Сүсэгтнүүдийн өгсөн хоол хүнсээр голоо зогоон амьдардаг Шри Ланкын лам нар сүүлийн үед нэлээн таргалж, үүнээс үүдэлтэй янз бүрийн өвчин тусах болжээ. Тэд өөрсдөө хоол хийж иддэггүй, хүмүүс юу өгнө түүнийг иддэг, хандивын мөнгөнөөс шалтгаалж гэдэс цатгалан хонох эсэх нь шалтгаалдаг учир ийм тогтворгүй хоолны дэглэмээс болж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх болжээ. Дээр нь, сүсэгтнүүд лам хуврагт аль сайн гэсэн хоолоо барих гээд өндөр холестролтой, эсвэл чанаргүй цагаан хоол бэлтгэж өгдөг нь тэдний ходоод гэдсийг өвчлүүлэх, улмаар таргалах, эсвэл тэжээлийн дутагдалд орох, диабетаар өвчлөх шалтгаан болж байгаа аж. Үүнд одоогийн лам нар эрт дээр үеийнх шиг даяанчилж бадарчилж явдаггүй, байнга нэг сүм хийддээ шавилан суугаад, биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөн хийдэггүйгээс хөдөлгөөний дутагдалд орсон нь ч нөлөөлдөг байна.
Тиймээс лам нарын эрүүл мэндэд тусгайлан анхаарч Шри-Ланкийн эрүүл мэндийн яамнаас эрүүл хоолны цэс гаргажээ. Уг цэс лам нарыг аль болох жимс, ногоо будаа их хэрэглэж, ус их ууж, буудайн төрлийн хүнснээс татгалзахыг уриалжээ. Гэвч лам нар үүнийг төдийлэн сайшаахгүй байгаа бөгөөд хувраг хүн сүсэгтний юу өгснийг л хэрэглэх нь зүйн хэрэг. Тэднээс илүү дутуу зүйл шаардах нь хувраг хүний ёсонд таарахгүй гэж Шри-Ланкийн нэртэй лам Маадулаве Собитха ярьжээ.