Палестиний удирдагч асан Яссир Арафатын шарилыг хөндөж гаргажээ. 2004 онд таалал төгссөн түүний үхлийн талаар янз бүрийн хардлага сэрдлэгийг эцэс болгож, үнэхээр олны ярьдагчлан радио идэвхит бодист хордуулан аминд нь хүрсэн үү үгүй юу гэдгийг нягтлан шалгахаар ийнхүү газрыг нь хөндсөн юм.
Палестинчууд их удирдагчаа амьсгал хурааснаас хойш өнгөрсөн найман жилийн хугацаанд түүний үхэлд Израилийг буруутгасаар ирсэн. Тиймээс хэрэв үнэхээр Я.Арафатын үхэлд гадны ямар нэгэн нөлөө байсныг тогтоовол дайн дэгдээхдээ тултал хоорондоо сөргөөцөлдөн тэмцдэг Израиль-Палестиний харилцаа улам дордох нь тодорхой юм.
Гэвч олны эргэлзээ таамгийг нэг тийш болгох нь зөв хэмээн гурван улсын хамтарсан шинжээчдийн баг гарч, экс удирдагчийн шарилыг шинжилж үзэхээр болсон. Шинжээчид мягмар гаригийн үүрээр Рамалла дахь Палестиний засаг захиргааны төв байранд байрладаг шоо хэлбэрийн бунханд очиж, ажлаа эхэлсэн байна. Франц, Швейцарь, Оросын мэргэжилтнүүдийн хамтарсан баг Я.Арафат гадны нөлөөтэйгөөр нас барсан хэмээн тогтоовол Палестиний тал Олон улсын эрүүгийн шүүхэд хандах төлөвлөгөөтэй байгаа аж. Гэвч НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн, тусгаар тогтносон бүрэн эрхэт улс л Гаагийн шүүхэд хандах эрхтэй байдаг учраас Палестиний хувьд энэ боломжгүй юм. Гэхдээ Францын прокурорын алба тусдаа хэрэг үүсгэн мөрдөн шалгах боломж байгаа аж.
Шинжээчдийн авсан дээжийг Москва, Женев, Парис дахь гурван лабораторид шинжилж, 3-4 сарын дараа хариу нь гарах юм байна.
Я.Арафатын эрүүл мэнд 2004 онд гэнэт муудсан бөгөөд түүнтэй ойр дотно байдаг эх сурвалжуудын ярьж буйгаар бараг ганц шөнийн дотор л ходоод нь өвдөж эхэлсэн гэлцдэг. Тэрээр гэнэт өдсөнөөсөө хойш гурван долоо хоногийн дараа Францын цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаад амьсгал хураасан билээ. Тухайн үед Францын эмч нар түүний хордсон эсэхийг шинжлээд “хордоогүй” хэмээн дүгнэсэн ч нас барсных нь дараа гэргийнх нь хүсэлтээр задлан шинжилгээ хийгээгүйн улмаас үхлийн шалтгааныг нарийн сайн тодорхойлж чадаагүй юм. Тиймээс энэ удаа бүх эргэлзээ маргааныг эцэслэх гэж шинжилгээ хийж буй боловч палестинчууд үүнийг тийм ч таатай хүлээн авахгүй байна. Учир нь, лалын шашны ёсоор шарил бунханыг хөндөхийг хориглодог учир олон олон хүн үүнийг эсэргүүцэж байгаа аж.