АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн сайд Тимоти Гейтнер нар бас гарч магадгүй байна. Төрийн нарийн бичгийн шинэ даргаар НҮБ-д АНУ-г төлөөлж байгаа Сюзан Райс яригдаж байгаа аж.
Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд болж магадгүй хүмүүсийн нэрсийн дунд Бүгд найрамдах намын гишүүн, сенатч асан Чак Хейгелийн нэр явж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн засаг захиргааны өндөр албаны эх сурвалж сэтгүүлчдэд мэдэгджээ. Эх сурвалжийн хэлснээр Хейгел энэ долоо хоногт Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм байна.
Пентагоны өнөөгийн тэргүүн Леон Панетта Калифорнид амьдарч байгаа гэр бүлдээ ойр байхын тулд албан тушаалаа өгөх бодолтой байгаагаа саявтар хэлж байсан юм. Панеттагийн оронд Батлан хамгаалахын сайд болж магадгүй хүмүүсийн дунд түүний орлогч Эштон Картер, өмнө нь орлогч сайд байсан Мишель Флорной, сенатч Жон Керри нар бас байгаа юм. Энэ бүх албан тушаалын хүмүүсийг ойрын хоёр долоо хоногт багтаан томилно гэж эх сурвалж хэлжээ.