дээр очдог байсан юм.

Сэтгэл зүйчдийн эрэлт хэрэгцээ армид ингэж огцом нэмэгдэж байхад тэдэнд туслах мэргэжилтнүүд харамсалтай нь цөөн байна. АНУ-ын арми 414 сэтгэл зүйчтэй. Есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш арми сэтгэл зүйчдийнхээ тоог 60 хувиар нэмсэн нь энэ юм. Гэвч тусламж хэрэгтэй хүн нэг бүрт хүрнэ гэвэл энэ тоо 20 хувиар илүү байх ёстой.  Пентагон өнгөрсөн сарын эцсээр гаргасан илтгэлдээ армид сэтгэл зүйч, эмч мэргэжилтнүүд дутагдалтай байгаагаас цэргүүдийн амиа хорлох явдлыг дорвитой бууруулж чадахгүй байна хэмээн дурджээ.
АНУ-ын армийн нэрээ нууцалсан нэгэн сэтгэл зүйч ярихдаа “Нэг өдрийн ажлынхаа дөрөвний нэг хувийг цаашид армид алба хаах ямар ч боломжгүй болсон хүмүүстэй ажиллаж өнгөрүүлдэг” гэсэн байна. Энэ нь Америкийн цэргүүдийн дунд түгээмэл тархсан сэтгэл мэдрэлийн өвчин  зүгээр нэг сэтгэл зүйн дарамт, түр зуурын стресс төдий биш, бүр хүнд  хэлбэртээ орсныг харуулж байгаа юм.  
2009 оны арваннэгдүгээр сард АНУ-ын цэргийн Форт Хүүд баазад сэтгэл зүйчээр ажилладаг Нидал Хасан 13 хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан.  Сэтгэл сэртхийлгэм энэ хэрэг АНУ-ын армид нэгэн асуулт тавихад хүргэсэн юм. Энэ бол Нидал Хасаныг сэжигтэй нөхөр гэдгийг мэдсээр байж ажиллуулсан нь АНУ-ын армид сэтгэл зүйч эмч нар дутагдаж байсан учраас ямар ч хамаагүй аргаар орон тоо бөглөх гэсэн хэрэг үү гэдэг асуулт байв.

Үнэндээ ч армийн сэтгэл зүйч эмч нар нөхөж ажиллах боловсон хүчин байхгүйгээс амрах завгүй ажиллаж, сүүлдээ өөрсдөө эмчилгээнд явах хүртлээ ядаргаанд орж байгаа гэнэ. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эмчилгээ хийх нэгдсэн төвүүдэд ажилладаг эмч, техникийн ажилтнууд гэхэд долоо хоногт ямар ч амралтын өдөргүйгээр, өдөр бүхэн 12 цаг ажилладаг байна.  Ингэж ажиллаж байхад ачааллаа дийлэхгүй байгаа нь Ирак, Афганд хийсэн дайн АНУ-д хэдэн тэрбум ам.долларын зарлага учруулж, хэдэн мянган хүний амь насыг хохироогоод зогсохгүй, дээр нь хэдэн мянган цэрэг эрсийг сэтгэл санаагаар нь үгүй хийж буйг харуулж байгаа юм.
Дайны халуун цэг рүү цэргүүдийг давтан явуулах нь тэдний сэтгэл зүйн өвчнийг бүр хүндрүүлдэг байна. Фронтод нэг удаа татагдсан 10 цэрэг тутмын нэг нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болоод ирдэг бол хоёр удаа татагдсан таван цэрэг тутмын нэг нь өвчилдөг аж. Тэгвэл гурван удаа тэргүүн шугамд байлдаж явсан гурван цэрэг тутмын нэг нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болдог байна. Ингээд бодвол өнгөрсөн 10 жилийн хугацаанд АНУ-ын армийн 500 мянган цэрэг  сэтгэл мэдрэлийн өвчтэй болоод иржээ.
Сэтгэл мэдрэлийн өвчнөөс гадна армийн эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа нэг зүйл бол тархины гэмтэл. Элдэв дэлбэрэлтээс үүдсэн тархины гэмтэл бэртэл нь гэмтлийн дараахь стрессийн эмгэгийг үүсгэж, улмаар  цэргүүд  амиа хорлоход нөлөөлж байгаа юм. АНУ-ын арми өнгөрсөн зургаан жилийн  турш цэргүүдийн амиа хорлох явдалтай тэмцэж байна. Улсын хэмжээнд зөвхөн цэргүүдийн тархины гэмтлийг эмчлэх 48 эмнэлэг байгуулжээ. Гэвч амиа хорлох явдал буурах биш харин ч нэмэгдсээр байна. Өнгөрсөн оны зургадугаар сард гэхэд 32 цэрэг амиа егүүтгэсэн нь армийн түүхэнд байгаагүй хамгийн муу мэдээ байв. Эдгээр хүний 22 нь дайны халуун цэгт тулалдаж явсан бол, 10 нь хоёроос дээш удаа фронтод татагдсан цэргүүд байж.  Фронтод олон удаа татагдах тусам цэргүүд сэтгэл мэдрэлийн өвчин болон гэмтлийн дараахь стрессийн эмгэгээр өвчлөх нь нэмэгдэж, амиа хорлох магадлал зургаа дахин өсдөг байна. Зөвхөн нэг сарын дотор 30 гаруй цэрэг амиа хорлож байгаа нь Афганы дайны халуун цэгт дайсны гарт амиа алдаж буй цэргүүдийн тоотой эн тэнцэхүйц байгаа юм.

Этан МакКорд дээрх явдлаас таван сарын дараа эх орондоо эргэж ирсэн ч шөнө бүр хар дарж зүүдэлдэг хэвээрээ л  байв. Түүгээр ч үл барам өөрийгөө зомби болсон мэтээр төсөөлдөг болсон гэнэ. Тэрээр сэтгэлзүйчид хандахад хэдэн эм бичиж өгч, оройдоо лаа асааж унтахыг зөвлөхөөс илүү тусалж чадахгүй байснаас өвчин нь бүр хүндэрч, нэг шөнө гэртээ том балиус барьж яваад эхнэрээ үхтэл нь айлгажээ. Маргааш нь түүнийг эхнэр нь хувийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт тушааснаар Этан МакКорд хар дарсан зүүд шиг аймшгаасаа бага ч болов салсан байна. Гэвч тэрээр дахин армид алба хаах сэтгэл зүйн чадавхигүй болсны дээр эхнэрээсээ ч салжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Jinhene hushignii tsaadh unen ni ene bna daa.
oorsdiin hiisen gaigaa odoo uurehees bisn
ñàéí ñàéõàí áîëæ ýäãýã ººðñäèé㺺 ñàéí õàìãààëæ áàéõã¿é áîë áîëîõã¿éì áàéø¿¿ Ñýòãýëç¿éí äàðõëàà ãýæ. Áóðõàí èâýýëäýý àâàã ºðøººã Áóðõàíäàà äààòãàÿ Àìåí ....
Хамгийн их уншсан