“Vogue” сэтгүүлийн эрхлэгч гэдгээрээ загварын ертөнцөд алдартай Анна Винтур АНУ-ын Их Британи дахь Элчин сайдаар томилогдож магадгүй сураг гараад байна. Б.Обамагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хагас сая ам.доллар босгож, их тус хүргэж байсан болохоор түүнийг Элчингээр сонгох магадлал өндөртэй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Загварын ертөнц дэх нөлөө, биеэ авч явах байдал зэргээрээ “Прада өмссөн чөтгөр” киноны амьдрал дээр бодит дүр гэлцдэг хатагтай Винтур өдгөө 63 настай, сүүлийн 20 жил “Vogue” сэтгүүлийг удирдаж байгаа юм. Хэдийгээр түүнийг олон улсын харилцаа тал дээр нэр хүндтэй хүн гэж хэлж болохгүй ч урлаг соёлын тал дээр хоёр улсыг хооронд нь холбох маш сайн гүүр байж чадна гэж үнэлж байна.
Анна Винтур өнгөрсөн зургадугаар сард жүжигчин Жессика Билийн гэрт Б.Обамад хандив цуглуулах хүлээн авалт зохион байгуулж байсан бол, наймдугаар сард кино магнат Харви Уэнштейний гэрт нэг хүний 35 мянган ам.долларын такстай оройн зоог хийж байсан юм. Үүнийхээ үр дүнд тэрээр Б.Обама том 10 хандивлагчийн нэг болж байв. Үүнийхээ шанд тэрээр Лондонд Элчин сайдаар очиж магадгүй боловч түүнд Мэттью Барзун хэмээх өрсөлдөгч бий. Тэрээр бас л Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр санхүүгийн албаны даргаар ажиллаж байж. Тэдний нар Лондонгоос гадна Парисын Элчин сайдад ч яригдаж байгаа аж. Ямартай ч эцсийн шийдвэр шинэ жилийн үеэр гарах бололтой.
АНУ-ын үе үеийн төрийн тэргүүнүүд дунд сонгуулийн кампанийхаа хандивлагчдыг Элчин сайдын суудлаар урамшуулах явдал түгээмэл байдаг. Тухайлбал, Лондонд одоо сууж буй Элчин сайд Луйс Сузман гэхэд Б.Обамагийн 2008 оны сонгуулийн кампанийн үеэр идэвхтэй хандивлагчдын нэг байсан банкир юм.