Арванхоёрдугаар сарын 21-нд ертөнц мөхнө гээд л цуурцгаах боллоо. Ертөнцийн мөхлийн тухай өнөөдөр ч ярьж байгаа юм биш. Бүр эртнээс л зөн билэгчид, бөө, гэгээнтэн гээд ертөнц мөхнө хэмээн сурталдсаар ирж. Ийм цуурхал яриа гарах бүрийд зарим хүн бүр итгээд үхэлд бэлтгэж, өөрийн сайн дураар тэр мөхлөөс урьтан амиа егүүтгэх явдал хүртэл гардаг байжээ.
1900 онд Орост ийм нэг цуурхал дэгдэж “Улаан үхэл” гэдэг байгууллагын гишүүн хэдэн зуун хүн өөрсдийгөө шатааж байсна түүх бий. 1990-ээд оны эхээр “Цагаан ах дүүс” гэдэг сурталчид Апокалипстай дэлхий мөргөлдөнө гэцгээн хамаг эд хөрөнгөө зараад гэрээсээ явцгаасан тохиолдол бий.
Тэд дэлхийн мөхлийг юу гэж төсөөлөн ярьцгаадаг вэ.
1. Арав дахь гаригтай мөргөлдөнөМанай дэлхий ертөнц мөхөх шалтгаан нь хүн төрөлхтөн өөрөө биш, өөрөөр хэлбэл цөмийн дайн ч юм уу, аймшигт алан хядлага, түрэмгийлэл элдэв өвчин тахал гарахгүй гэнэ. Харин гаднын нөлөөллөөр буюу нарны аймгийн 10 дахь том гаригтай мөргөлдөнө гэж ярьцгаадаг. Энэ нь 4-5 мянган жилд нэг удаа манай дэлхийн дэргэдүүр явж өнгөрдөг, энэ бүрийд манай дэлхийд газар хөдлөл, үер, гал түймэр гардаг гэнэ. Хэрэв энэ үнэн бол үлэг гүрвэлүүд мөхсөн шиг хүн төрөлхтөн үгүй болж их мөстлөгийн үе шинээр эхэлнэ гэсэн үг.
2005 онд америкийн сансар судлалын НАСА төв үнэхээр 10 дахь гаригийг нээсэн л дээ. Гэхдээ энэ нь нэгдүгээрт маш жижигхэн, хоёрдугаарт өөрийнхөө тойруугаар л явдаг юм байна.
Гэхдээ манай дэлхий өөр гаригтай мөргөлдөнө гэдэг нь магадлал тун бага, ёстой зууны 0,3-1,0 хувьтай л үзэгдэл
2.Эртний сөнөсөн галт уул оргилно гэсэн таамаг
Энэ талаар яригчид Исландад 2010 оны хавар галт уул сэргэсний дараагаар л ийм яриа гаргасан. Үнэхээр эртний ямар нэгэн галт уул сэргэдэг юм гэхэд асар том үнс нурман үүл гарч цаг агаарт өөрчлөлт оруулж мэдэх л юм. Энэ нь нарны илчийг хааж, цөмийн өвөл болохыг үгүйсгэхгүй. Дэлхийн цаг уурын албаны тооцоогоор бол 30 мянган тонн үнс нурам гаргахуйц том дэлбэрэлт болоход л ийм үзэгдэл болохоос биш зүгээр нэг галт уул оргилоход дэлхийн сүйрлийн тухай ярих хэрэггүй гэнэ.
Гэтэл судлаачдын тодорхойлж байгаагаар бол ойрын жилүүдэд сэргэхээр, тэгэх тэгэхдээ дэлхийн сүйрэл дагуулахаар галт уул өнөөдөндөө байхгүй гэнэ.
Үүний магадлал зууны 2 хувь байна.
3.Харь гаригийнхны дайралт гэсэн цуу яриа
Ертөнцийн мөхлийн тухай цуурагчид сансрын өөр гаригаас ирэх дайралт гэдэг. Харь гаригийнхан манай дэлхийг эзлэхээр довтолно гэдэг зөгнөлт ном зохиол, кино өчнөөнөөрөө бий. Чухамдаа энэ нь зохиолч, найруулагчдын уран сэтгэмж болохоос биш магадлал тун бага. Өнөө хүртэл амьдралтай, харь гаригийнхан байдаг ямар ч гаригийг нээгээгүй байгаа. Тэгээд бас тэд бидэнд мэдэгдэхгүй алсад байгаа хэрнээ яагаад манай дэлхий рүү хүрч ирэх гээд байгаа юм гэсэн асуулт бас гарна.
4.Наран дээрх хүчтэй дэлбэрэлт гэдэг таамагНаран дээр хүчтэй дэлбэрэлт болж манай дэлхий рүү ирдэг илч нь нэмэгдэнэ гэдэг яриа ертөнцийн мөхлийн тухай яриа таамгийн 10 хувийг эзэлдэг. Үнэхээр ийм үзэгдэл болбол тэр дэлбэрэлт болсноос хойш 11 минутын дараа гэхэд манай дэлхий дээр амьд организм үлдэхгүй л дээ. Тэгээд ч озоны давхарга багассан болохоор тэр хурц гэрэл бүхий л соёл иргэншлийг нүд ирмэхийн зуур л үгүй хийнэ. Нарны өөрийн нь насжилт, түүний шатаж байгаа байдал, хэдэн сая жилийн туршид тогтвортой байсан зэргээс үзэхэд энэ таамаг бас л магадлал багатай. Эрдэмтдийн тооцоолсноор энэ гамшиг юутай ч энэ 2012 онд биш, магадгүй таван тэрбум жилийн дараа л тохионо гэнэ. Ер нь магадлал нь зууны 0,5 хувь.
