Энэтхэгийн Палгар хотод Шахин Дада хэмээх эмэгтэйг “Facebook” хуудсандаа бичсэн комментоос нь болж баривчилжээ. Тэрээр улстөрч Бол Такерэйгийн үхлийн дараа Мумбайг хаасныг шүүмжилсэн утгатай пост өөрийн хуудсандаа бичжээ. Гэтэл түүнийг, мөн түүний комментэд “like” дарсан найзыг нь мөн баривчилсан байна. Энэ явдалд Шахин Дада бүр шоконд орсноор барахгүй олон арван хүн, тэр дундаа Энэтхэгийн мэдээлэл харилцаа холбооны сайд гайхан цочирдсоноо мэдэгджээ. Хүний үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд хэтэрхий бүдүүлгээр халдсан энэ хэргийг шүүмжлэгчид олон байгаагаас баригдсан хоёрыг батлан даалтаар сулласан байна. Энэ хэргийн тухай мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Шахин Дадагийн авга эхийн эмнэлгийг үл мэдэгдэх этгээдүүд халдан сүйтгэж орхисныг цагдаагийнхан баривчилжээ. Тиймээс ердөө л нэг “Facebook”-т бичсэн комментоос бол гэр бүлээ аюулд учруулахыг хүсээхгүй Ш. Дада олон нийтээс хүлцэл өчжээ.
Гэвч энэ бүхэн шал утгагүй явдал гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэтхэгт сүүлийн үед энэ мэт олон нийтийн сүлжээ сайт, онлайн ертөнцөөр тарсан мэдээлэлд эмзгээр хандаж, хүний эрхэнд халдах явдал цөөнгүй гарч байна. Тухайлбал өнгөрсөн сард Рави Сринивасан хэмээх эрэгтэй Сангийн сайдынхаа хүүхдийг шүүмжилсэн мессеж Твиттерт бичсэнийхээ төлөө баривчлагдаж байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Баруун Бенгал мужийн захиргаа нэгэн багшийг найздаа явуулсан и-мэйлээс нь болж баривчилж байжээ. Тэр цахилгаан шууданд сайд Маматаг шоглосон зураг байсан аж.