Израилийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак суудлаасаа огцрох болсноо зарлав. Хөрш Палестинтай үе үе зэвсэг зөрүүлж, улсынх нь нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед түүний огцрох болсон шалтгаан тун энгийн, ердөө л гэр бүлийнхэнтэйгээ илүү их цаг өнгөрүүлэхийн тулд албан тушаалаас татгалзаж байгаа гэнэ. Тэрээр ирэх нэгдүгээр сард ажлаа өгөх аж.
Одоогоор гал зогсоогоод байгаа Израиль-Палестиний хооронд болсон саяхны мөргөлдөөн найман өдөр үргэлжилж, 160 гаруй хүний аминд хүрсэн билээ. Ирэх оны нэгдүгээр сард Израильд парламентын сонгууль болно. Тус сонгуульд Эхуд Барак оролцохгүй, улс төрөөс ингээд гарч байна хэмээн Тел Авивт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Гурван хүүхдийн эцэг Эхуд Барак улс төрөөс холдож буй шалтгаанаа хувийн амьдралтай холбон тайлбарласан ч ажиглагчдын хувьд үүнийг Ерөнхий сайд Бенжамин Нетаняху Засгийн газраа шинэ хүмүүсээр бүрдүүлэх гэж байгаа хэрэг хэмээн үзэж байна. Эхуд Барак ч улс төр, эрх барих дээд түвшинд шинэ хүмүүс орж ирэх нь Израильд л тустай хэмээн мэдэгдсэн юм.