5.Үхлийн шинэ организм гэдэг цуурхал
Шинэ төрлийн вирус тархаж хүн төрөлхтнийг мөхөөнө гэсэн зохиол, кино элбэг. Магадгүй энэ нь цус сорогчдыг төрүүлэн хүн төрөлхтөн өөрөө өөрсөддөө дайсагнах гэнэ. Гэхдээ энэ бас л магадлал тун бага, сайндаа л зууны таван хувь. Ямар нэгэн шинэ төрлийн вирус, халдвар гарах нь байлаа ч гэсэн орчин үеийн анагаах ухаан тэр дор нь арга хэмжээ авч урьдчилан сэргийлж чадаж байгаа шүү дээ.
Энэ цуурхлын бас нэг хувилбар нь шинэ төрлийн аймшигт организм бий болж амьд бүхнийг устгана гэдэг. Гэхдээ л үүний магадлал сайндаа л 10 хувь.
6.Газар дэлхий хуваагдах “онол”
Манай дэлхий дээр эх газрууд хуваагдан төлөвших явц ойролцоогоор 3,8 тэрбум жилийн өмнөөс эхэлсэн, тэгээд ч эцэс төгсгөлгүй зүйл. Эхлээд ганцхан тив болох Пангей байснаа хоёр тив болон хуваагдсан. Хойд тив нь аажмаар бас хоёр хуваагдаж Еврази, хойд америк болсон бол өмнөд Гондвана тив нь Африк, өмнөд Америк, Энэтхэг, Австрали, Антарктид болон хэсэг хэсэг болсон байна.
Тэгээд энэ хуваагдал нь 2012 онд тохионо гэж үү. Ингэвэл үнэхээр газар хөдлөл, цунами, үер гээд бусад олон гамшиг дагалдана л даа. Мэдээж өлсгөлөн, дайн самуун хүртэл болно. Гэхдээ ийм магадлал бас л тун бага, сайндаа л 0,5 хувь.
Тивүүдийн хуваагдал нь 400-600 сая жилд л нэг тохиодог гэнэ. Өнөөгийн тивүүд чинь 200-150 сая жилийн өмнө л бий болж төлөвшсөн гэдэг. Тэгэхээр манай хүн төрөлхтөнд наад зах нь 200-400 сая жилийн нөөц хугацаа байна.
Майяачуудад итгэх үү тэгээд...Ертөнцийн төгсгөлийн тухай энэ жилийн цуурхал майяачуудын тоололтой холбоотой гарсан юм. Майяачуудын тоолол дөрвөн үе дамжиж, тэд нь төгсөх бүртээ л үнэхээр гамшиг дагуулан соёл иргэншлийг устгаж байсан л даа. Гэхдээ бас бүрэн сүйрчихэж байгаагүй юм шүү. Хүмүүс үлдэж байж. Бид одоо тав дахь үеийн нь гараан дээр ирээд байгаа нь энэ. Хэлээд байгаа 12 дугаар сарын 21-нд нь Санчир, Брахсбадь, Ангараг, дэлхий гаригууд нэгэн шугаманд зэрэгцэнэ. Үүнийг л мөхөл болно гээд байгаа юм. Гэтэл ийм зэрэгцэл, эрхсийн парад чинь 18-20 жил болоод л нэг болдог болохоор өнгөрсөн зуунд манай дэлхий лавтай таван ч удаа мөхчихсөн байх нь шүү дээ.
Дэлхий дахиныг хамарсан таван асуудалХарин бид дэлхий, гариг ертөнцтэйгээ харьцах хандлагаа өөрчлөхгүй бол 100 жилийн дараа гэхэд манай дэлхий хүний үйл ажиллагаанаас болоод ёстой жинхнээрээ мөхнө. Энд дараах таван хүчин зүйлийг дурдаж болно.
а/ Цөмийн эрчим хүч. Цөмийн дайн юм уу, атомын цахилгаан станцуудад гарах осол зэргээс үүдэх цацраг идэвхит бодисын хордлого нь хүн төрөлхтний талыг / 3-3,5 тэрбум/ хөнөөж чадна.
б/ Хүн амын хэт өсөлт. Манай гарагийн хүн ам 10 тэрбумыг давахад цэвэр усны нөөц хүрэлцэхгүй болно.
в/ Байгал дэлхийн бохирдол. Хүрээлэн байгаа орчин улам бохирдож бүр гамшгийн хэмжээнд тулаад байна. Энэ нь аажмаар зүрх судасны өвчлөлийг улам ихэсгэж хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ шүү.
г/ Байгалийн нөөцийн хомсдол. Өнөөгийн хэрэглээгээр бол нефть гэхэд л ердөө 40-50 жилд хангалттай. Зэс, тугалга, цинк, мөнгө зэрэг өнгөт металл сайндаа 60-70, төмөр, ураны хүдэр 100 жил, нүүрс, хий 30-40 жилийн л нөөцтэй байна.
д/ Өлсгөлөн, халдварт өвчин. Өнөөдөр дэлхийн хүн амын долооны нэг болох тэр бум орчим хүн өлсгөлөнгийн байдалд байна. Халдварт өвчнөөр гэхэд л таван хүний нэг нь өвчлөөд байна шүү дээ.
Чухам үнэнийг хэлэхэд энэ бүхэн л хүн төрөлхтний мөхлийг улам ойртуулахаас биш гадны нөлөөллөөр манай дэлхий ертөнц мөхтөл ч хаа юм бэ.