Авлигын хэргээр албан тушаалаасаа зайлуулагдаад байгаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Анатолий Сердюковын дотнын нөхөр, итгэлт хүн “Славянка” компанийн ерөнхий захирал Александр Елькиныг өчигдөр Москва хотын Хамовничийн шүүхээс баривчилсан байна. Цэргийнхэнд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг энэ компанийн эзэн ердөө хоёрхон жилийн дотор долларын саятан болсон юм. Түүнийг баривчлахын тулд сөрөг тагнуулын алба, цэргийн мөрдөн байцаах алба хэдэн сарын нууц ажиллагаа явуулсан байна. Пүрэв гарагт мөрдөн байцаагчид “Славянка”-гийн албан байр, салбаруудыг нэгжиж, хэд хэдэн банкинд шалгалт хийж, Елькиний гэрийг ч бас нэгжжээ. Үнэхээр ч москвагийн нэг банкинд гэхэд л Елькиний туслах Юлия Ротанова өөрийн нэр дээр 4,6 сая доллар, 125 сая рублийг тус тусад нь хоёр хайрцагт хадгалсан байсан нь илэрчээ. Мөн швейцарын “Брегат” маркийн дөрвөн алтан цаг байсныг ч хуулийнхан илрүүлсэн байна. Тэр шөнө нь тус банкны хоёр ч ажилтныг дуудаж ирүүлэхэд тэд нь ноён Елькиний эрүүл мэндэд санаа тавих ёстой мэтээр л хандаж байсан. “Кассын ажилтнууд ноёнтны хөлсийг арчих гэж бүхэл бүтэн сагс салфеток цаас дуусгасан” гэж мөрдөн байцаагчдын нэг хэвлэлийнхэнд хэлжээ. Хууль сахиулагчид бас Елькиний хувийн хадгаламжинд 300 сая рубль байгааг илрүүлэн битүүмжилсэн байна.