Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан болон эсэргүүцэгчдийн хооронд болж байгаа тэмцэл улс орныг хамарч эхэллээ. Нийслэл Каираас хойш 80 км-т оршдог Эль-Мухалле эль Кубре хотод хамгийн том мөргөлдөөн болж 400 орчим хүн шархдаж гэмтсэн байна. Хот бүхэлдээ “Нэгдүгээр сарын 25-ны хувьсгалд”-д автаж энд тэндгүй мөргөлдөөн болж оройдоо буудалцаан эхэлсэн байна. Хэн нэг нь шатахуун түгээх станц руу шатаагч шингэнтэй шил шидсэний улмаас их хэмжээний түймэр дэгджээ. Бууны суманд шархадсан 117 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Шөнө дөл болтол эргүүл ажиллаж хөдөлгөөнийг хориглосноор байдал арай намджээ. Суэцийн сувгийн гол хаалга болсон Порт-Саид хотод болсон мөргөлдөөний улмаас 50 гаруй хүн шархадсаны дотор 16 настай хүүгийн бие тун хүнд байгаа юм байна.
Нийслэл хотод Тахрирын талбайд хэдэн мянган хүн жагсан хувьсгалын дуу дуулцгааж байна.