Хятадуудыг барууны кофены соёлд урвуулах гэж 14 жил хичээсний эцэст Starbucks-ынхан өөрсдөө Хятадын соёлд уусах нь тэднийг өөртөө татах арга болохыг мэджээ. “Starbucks”-ын сүлжээ Хятад дахь салбарынхаа тоог 800 болгон тэлж, энэ хэрээр ажилчдынхаа тоог одоо байгаа 12 мянгаас 30 мянга болгон нэмэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ бүх “Starbucks”-ууд баруунд хэвшил болсон загвараасаа арай өөр, хятадуудын онцлог тохирсон байх гэнэ. Ерөнхийдөө баруунд түгсэн “Starbucks”-ын сүлжээ бяцхан киоск хэлбэрээр амжилттай ажилладаг, тэндээс хүмүүс кофе, сэндвичээ аваад ажилдаа орох замдаа идчихдэг. Гэтэл хятад үйлчлүүлэгчид тэгж хам хум цайлж ундлахыг төдийлэн таашаадаггүй, уужим саруул газар тааваараа тухлан сууж “Starbucks” уухыг илүүд үздэг байна. Тийм ч учраас тэдэнд зориулан томхон зай талбайтай байранд салбараа нээж, найзуудаараа суух, бизнесийн хамтрагчтайгаа яриа хэлэлцээр ч хийхэд тохирохоор тухтай болгон засах аж. Зөвхөн байр саваа өөрчлөөд зогсохгүй Хятадуудын онцлогт тохирсон улаан шоштой фраппучино хэмээх кофегоор үйлчилдэг болжээ. Хятадууд хэдий цай уудаг ард түмэн ч сүүлийн жилүүдэд кофены хэрэглээ нь нэлээд нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд кофены борлуулалт 20 хувиар өсч, 6,25 тэрбум юаньд хүрсэн байна. Тийм ч учраас “Starbucks”-ын хувьд Хятад хамгийн чухал зах зээлийн нэг болоод байгаа юм.